Сурвалжлага: Ус зайлуулах шугамын 60-70 хувь нь ашиглалтаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ус зайлуулах шугамын 60-70 хувь нь ашиглалтаас гарчээ

Сурвалжлага: Ус зайлуулах шугамын 60-70 хувь нь ашиглалтаас гарчээ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь бороо орох бүрийд гудамж, талбайд үер бууж, явган зорчигч нь алхах боломжгүй болж, уртын харайлт хийхээс аргагүйд хүрдэг бол автомашинууд нь шалбааг туучдаг. Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугамыг хангалттай суурилуулаагүйгээс жилийн жилд улаанбаатарчууд усанд автдаг гэх шүүмжлэл ч өрнөдөг. Мөн бороо орох бүрийд түгжрэл ч үүсдэг болсон. Иймээс нийслэлчүүдийн шүдний өвчин болоод удаж байгаа ус зайлуулах шугамыг энэ жил хэдий хэмжээгээр шинээр тавихаар төлөвлөсөн, мөн ус зайлуулах суваг шуудуугаа цэвэрлэсэн эсэх зэрэг асуудлыг хөндөн энэхүү сурвалжлагыг бэлтгэв.

Эхлээд бид нийслэлд үер буудгаас иргэдэд ямар бэрхшээл тулгардаг, мөн хэрхэн шийдэх шаардлагатай талаар байр суурийг сонирхсон юм.

“УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ”

Иргэн З.Батчимэг:

-Манай гэр Яармагт байдаг. Улаанбаатар хотод бороо ороход “Хүннү молл”-ын урд хэсэг тэр чигтээ усанд автаж, хүндрэл учруулдаг. Нэг удаа би хичээлээсээ хоцрохгүйн тулд дэлгүүрээс хоёр ширхэг гялгар уут худалдаж аваад гуталдаа углаад усанд автсан зам гарч байсан. Заримдаа шалбаагаа туулаад нойтон гуталтай алхах ч үе гарна шүү дээ. Энэ асуудал зөвхөн надад биш хүн бүрд л тохиолддог.

Иргэн Ш.Одмаа:

-Хотын төвөөр шалбааг их тогтдог. Бороо орсон өдөр цагаан өнгөтэй хувцас өмсөх хэрэггүй. Гэрээсээ гараад алхахад л цагаан хувцсанд шавхай үсэрч, толбо тогтдог. Энэ тохиолдолд шавхай болсон хувцастай гадуур ажлаа амжуулах боломжгүй. Дэлгүүрээс шинэ хувцас худалдан авахаас аргагүй болно. Өмнө нь надад ийм зүйл тохиолдож байсан. Цалингаа хуримтлуулж, хавар өмсөх гайгүй ноолууран даашинз авсан юм. Бороо орсон өдөр замын хажуугаар алхаж явтал тогтоол усан дээгүүр жолооч автомашинтайгаа гарах үед шалбааг нь цацраад шинэхэн даашинзанд минь толбо үүсч, арилаагүй. Тэр өдөржингөө л бухимдалтай явсан.

Иргэн Б.Сувд-Эрдэнэ:

-Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугам бага гэдгийг Улаанбаатар хотод оршин суудаг хүн бүхэн мэдэх байх. Бороо орсны дараа гадуур гарах бол заавал 20-30 минутын өмнө гэрээс гарахгүй бол бас хар өнгийн хувцас өмсөхгүй бол тухайн өдрийн төлөвлөсөн ажил хоцрох магадлалтай.
Хөгжингүй орнуудыг анзаарвал, эдгээр асуудлаа шийдсэн байдаг. Энгийн, жижигхэн хэрнээ стресс үүсгэдэг асуудлаа шийдчихсэн байдаг болохоор иргэд нь зөвхөн ажилдаа ахиц гаргахад анхаарал хандуулна. Гэтэл манайд зун болохоор л шалбаагны асуудал үүсч, хэрүүл босч байна. Асуудлыг шийдэхгүй бол хэдэн зун шалбаагны хэрүүлтэй амьдрах вэ дээ.

Иргэн Ц.Тунгалаг:

-Би одоо 55 настай. Хүйтэн усанд хөлөө дүрчихвэл ян янгинадаг учраас бороо орсны дараа ус татартал хүлээх хэрэгтэй болдог. Бага насны хүүхэдтэйгээ авто машингүй явах бол үнэхээр хэцүү, шандас шаардсан л юм болдог доо /инээв/. Жил бүр нийслэлийн төсөвтөө тодорхой хөрөнгө суулгаад ус зайлуулах шугамыг нэмэгдүүлэх шаардлагатай.

"НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ЕРДӨӨ 20-30 ХУВЬ НЬ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ, АЧААЛАЛ НЬ ХЭТЭРЧИХСЭН"

Дараа нь бид Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас дараах тодруулгыг авсан юм.

-Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах хоолой түүний хүрэлцээ хэр байна вэ?

-Одоогоор борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийнэ хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс явган хүний болон авто машины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог. Мөн иргэдийн өдөр тутмын амьдралд асуудал үүсгэж байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн км ус зайлуулах шугам баригдвал үерт автдаггүй болох вэ?

-Мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор бид нэн шаардлагатай гэсэн таван хэсэгт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Зуслангийн зам хэсэг, Алтай хотхоны урд хэсэг, Дүнжингаравын эргэлттэй хэсэг, Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам, Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны байрны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэж байгаа. Цаашид төлөвлөсний дагуу 400 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж байгуулбал ус тогтох үерлэх зэрэг асуудал байхгүй болно.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж