47 хоног үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал болж өндөрлөв. Улстөрч, тэдний хамаарал бүхий гээд олон этгээд холбогдсон дуулиантай шүүх хурал болов. Анх эхлэхдээ экс Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд МАН-ынхан, АН-ынхан гээд холбогдоогүй хүнгүй байсан Хөгжлийн банкны шүүх хурал эцэстээ цөөн хэдэн хүнээр “туг тахиад” дуусч байх шиг. Анхнаа нээлттэйгээр театрын тайзан дээр болсон тус шүүх хурлыг үзэгчид нь жинхэнэ жүжиг хэмээн нэрлэж байв.
Жүжиг эхлэхдээ сүр дуулиантайгаар эхэлсэн бөгөөд олонх нь өнөөдөр гэм буруугүй болж, хэргүүд нь хэрэгсэхгүй бол өнгөрсөн 47 өдрийн турш олон хүнийг Монголын шүүх, хуулийн байгууллага хэлмэгдүүлж байжээ гэмээр.
Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдсон хэрэг эцэстээ 32 хүнийг яллагдагч хэмээн гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцлоо. Өөрөөр хэлбэл, дийлэнх олонх нь гэм буруугүй байж. Харин дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, хохирлыг барагдуулах тав хоногийн хугацаа олгож, завсарлав. Цаашид гэм буруутай гэж үзсэн 32 хүнийг хэрхэн шийдэх бол. Бас л итгэл алдарч эхэлж байна. Магадгүй заримыг нь торгож, хялбаршуулсан журмаар шийдэж, өрөө төлснийг нь өршөөхийг үгүйсгэхгүй нь гэдгийг 47 хоног үргэлжилсэн шүүхийн шийдвэр харуулав.
Анх эхлэхдээ энэ шүүх хурлын эцсийн шийдвэр нь тодорхой байсан гэж улс төрийн хүрээнд ярьж байсныг сонссон хүн олон биз ээ. Хэдэн мэргэжилтэн, аж ахуй нэгжүүд буруутан бол эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд гээд бүгд л гэм буруугүй бол үлдлээ.
УИХ-ын дөрвөн ч гишүүн Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүх гурвыг нь гэм буруугүй, 1-ийг нь гэм буруутайд тооцов. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хувьд 33 тэрбумын зээл олгоход нэгэндээ нөлөөлсөн гэж шалгаж эхэлсэн ч нотлох баримтаар нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэдний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН шинэ залуу боловсон хүчнээр нэр дэвшигчдийнхээ CV “өнгөлж” залуучуудын саналыг татахын тулд Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хэд хэдэн залуучуудыг парламентад нэр дэвшүүлсэн байдаг. Шинэхэн гишүүд, залуу гишүүд гэдэг утгаараа ах нар нь гал атгуулж, үгэндээ оруулах гэж үзэж байсан нь ч бий. Бизнесийн салбараас улс төрд урвасан залуучуудын хувьд анхны парламент нь халгаатай, ах нар алганы амт мэдрүүлэв. Цаашид улс төрд орж ирэх гэж буй залуучуудад ч сануулга болсон биз ээ. Түүгээр зогсохгүй тэдний нэр хүндийг олон нийтийн дунд унагаж ч бас чадсаан.
Мөн хэрэг нь хэрэгсэхгүй болсон нэг гишүүн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Цагтаа Ерөнхий сайд, АН-ын дарга хийж явсан түүнийг Засгийн газрын тогтоол гаргасных нь төлөө яллах гэж эрх баригчид үзээд, эцэст нь шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгов.
Аз, ёоз нь дутсан уу эсвэл ар өврийн улс төр байсан ч эрх баригчид УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээрээ туг тахихаар шийдсэн бололтой. Түүнийг гэм буруутай гэсний цаана 2024 оны сонгууль угтсан тойрог суллалт байсантай маргах хүн гарахгүй гэхэд хилсдэхгүй. Магадгүй энэ удаад гэм буруутайд тооцож, тэр хариуцлага хүлээж буй нэрээр ирэх сонгуульд хүч үзэх байх тохироотойгоор эцэст тэр гэм буруугүй үлдэхийг ч үгүйсгэхгүй. Дээрээс нь хууль эргэж үйлчилдэггүй учир Ё.Баатарбилэгт хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх боломж нь, тохироо нь бийг онцлоё.
Үндсэндээ Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал улс төрийн хувьд олон хүн сануулга, олон хүний нэр хүндэд нөлөөлсөн, олон улстөрчийг дахин нэр дэвших эрхгүй болгож, зоригийг нь мохоосон, өрсөлдөгчдөө дарж авсан үйл явдал болов. Гэхдээ эцэс сүүлд нь олонхыг нь буруугүй гээд, буруутай ч торгож хялбаршуулсан журмаар шийдэж, олны итгэлийг олж авна гэдэг юу л бол… Ямартай ч эрх баригчдын эхлүүлсэн нээлттэй жүжгийн нэгдүгээр үзэгдэл дуусав. Харин хоёрдугаар үзэгдэл эхлэх мөчид Монголчууд найр наадам, ой хэсч явах биз. Тэр хооронд буруутай нь буруугүй болж, хариуцлага тооцсон баатар нь МАН болох вий…
Т.ОЧ
Холбоотой мэдээ