Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс зургадугаар сарын 19-23-нд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй ажээ.
Түүнчлэн эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 762 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан “Ж” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан, улмаар гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан байж болзошгүй, өндөр үнэтэй үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх.
- Тус газрын удирдах албан тушаалтнаар ажилладаг “Г” нь өндөр үнэтэй орон сууц, автомашин зэрэг эд хөрөнгүүдийг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;
- “П” нь “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаа “Г” нь бусдаас мөнгө авсан гэх;
- Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Яллагдагч “Б” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;
- “Б” нь Орхон аймгийн Жаргалант суманд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа мөнгө завшсан гэх;
- Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор 2015-2022 онуудад давхардсан тоогоор 19201 удаа хил нэвтэрсэн 9946 тээврийн хэрэгслийн мэдээллийг хил нэвтрэлтийн программаас устгаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хахууль авсан гэх;
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Ө” нь хахууль авсан гэх;
- “А” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан байж болзошгүй гэх;
- “С” нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгон, төсөвт хохирол учруулсан гэх;
- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх;
- “Б” нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “У” нь иргэнээс мөнгө авч залилсан байж болзошгүй гэх;
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдээс хахууль авсан гэх;
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “М” нь хөрөнгө завшиж, өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;
- “О” нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, бусдаас хясан боогдуулах замаар хахууль авсан, мөн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэх;
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын удирдах албан тушаалтан нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн “Б”-д давуу байдал бий болгосон, мөн өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтан “Б” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, ашиг олох, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх;
- “Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Зээлийн батлан даалтын сангийн удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан гэх хэргүүд аж.
Холбоотой мэдээ