Кремлийн Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Сергей Караганов "ОХУ Европт цөмийн цохилт өгөх ёстой" гэсэн нийтлэл гаргажээ.
Энэ нь түүний хоёр дахь нийтлэл болж байна. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Караганов "Profile" сэтгүүлд "Орос улс Европ руу урьдчилсан сэргийлэх цөмийн цохилт өгөх ёстой" гэсэн нийтлэл хэвлүүлжээ.
Хоёр дахь нийтлэлийг Кремлийн суртал ухуулгын гол цахим хуудас РИА Новости дээр нийтэлжээ. Нийтлэлийн гарчиг нь "Ямар ч сонголт байхгүй. Орос улс Европт цөмийн цохилт өгөх ёстой" гэсэн байжээ. Цаашилбал, нийтлэлийн гол санаа нь "Бид цөмийн зэвсэг хэзээ ч ашиглахгүй гэж найдаж байна. Гэхдээ улс оронд үхлийн аюултай нөхцөл байдал үүсэхээс бусад тохиолдолд ашиглахаас татгалзана гэдэг надад хөнгөн хуумгай санагдаж байна. Тиймээс Европын холбоонд урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх боломжийг авч үзэхийг Кремльд уриалж байна" гэсэн байсан.
Сергей Караганов нь түүхийн ухааны доктор бөгөөд улс төр судлаач юм. Мөн түүнийг ОХУ-ын Гадаад, Батлан хамгаалах бодлогын зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг гэдэг. Тус зөвлөл нь 2004 онд Путины тогтмол оролцдог Валдай клубыг үүсгэн байгуулалцжээ. Караганов зөвлөлийн хурлуудад байнга оролцдог. Мөн "Meduza" агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр Караганов нь Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын саналд нөлөөлж чадах хүн юм.
Цөмийн цохилтын тухай энэ заналхийлэл нь ердийн хоосон яриа биш байж магадгүйг сөрөг хүчний "Meduza" хэвлэл анхааруулав. Түүнчлэн Карагановын нийтлэлдээ ашигладаг үг хэллэг нь Путины хэлдэг үгстэй төстэй байдаг гэж бичжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ