"Далайд гарцгүй ч Монгол экспортоо солонгоруулах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

"Далайд гарцгүй ч Монгол экспортоо солонгоруулах боломжтой"

"Далайд гарцгүй ч Монгол экспортоо солонгоруулах боломжтой"

Далайд гарцгүй бусад улс орнуудтай харьцуулахад Монголд давуу боломж байгаа эсэх, цаашид экспортоо нэмэгдүүлэх, солонгоруулах тал дээр хэрхэн анхаарах нь чухал болохыг "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023"-д оролцогчдоос тодрууллаа. 


Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023" чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Уулзалт нь мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран яаж хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх юм. Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, ногоон худалдааны чиг хандлага, хөгжил, инноваци, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн, санал солилцож, залуу бизнес эрхлэгчдийн дунд дэлхийн залуу эко-энтерпренерийг шалгаруулна. Монгол Улсын хөрш хоёр орноос томоохон бизнес эрхлэгчид ирэх тул тэдэнтэй уулзах өдөрлөгийг мөн зохион байгуулах аж.

МОНГОЛ УЛС ЭКСПОРТЫН БҮХИЙ Л ЦОНХ, ХААЛГАА НЭЭХЭД ЭНЭ ФОРУМ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.ТҮВДЭНДОРЖ:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн худалдааны төв болон Засгийн газар хамтран "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023"-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд 60 гаруй орноос 200 гаруй компанийн төлөөлөл болон дотоодын 200 орчим аж ахуй нэгж оролцож байна. Мөн Нэгдсэн Үндэсний байгууллага, өндөр дээд түвшний шийдвэр гаргах хүмүүс чуулж байгаа ач холбогдол ихтэй форум болж байгаа юм. Дэлхийн худалдааны төвөөс жил бүр энэхүү форумыг зохион байгуулдаг бөгөөд худалдаа, эдийн засаг чиглэлийн олон улсын асуудал, шийдлийг эрэлхийлдэг онцлогтой. Энэ жил анх удаа Монгол Улсад энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь Монгол Улс экспортоо хэрхэн дэмжих вэ, далайд гарцгүй ч Монголыг дэлхийд сурталчлан таниулах бренд бүтээгдэхүүн юу байгаа талаар олон улсын төлөөлөгчид, томоохон худалдан авагч болоод хөрөнгө оруулагчдаас санал сонсох, дэмжлэг авах боломж бүрдэж байна. Бид дотоодын бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, олон улсын төлөөлөгчдөөс туршлага судална гэдэг цаашид хэрэгжүүлэх бодлого, бусад арга хэмжээ, хөтөлбөрүүдэд нэн тустай.

Энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлж байгаа сэдвүүдээс хүлээж байгаа үр дүнгээс гэвэл Энэтхэг Монгол Улсаас арьс шир авах боломжийг судалж байгаа. Мөн Малайзаас боловсруулсан халал мах Монголоос импортлох боломж судалж ирсэн. Эдгээрээс гадна Алибаба компанийн төлөөллүүд ч ирээд байна. Олон улсын томоохон компанийн төлөөллүүд дотоодын аж ахуй нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлэг форумын хүрээнд зохион байгуулна.

Ингэснээр экспортыг нэмэгдүүлэх боломж төдийгүй эргээд компани, аж ахуй нэгжүүдийн хооронд харилцаа үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх сайн үр дүнгүүдийг нээж өгч байна. Монгол Улс экспортыг нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Гагцхүү ингэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, төмөр зам, авто замуудыг өргөтгөж олон сувгийг нээж өгч дэлхийн зах зээлд Монгол Улс бүхий л цонх, үүд хаалгаа нээх хэрэгцээ шаардлага үүсч байна. Энэ бүхэнд олон улсын экспортыг дэмжих форум чухал үүрэгтэй.

 

"ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ФОРУМ 2023"-Г МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭДЭГ УЛС ТӨРИЙН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.ОДБАЯР:

-Дэлхийн экспортын талаар хуралддаг томоохон хэмжээний форумыг Монголд зохион байгуулна гэдэг улс төрийн өндөр ач холбогдолтой. Монгол Улсыг гадаадын бусад улс оронд сурталчлан таниулахаас эхлээд экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, худалдааг хэрхэн хөнгөвчлөх зэрэг тал дээр бусад улс орон ямар бодлоготой байдаг, тэдний туршлага, алдаа, оноо юу байв гэдгийг мэдэж авах, туршлага солилцоход энэ платформ онцлог. Энэ удаагийн хурлын эхний өдрийн үр дүнгээс танилцуулбал, далайд гарцгүй орнуудын асуудлыг онцлон авч хэлэлцэж байна. Нэгдүгээрт, хурал нээгдэхээс нэг хоногийн өмнө далайд гарцгүй 32 орны төлөөллийг авч ирж, НҮБ, банк санхүүгийн байгууллага, хөгжлийн хамтын ажлын ажиллагааны байгууллагууд хуралдсан. Хоёрдугаарт, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын төлөөллийг хооронд нь уулзуулах тусгай уулзалт зохиож байна. Энэ нь зөвхөн шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудал, шийдлийг ярилцаж, бодлого боловсруулаад зогсохгүй хувийн хэвшлийнхэнд тус бодлого экспортыг дэмжихэд хэрхэн нөлөөлж, саад бэрхшээл учруулж байна гэдгийг хэлэлцэх юм.

Нийт форумын хувьд ач холбогдлыг авч үзвэл ногоон хөгжил, органик экспорт, эмэгтэйчүүдийг худалдаа, бизнест оролцоход дэмжих хөдөлмөрийн аюулгүй байдлын харилцааг энэ удаагийн хурлаар зохион байгуулахаар шийдсэн. Мөн залуучууд ба худалдааг авч үзэж байгаа.

Монгол гэлтгүй далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ихэнх хүн ам залуу байна. Тэгэхээр шинэ хувийн хэвшил болоод залуучуудыг эхнээс нь худалдаа, эдийн засгийн салбарт зөв зүйтэй мэдээлэлтэй, старт-ап буюу гарааны бизнесийг эхлүүлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа учраас форумаар чухалчилж авч үзэж байна. Хамгийн гол нь энэ бүх ажил маань ногоон төрөлжилт гэдэг уриан дор явж байна. Урьд нь бид олон улсын хэмжээнд худалдааг хөнгөвчлөх асуудал, бүс нутгийн интеграцилал, уур амьсгалын өөрчлөлт гээд ярьдаг байлаа. Гэтэл ногоон худалдаа, ногоон хөгжил, санхүүжилт, худалдааны төрөлжилт, солонгоруулалт гэдэг нь өөр маш чухал байна.

Тиймээс энэ удаагийн форумын гол онцлогоос харвал Монгол Улсын гадаад бодлого, Ерөнхийлөгчийн өрнүүлж байгаа үндэсний хөдөлгөөнүүд буюу "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" зэрэг нь гадаад бодлогод ногоон хөгжлийг чухалчилж авч үзэж байна.

Цаашид Монгол Улс уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах гурван том уриан дор "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023" чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа учир гадаад харилцаа талаас болон дотоодын эдийн засгийн нэмэгдүүлэх үүднээс онцгой ач холбогдолтой.

ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХУДАЛДААНЫ КОРИДОР БАЙГУУЛАХ ЧУХАЛ

Ази, Африкийн бизнес клубыг үүсгэн байгуулагч Б.ГАНТУЛГА:

-Форумаар асуудлыг зөвхөн ярьдаг биш гарц гаргалгаа,үр дүнг гаргах нь чухал. Далайд гарцгүй хөгжиж буй нийт 44 орны талаар өнөөдрийн хурал дээр ярилаа. Асуудлыг мэдээлж эхэлнэ гэдэг шийдлийг эрэлхийлж байгаа хэлбэр. Тиймээс нийт дөрөв хоног үргэлжлэх уг уулзалт хэлэлцүүлгээр нааштай олон шийдлүүд гарна гэж бодож байна. Нэгдсэн үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын сэргэн босолтын банк гээд далайд гарцгүй орнуудын экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих тал дээр анхаарна гэдгээ хэллээ.

Гол нь худалдааны коридор байгуулах. Далайд гарцгүй орнуудад худалдааны санхүүжилтээс гадна зам харилцаа дутагдалтай байгаа. Хэт өндөр зардалтай экспорт хийнэ гэдэг ашиггүй. Тэгэхээр худалдааны коридор бол маш чухал.

Олон улсын дөрөв хоног үргэлжлэх тус форумаар:

  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн яриа хэлэлцээ
  • Бүс нутгийн худалдааны холболт
  • Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт
  • Бизнес, худалдааны хөгжлийн асуудлаарх салбар дугуй ширээний уулзалтууд
  • Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн
  • Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрийн өдөр
  • Төрөлжүүлэх арга зам, бизнесийн жишээ
  • Залуучуудын бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Ногоон дижитал, хүртээмжтэй худалдаа
  • Дотоод инноваци ашиглан дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх
  • Эмэгтэй бизнес эрхлэгчид бүлгүүдийг холбох
  • Нүүдэлчин ахуйтай танилцах аялал
  • Үндэсний экспортын стратегийн семинар зэрэг болох юм.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж