"Вагнер"-ын дайчид цэргийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогынхоо үеэр ОХУ-ын армийн долоон нисэх онгоцыг буудаж унагасан гэж цэргийн блоггер мэдэгдлээ. Үүний улмаас нисэх хүчний 13 алба хаагч амь үрэгджээ. Зэвсэгт бослогын дараа Оросын өмнөд хэсгийн хөдөө тосгонд Агаарын цэргийн хүчний Илюшин-22 онгоцны сэг унасныг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Уг онгоцыг "Вагнер"-ын байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах систем буудаж унагасан гэж таамаглаж байна.
Мэдээллийг нийтэлсэн "Moscow Calling" телеграм хуудас нь 90 мянга орчим дагагчтай. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас онгоц осолдсон тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй.
"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин нас барсан цэргүүдийн ар гэрт 50 сая рублийн нөхөн төлбөр санал болгосон гэх мэдээлэл байна.
Дээрхээс гадна Оросын нисдэг тэрэг, онгоцуудыг "Вагнер"-ынхан устгасан гэх хэд хэдэн мэдээлэл гарсан. Тухайлбал, Воронеж мужийн Таловский дүүрэгт Ка-52 нисдэг тэрэг осолдсон бичлэг гарчээ. Уг нисдэг тэргийг мөн "Вагнер"-ын цэргүүд сөнөөсөн бөгөөд багийнхан нь амь үрэгдсэн гэж Оросын блоггер мэдээлэв. Мөн Оросын Ми-8МТПР-1 гэх ховор нисдэг тэргийг Воронеж мужийн Павловск тосгоны ойролцоо унагажээ. Ми-8 тээврийн нисдэг тэрэг, Ми-35 сөнөөгч онгоцыг мөн устгасан байна. "Вагнер"-ын арми Оросын нисдэг тэргүүдийг сөнөөхийн тулд Зөвлөлтийн үеийн газар-агаар ангиллын пуужингийн систем болох Стрела-10 агаарын довтолгооноос хамгаалах системээр зэвсэглэсэн байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ