Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВ-ын 25 тулгуур шон өнгөрсөн Ням гаригт /2023.06.25/ унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн нийт 100 орчим сум цахилгаангүй болоод буй. Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, хүчтэй шуурганы улмаас унасан гэж таамаглаж байгаа юм. Тус цахилгааны гэмтлийг шуурхай засварлахаар баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч 2-3 хоногийн дотор цахилгааныг бүрэн өгөх боломжгүй гэсэн юм.
Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан аймаг, сумд эхний хоногт мотор зэргээр нөөцөө хангаж байсан ч эмнэлэг болон нэн шаардлагатай хэсгүүдэд эрчим хүч дутагдаж, нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Тиймээс аймаг, сумдынхан хуралдаж маргаашийн дотор тогийг өгөхөөр ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн онцгой комисс өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, эрчим хүч тасарсны улмаас үүсэж байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч гурван тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа аж.
Тус аймгийн тухайд бүсийн оношилгоо эмчилгээний төвд 232 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд тав, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэхээр өөрийн нөөцдөө тулгуурлан 100квт үүсгэгч суурин генератор, зөөврийн жижиг 5 моторыг ажиллуулсанаар өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчийн 30 хувийг ханган ажиллаж байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн нэн яаралтай биш үйлчилгээг түр зогсоожээ.
Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсч байгаа учир усны даралт унах, орон сууцанд гурван давхраас дээш ус очихгүй байх нөхцөл байдал бий болсон байна. Усны нөөцийн эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд иргэд усны ачаалал үүсгэхгүй байхыг Онги ус сувгийн газраас анхааруулав.
Холбоотой мэдээ