Мянгатын тэтгэврийн төлөө улныхан “боолчлогдоно”

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Мянгатын тэтгэврийн төлөө улныхан “боолчлогдоно”

Мянгатын тэтгэврийн төлөө улныхан “боолчлогдоно”

Монголд улстөрчдийн өв залгамжилсан анги хэзээний бий болоод толгой дээр тонгочих болов. Ийнхүү хамгийг хамагч анги бий болсон бол хамгийн доод түвшингийн ангийг “улныхан” гэж хэзээний нэршжээ. Одоо малчдын анги бий болгохоор бодлогоор улайрч байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд энэ талаар тов тодорхой суулгасан бөгөөд эхний ээлжинд олонхоороо дэмжив. Энэхүү санааг дараах заалтаар баталгаажуулах юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл:

  • 21.23.Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.

Ийнхүү малчныг тэтгэвэрт гаргахын тулд танаас авсан татвараас зарцуулах нь. Нийгмийн даатгалын мэргэжилтний хэлснээр, Монголд 220 гаруй мянган нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөх малчид байна. Тэдний 25 хувь нь л НДШ төлдөг. Тиймээс дээрх заалтаар бусад 75 хувийг нь НДШ төлдөг болгохыг зорьж буй гэнэ. Үүнд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн зардал төлөх гэнэ.

Харин УИХ-ын даргын хэлснээр, “Нийгмийн даатгалын сангаас жилд тэтгэвэрт 4,1 их наядын зарлага гардаг. Түүний 774 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгө байдаг” аж.  Хуулийн төслийн танилцуулгад тусгаснаас үзвэл, энэхүү хуулийг сонгуулийн жилд хэрэгжүүлэхэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2 хувийг мөнгөжүүлэх зориулалтаар тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн татаас 291.6 тэрбум төгрөг, зарим иргэдийн шимтгэлийг улсын төсвөөс хариуцах 48.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцоолжээ.

Яагаад ч батлуулж болохгүй заалт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын төр малчдын нийгмийн даатгалын 50 хувийг таны татвараас төлөх нь шударга гэж үзсэн хэрэг. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл гээд ирээдүйд буцаан хүртэхээр төлж буй даатгал. Түүнээс биш татвар биш. Хандив бүр ч биш. Хүн өөрийнхөө чадал тэнхээ муудсан үед хэрэглэхээр цуглуулж буй хөрөнгө ч гэсэн болно. Гэтэл наймаачин, худалдаачин, засварчин гээд бүгд малчдын тэтгэврийг төлөхийн төлөө татвар өгөх нь. Бид олсон орлогынхоо 40 орчим хувийг татварт өгдөг нь төрийнхнийг ийнхүү дураараа дургих, бидний мөнгөөр биднийг ялгаварлах боломжийг олгоод байх шиг.

Ядуу, арчаагүй байвал яг энэ нийгэмд нь таарсан хүн гэж төрийнхөн тодорхойлох нь холгүй болсон бөгөөд нэгнийх нь халааснаас аваад өөрсдөө хамгийг нь авч, үлдсэнийг нөгөөд нь өгөхөд л бодлогоо чиглүүлж ирсэний балгаар өнөөдөр өөрсдөөс нь бусад нь ядуусын эгнээнд шилжжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна. Эндээс эрчүүд дунджаар 1,6 жил тэтгэвэр авдаг бол эмэгтэйчүүд 20,8 жил тэтгэвэр авдаг аж. Ийм байхад малчдын тэтгэврийн талыг нь даах тухай ярих нь сонгуулийн санал авах гэсэн шоу болохоос өөр юу ч биш.

Бид үүнийг нь хүлээн зөвшөөрвөл тэдний сонгуулийн сурталчилгааг орлогоосоо санхүүжүүлснээс огтоос ялгаагүй хэрэг болно.

Монголын хөдөлмөр эрхлэлтийн түвшин буюу хөдөлмөрийн насны 1,2 сая гаруй хүн байгаагаас 405.7 /34.8 хувь/ мянга нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад, 257.0 /22.1 хувь/ мянга нь өрхийн аж ахуйд, 198.7 /17.1 хувь/ мянга нь хувийн бизнес буюу хувь хүн, иргэнд, 161.1 /13.8 хувь/ мянга нь төсөвт байгууллагад, 62.1 /5.3 хувь/ мянга нь төрийн бус байгууллагад, 50.6 /4.3 хувь/ мянга нь төрийн өмчит аж ахуйн оролцоотой үйлдвэрийн газарт, 8.2 /0.7 хувь/ мянга нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байна.

Төрд болон төрийн өмчит, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдыг НДШ төлөх насны малчидтай нийлүүлбэл Монголын нийт ажиллах хүчний 50 орчим хувьтай дүйнэ. Тэгэхээр хөдөлмөрийн насны тал нь өөрийнхөө болон үлдсэн талынхаа төлөө бүхнийг нуруундаа үүрч байна гэсэн үг.

Ийм байхад малчдын тэтгэврийн даатгалын 50 хувийг нэмж гаргуулахаар болж байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид өөрсдөө илүү орлого олж буй иргэдээ байнга чичилсээр, дургүйцсээр ирсэн бол бодлого “аврах” нэрээр байнга золигт гаргах байв. Үүний жишээ нь, тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал. Энэхүү мэдээллийг эрх мэдэлд ойр хүрээллээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди олж аваад шийдвэр гарахаас ердөө сарын өмнө тэтгэврийн зээл авсан байдаг. Харин мэдээлэл тааруу, чих хатуу ч шударгаар өөрсдийгөө болгож явсан ахмадууд тэтгэврийн зээл аваагүйнхээ төлөө хохирсон. Энэ бол төрийн хайр хишиг биш. Харин татвар төлөгчдийн мөнгийг тонон дээрэмдэж буй хэрэг.

Өмнө нь, дундаж цалинтай нэгний ажил хийгээд хийгээд авч үзээгүй мөнгийг ажилгүй нэгэн зүгээр байсныхаа төлөө халамжаар олдог байсан бол ирээдүйд бас тэтгэвэр авдаг болох нь.

Энэ тэгээд шударга явдал уу?

Бас тэгээд тэгш байдал уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж