Монгол анх удаа хамгийн олон холбогдогч, оролцогчтой, олон хоног үргэлжилсэн шүүх хурал болж, гэм буруугийн шийдвэрээ гаргав. Хэдийгээр Хөгжлийн банкны гэх хэрэг анхнаасаа дуулиантай, улс төрийн “захиалгатай” эхэлсэн боловч их, бага хэмжээгээр үр дүнгээ өгөв. Гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс гомдолтой, шүүх шударга бус байгааг шүүмжилж байгаа бол гэм буруугүй нь тогтоогдсон хүмүүс Монголын шүүх шударга байсан талархлаа илэрхийлэв. Ийнхүү олон хоног олон холбогдогчтой, улстөрчид нь холбогдсон гээд олон “гуншин” дагуулсан шүүх хурлын эхний процесс дуусав.
Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон бөгөөд Эрүүгийн хэргийн шүүхээс 32 хүнийг яллагдагч хэмээн гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэв. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, хохирлыг барагдуулах тав хоногийн хугацаа олгож, завсарлав.
Ингэхдээ гэм буруутайд тооцогдсон үйлчлүүлэгчтэйгээ зөвшилцөх үүднээс зарим өмгөөлөгч маргааш хариуцлагын шүүхийн хурлыг үргэлжлүүлэхийг хүссэн бол прокуророос цаг завсарлаад үргэлжлүүлэх санал, хохирлыг барагдуулах 5 хоногийн завсарлага аваад ирэх Даваа гаригт хуралдааныг үргэлжлүүлэх саналыг мөн өмгөөлөгч гаргасан учраас Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр хурал түр завсарлалаа.
Ингэхдээ шүүх хуралдаан 47 хоног үргэлжилсэн бөгөөд олон нийтийн нүдэн дээр нээлттэйгээр үргэлжлэв. Шүүх хуралдаан эхэлсэн цагаас шууд дамжуулж, хэрэгт холбогдогчид, өмгөөлөгчдийн байр суурийг нээлттэйгээр хүргэсээр шүүх шийдвэрээ гаргав. Нэр хүнд муутай, шударга бус шүүх хэмээн улстөрчдөд “чичлүүлдэг” шүүх хэргийн процесс, шүүх хуралдааны явцыг олон нийтэд нээлттэйгээр явуулсан нь шинэлэг зүйл байлаа. Өмнө нь улстөрчидтэй холбоотой, Хөгжлийн банкны хэрэг шиг дуулиантай ийм хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаарх шийдвэр олон нийтэд ил тод болдог байсан бол энэ удаад шүүх хурлын эхлэлээс эхлээд нотлон баримтуудыг нэг бүрчлэн танилцуулах, гэрчийн мэдүүлэг бүрийг уншиж, яллагдагч бүрийн өмгөөлөгчийн үгийг сонсох зэргээр шүүхийн процесс ингэж олон нийтэд өрнөж байсан нь үгүй билээ. Мэдээж шүүхийн шийдвэрт гомдолтой, санал нийлэхгүй хүн олон бий. Гэхдээ шүүх нээлттэй байх ямар ач холбогдолтой, шүүхийн процесс олон нийтэд ил байх нь өөрөө шүүх шударга байхад олон нийтийн хяналтыг нэмэгдүүлсэн үйл явдал болов.
47 өдрийн турш Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлаас монголчууд илт давуу байдлаа хэн хэрхэн яаж ашигладаг, бусдад авлига яаж өгдөг, төрөөс зээл аваад түүгээрээ мөрийтэй тоглодог, танил тал, намаараа дамжуулан яаж төрд байгаа боломжуудыг авч чаддаг вэ гээд олон зүйлийг мэдэж, дор бүрнээ дүгнэлт хийсэн биз ээ. Яг түүн шиг шүүх ч бас цаашид олон нийтэд ил тод байж, улс төрөөс хамааралгүйгээр шударга шийдвэр гаргаж, олон нийтийн итгэлийг олж авах ёстойг ч харуулсан шүүх хурал байв.
Т.ОД
Холбоотой мэдээ