SPEAK OUT: Ерөнхий сайд Хятадад хөрөнгө оруулагчидтай уулзана

SPEAK OUT: Ерөнхий сайд Хятадад хөрөнгө оруулагчидтай уулзана

SPEAK OUT: Ерөнхий сайд Хятадад хөрөнгө оруулагчидтай уулзана

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд 2023 оны долдугаар сарын 9, 10-нд Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулах юм. Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулганд ойролцоогоор 1.500 оролцогч оролцохоор төлөвлөж байна. Тиймээс тус чуулганаас гарах үр дүнгийн талаар эрх баригчид болон эдийн засагчдын байр суурийг онцлон хүргэж байна.


Ч.ХҮРЭЛБААТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХАТУУРХАХ ШААРДЛАГАГҮЙ

-Монголын эдийн засгийн форум ирэх сард болно. Энэхүү форумд “Рио Тинто”-ийн захирлууд ирнэ. Тэднийг дагаад хөрөнгө оруулалтын томоохон банкуудын төлөөлөл бүгд ирэх гэж байна. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-ийн шийдвэр гаргах эрх бүхий том албан тушаалтнууд бүгд энэ форумд оролцоно. “Рио Тинто”-той хамтран ажиллаж худалдаа хийх юмсан. “Оюутолгой” компанитай хамтарч бизнес хийе” гэсэн бодолтой хүмүүс ч бас ирнэ. Бид ОХУ, Хятад болон БНСУ-аас хөрөнгө оруулагчдыг урьж байгаа. Нэг ёсондоо, дотоодын бизнес эрхлэгчдэдээ боломж нээж өгөхийг зорьж байна. Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болох ёстой. “Оюутолгой” компанитай бид яриа хэлцэлд орж байгаа. Боловсруулах үйлдвэр барих тухай санамж бичиг “Рио Тинто”-той байгуулсныг ажил хэрэг болгомоор байна. Гангийн үйлдвэртэй болчих юмсан. Хил дээр тулаад очсон төмөр замуудаа цаад төмөр замтай холбомоор байна. Энэ асуудал гэрээ хэлцлийн түвшинд явж байгаа. Холболтын цэгээ тохирсон. БНХАУ-ын “Чайна энержи” корпорацитай ойлголцож тохиролцох асуудал бий. “Чайна энержи” буюу хуучнаар “Чайна шенхуа энержи” компанийн төмөр зам шүү дээ. Төмөр замын талаар Засгийн газрын түвшинд ярьж байна. Болохгүй бол УИХ-аар оруулна.Улстөрчид юм сайхан болж бүтээд ирэхээр “Гадаадын хөрөнгө оруулалт шиг хэрэггүй зүйл байхгүй. Өөрсдөө л хийх ёстой” гэдэг. Монголчууд хийж чадна. Гэхдээ удна. Харин бусад улс гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж байгаа учраас хурдан хөгжиж байна. Манайх яахав хөгжиж байгаа л даа. Гэхдээ Хойд Солонгос, Куба шиг маш багаар, удаан хөгжлийн замаар явна гэсэн үг. Алийг нь сонгох вэ гэдэг бол бидний хэрэг. Хөрөнгө оруулагчдад ихээхэн нааштай хандах ёстой. “Эрсдэлээ өөрсдөө гарган ажиллаж, ажлын байр бий болгоно” гэж байгаа хүмүүст хатуурхах шаардлага огт байхгүй. Тийм учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэлээд удаан буюу хоёр сарын туршид хэлэлцүүлэг хийж байна. Шүүхээр 16 жил явж байгаа хөрөнгө оруулагч байна. Бараг Гиннесийн номонд бичигдэхээр байгаа биз. Хөрөнгө оруулагчдыг дарамталж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ хүрээнд юу гэж ярьж байгаа вэ гэвэл, ирсэн гомдлуудтай улиралд нэг удаа танилцана. Хаанаас хэнээс ирсэн гомдол вэ, яагаад. Хууль нь болохгүй байна уу, төрийн албан хаагчид эрх мэдлээ хэтрүүлэв үү, аль эсвэл хөрөнгө оруулагчид өөрсдөө асуудал үүсгээд байна уу, энэ бүхэнтэй танилцаж шийдэл гаргана. Хөрөнгө оруулагчидтай холбоотой маргаан үүсвэл хэрхэн шийдэхийг хуулиар тодорхой болгож байгаа. Эдийн засаг, хөгжлийн яам гадаад худалдааг хариуцдаг. Экспортыг дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа зээл, мөнгө гуйсангүй. БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр ч зээл, мөнгө гуйхгүй.  Харин хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөнө. Манай нүүрсийг арай илүү авах талаар хүсэлт тавина. Ерөнхийдөө “Худалдааг нэмж, бидэнд байгаа боломжуудыг илүү гаргаж өгөөч” л гэж хүсч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахдаа хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнтэй уулзана. ГХЯ-аас ирүүлсэн мэдээгээр, Хятадын Худалдааны яам “Энэхүү арга хэмжээнд оролцож дэмжлэг үзүүл” гэдэг чиглэлийг харъяа газрууддаа өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний хөөцөлдөлгөө үр дүнгээ өгч байна.

 Ч.ХАШЧУЛУУН: Монгол 50-70 сая тонн нүүрс экспортолно гэж төсөөлж болохгүй

-Монголын эдийн засгийн форумыг С.Батболд ерөнхий сайдын үеэс хойш зохион байгуулж байгаа томоохон чуулган юм. Нэгдүгээрт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг босгох, эдийн засгийн хөгжлийн цаашдын асуудлыг хэлэлцэх зорилго агуулдаг. Энэ жилийн форумын онцлог гэвэл Монгол Улс ковид болоод ОХУ, Укрианы дайнаас үүдэн томоохон сорилтуудыг даван туулж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээнд ажиглагдаж байна. Хэдий тийм боловч багахан хэмжээний эдийн засгийн эерэг үзүүлэлтдээ ханаж болохгүй. Монгол Улсын эдийн засаг эхний улирлын байдлаар 7.9 хувь өссөн нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт боловч, цаашид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага бий. Үүний тулд зөвхөн уул уурхайн салбар төдийгүй уул уурхайн бус аж үйлдвэр, дэд бүтэц бүхий салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ удаагийн чуулганаар томоохон төслүүдээ бодитойгоор хэлэлцэх, танилцуулах, Засгийн газар болон хувийн хэвшил хамтраад яг юу хийж болох вэ гэдгээ бодитой хэлэлцэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь ярилцсан асуудлуудаа бодит байдал дээр хэрэгжүүлэх нь чухал байна. Түүнээс биш ерөнхий яриа, дүгнэлт, санал хэрэггүй гэж бодож байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол Улсын эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлт өндөр байсан боловч хоёрдугаар хагас жилд энэ өсөлтийн хурд тодорхой хэмжээнд саарна гэсэн хүлээлттэй байна. Учир нь өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт өндөр байсан. Уул уурхайн экспорт тодорхой хэмжээнд сэргэчихсэн байсан. Түүнтэй харьцуулахад сүүлийн хагас жилд түүнээс ч илүү өсөлт гаргана гэдэг хэцүү. Уул уурхайн өсөлт гэдэг бол зах зээлийн хязгаартай байдаг. Тиймээс бид өөрсдийн хүссэнээр 50-70 сая тонн нүүрс экспортлоно гэж ерөөсөө төсөөлж болохгүй. Учир нь БНХАУ-ын нүүрс импортлох багтаамж нь 70-80 сая тонн байдаг. Гэтэл БНХАУ-ын зах зээлд Монгол Улсаас гадна ОХУ, Индонез, Австрали зэрэг улс орнууд өрсөлдөж байна. Тийм учраас нүүрсний экспортод ганцаараа ноёлох боломжтой гэж төсөөлж болохгүй. Өрсөлдөөн бол нэлээд ширүүн байгаа. Тэгэхээр цаашид уул уурхайн экспортоо өндөр түвшинд хадгалж, аль болох аж үйлдвэрийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох нь эдийн засагт цаашид өсөлт авч ирэх цорын ганц зам юм.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО ОЙЛГОМЖГҮЙ БАЙДАГ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭДЭГ

-Олон талын оролцоотой томоохон эдийн засгийн чуулган өнөөдрийн цаг хугацаанд зохион байгуулагдах гэж байгаа нь олон талын ач холбогдолтой гэж харж байна. Учир нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн мөчлөг дээр явж байна. Тийм учраас Монгол Улсын эдийн засгийг сэргээхийн тулд цар тахал бидэнд ямар ул мөр үлдээсэн юм, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал одоо ямар байна, бид эдийн засагтаа сэргэлт авч ирэхийн тулд бодлогын түвшинд цогцоор нь ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг олон талын оролцоотойгоор тодорхойлох нь нэн чухал. Энэ агуулгаараа ач холбогдол өндөр. Хоёрдугаарт, Монгол Улсын засгийн газраас олон шинэ бодлогуудыг хэрэгжүүлэх гэж оролдож байна. Тийм учраас Засгийн газраас дэвшүүлсэн бодлогуудыг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг сэргээх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зайлшгүй шаардлага бий. Хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, яаж дэмжих вэ гэдгээ нийт оролцогчдын байр сууринд тулгуурлаж тодорхойлох нь зүйтэй. Бид олон олон чуулга уулзалт зохион байгуулдаг боловч чуулганаас үндэслэж гарсан дүгнэлт, зөвлөмжүүд, үзэл баримтлал нь юу байх, тэр нь бодит байдал дээр Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, эрх зүйн орчинд хэрхэн сууж, ямар бодит ажил хэрэг болох тал дээр харьцангуй учир дутагдалтай байдаг. Тиймээс тус чуулганыг сайн зохион байгуулахаас гадна чуулганы үр дүнг сайн болгохын тулд тэндээс гарсан санал, дүгнэлтүүд, олон талын үзэл баримтлалыг нэгтгэж Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл, хэрэгжүүлж байгаа бодлогуудад тодорхой хэмжээний засварууд оруулах ёстой. Энэ асуудалд гол анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчинг цогцоор нь харах хэрэгтэй. Нэгдүгээрт, тогтвортой хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдыг татах төрийн бодлого залгамж чанартай, хэрэгждэг, найдвартай байх нь нэн чухал байна. Өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулагчдын  Монгол Улсыг дүгнэж байгаа тодорхойлолт дотор “Татварын орчин, инфляц, валютын ханш тогтворгүй гэхээс илүүтэй Монгол Улсын бодлого ойлгомжгүй, тогтворгүй, байнга өөрчлөгддөг, анх амласандаа хүрдэггүй юм байна” гэх үгс хамгийн олон давтагддаг. Хамгийн нэгдүгээрт, бодлогын орчноо сайжруулсан цагт дараа дараагийн эдийн засгийн асуудлууд шийдэгдэх боломж бүрдэнэ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар бодлогын хүү өндөр, инфляц өссөн үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг уул уурхайгааас хамаарсан, тогтвортой орчин бүрдээгүй, уул уурхайгаас бусад салбаруудыг ерөнхийдөө дэмжих талаар ярьдаг боловч дэмжлэг, бодлого  нь тодорхой бус. Үүнээс хамаарч эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хувисамтгай, тогтворгүй, инфляц өндөр байгаа нь үнэн. Энэ бүхэн гэхдээ цаг зуурын асуудал. Хамгийн гол шаардлага бол бодлогын тогтвортой байдал. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа нь чухал алхам мөн.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 202.9.40.46

Хүрэлбаатар овоо ойлгомжтой ярьдаг болжээ. амандаа бувтнаад юу гээд байгааг нь ойлгохгүй хэцүү байсан. төрийн түшээд иргэдэд ойлгомжтой үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол хийж байгааг чинь ойлгохгүй, эсэргүүцээд байгаа юм!

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-06-27 103.212.117.33

Хотгор шанага Хужааа нарт хайтай болчиж

Avatar

Нэргүй 2023-06-27 103.57.92.239

СҮ. Батболд чинь хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа нэхсэн шүү

Avatar

Нэргүй 2023-06-27 202.9.47.20

Хурал чуулган хийж хоосон чалчихаас өөр хийсэн ажил байна уу, та нарт?

Avatar

иргэн 2023-06-27 66.181.189.115

Саяхан хятад мөнгө хэрэгггүй, хятадаас хөрөнгө оруулалт, зээл хуй авахгүй хэрэггүй хятадын барьцаанд орно нтр гэж BAO-гийн чуулга уулзалт дээр барууны сэтгүүлчид ярилцлага өгөөд явж байсан хүрэлбаатар өнөөдөр ерөнхий сайд хөрөнгө оруулалт, ажил хэрэгч уулзалт гээд яриад явж байхын! нэг амаар хоёр юм ярина гэдэг нь үү харийг харж хар гарийг харж шарваж байгаа нь юмуу? сайн ойлгохгүй л байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-06-27 103.229.121.137

Naad neg tolgoigui humuus chini hoid ezded ni taalagdahgui tusul orj ireheer ezdeesee tushaal avaad unagaad hayachihdag bolohoor togtvorgui sh dee,tegeed l hurungu oruulagchdiinhaa itgeliig alddag bugdiig ni husahgui bol iim yavdalzogsohgui bololtoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж