Өмнөд Солонгос улсын төрөлтийн түвшин өнгөрсөн онд 0.78 болж, түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Хүн амын тогтвортой өсөлтийг хангахын тулд энэ тоо дор хаяж 2.1 байх ёстой. Гэтэл 2.1-ийн талд нь ч хүрэхгүйгээр үл барам Японоос хүртэл доогуур үнэлэгджээ. Японд төрөлтийн түвшин 1.3 байна.
Төрөлтийн асуудал хурцаар тавигдаж буй тул тус улсын засгийн газар эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэхийг дэмжихийн тулд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулж буй. Сүүлийн 16 жилийн хугацаанд тус улс үүнд 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл кафе, ресторан гэх мэт хүүхэд орохыг хориглосон газрын тоо улам олшрох болсон нь дээрх хүчин чармайлтаа үгүйсгэсэн хэрэг болж байна. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхдэд хориотой бүс маш алдартай болжээ. Тодруулбал, энэ нь насанд хүрэгчдэд саад тотгор учруулахааргүй, тайван орчинг бүрдүүлэх зорилготой.
Орон нутгийн судалгааны төвөөс мэдээлснээр зөвхөн Чежү арал дээр гэхэд л 80 орчим ийм бүс байдаг. Харин нутгийн бусад хэсэгт 400 гаруй бүс байна.
Төрөлтийн түвшингээс гадна Өмнөд Солонгос улс нь хөгшрөлтөөрөө ч толгой цохиж байна. Өндөр настнууд олонтой дэлхийн бусад орны нэгэн адил тэдэнд ч бас тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын асуудал нүүрлэсэн. Аажим аажмаар цөөрсөөр буй ажилчин ангийнхны татварын орлогоос тэтгэвэр болон эрүүл мэнд үйлчилгээ зэргийг санхүүжүүлэхэд улам хүндрэлтэй болж байна.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, засгийн газар мөнгөөр бүхнийг шийдэхийн оронд залууст хандах нийгмийн хандлагыг эхлээд өөрчлөх хэрэгтэй аж. Солонгос залууст үл хөдлөх хөрөнгийн үнэ, ажлын долоо хоног зэрэг эдийн засгийн түгшүүр маш их байдаг.
НИЙГЭМ ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ
Өмнөд Солонгосын иргэдийн дийлэнх нь хүүхэдгүй бүсийг дэмжиж байгаа нь санал асуулгаар тодорхой болжээ. Тиймээс нийгмийн сэтгэхүйг өөрчлөх тийм ч амар биш гэж үзэж байна. Гэхдээ сүүлийн үед залуусын үзэл бодол өөрчлөгдөж магадгүй зарим нэг шинж тэмдэг ажиглагдах болсон.
Тус улсын хууль тогтоогч Ён Хэ Ин хоёр настай хүүхэдтэй. Тэр Үндэсний ассамблейн хуралд хүүхдээ дагуулж ирсэн нь анхаарал татсан явдал болсон юм. Мэдээж энэ хуралд хүүхдээ авчрахыг зөвшөөрдөггүй. Тэр индэрийн өмнө хүүгээ тэвэрч зогсоод "Хүүхэдтэй өдөр тутмын амьдрал тийм амар биш. Манай нийгэм хүүхдүүдийг гадуурхдаггүй нийгэм болж дахин төрөх ёстой" гэж хэлжээ. Түүний хэлсэн үг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ цацагдсан. Ён Хэ Ин хүүгээ төрүүлснийхээ дараа нэгэн кафе руу орох гээд чадаагүй тухайгаа мөн ярьсан байна. "Би арчаагүй царайлж уйлсан. Нийгэм над шиг хүмүүсийг хүсэхгүй байгаа юм шиг санагдсан. Ажил хийдэг ээж нүгэлтэн мөн үү? Ажил хийдэг ээжүүдийг нүгэлтэн гэж хардаггүй нийгмийг бүтээхийн тулд би улс төр хийж байна" гэжээ.
Аялал жуулчлалын гол цэг Чежү арал дээрх хүүхдэд хориотой бүсүүдийг хориглох тухай анхны хуулийн төслийг тус улсын хууль тогтоогчид саяхан хэлэлцжээ. Хууль батлагдсан тохиолдолд энэ нь зөвхөн Чежү аралд л хамаарна. Яагаад гэвэл аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байдаг тус аралд насны хязгаарлалт тогтоох нь зочломтгой байдлын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. "Чежүд гэр бүлээрээ аялаж байгаа хүмүүс хүүхэд орж болохгүй гэдэг шалтгаанаас нь болоод зарим газарт очихоос дургүйлхдэг" гэж Өмнөд Солонгосын соёлын мэргэжилтэн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас энэ нь бизнесийн боломжоо алдаж буй хэрэг юм.
Зарим шүүмжлэгч хүүхэдгүй бүсийг Өмнөд Солонгосын үндсэн хуультай харшилж байна гэж үздэг. Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс 2017 онд хүүхдэд хориотой бүсүүд нь хүний эрхийг зөрчиж байна гэж дүгнэж, албан ёсны мэдэгдэл хийсэн. Ингэхдээ хүйс, шашин шүтлэг, нийгмийн статусаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон үндсэн хуулийн 11 дүгээр заалтыг эш татжээ. Мөн НҮБ-ын конвенцид “Хүүхдэд ямар ч үндэслэлээр шударга бус хандаж болохгүй” гэж заасан байдгийг дурджээ.
Чежү дэх итали ресторанд гурван хүүхэдтэйгээ үйлчлүүлэх гээд чадаагүй нэгэн аавын өргөдөлд үндэслэн Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс ийм мэдэгдэл, уриалга гаргасан аж.
Доорх зурагт Өмнөд Солонгос дахь хүүхдэд хориотой бүсүүдийг тэмдэглэжээ. Энэ нь зөвхөн хэрэглэгчдийн "Google Map" дээр тэмдэглэсэн газрууд юм. Тэмдэглэгдээгүй өөр газар ч бий.
ХАЛУУН ШӨЛНӨӨС НЭГ БОЛОВ
Өмнөд Солонгос улс хүүхдэд хориотой бүсийг хүлээн зөвшөөрөх болсон нь 2012 оноос эхтэй. Тодруулбал, тухайн үед нэгэн ресторанд үйлчлүүлж байсан хүүхэд халуун шөлөнд санамсаргүй түлэгдсэн хэрэг гарсан байна. Хүүхдийн ээж олон нийтийн сүлжээгээр ресторан руу дайрч, үймээн дэгдээж байв. Эхэндээ хүмүүс ээж, хүү хоёрыг өрөвдөж байсан ч сүүлд нь камерын бичлэг ил болсноор нөхцөл байдал өөрөөр эргэжээ.
Энд тэнд тойрон гүйж байгаа хүүхдээ болиулж, зан авирыг нь хазаарлаагүйд олон нийт ээжийг буруутгаж эхэлсэн байна. Энэ явдлын дараа олон нийтийн газарт бага насны хүүхдээ авч яваа эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой сэдэв олон жилийн турш хэлэлцүүлэг болон өрнөжээ. Явсаар явсаар 2014 он гэхэд хүүхдэд хориотой бүсийн тоо нэмэгдэж эхэлсэн.
"Hankook Research" байгууллага 2021 онд судалгаа хийхэд 10 насанд хүрэгч тутмын долоо нь хүүхдэд хориотой бүсийг дэмжиж байв. Дэмжсэн хүмүүс нь зөвхөн хүүхэдгүй хүмүүс байсан уу гэвэл үгүй. Өмнөд Солонгост амар амгалан, нам гүм байх эрхийг бүрнээ хүлээн зөвшөөрдөг тул хүүхэдтэй хүмүүс ч энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн аж.
"Би хүүхэдтэйгээ гадуур явахдаа хөмсөг зангидмаар нөхцөл байдал олон хардаг. Хүүхдээ хараа хяналтгүй орхиж бусдад хохирол учруулдаг эцэг эхчүүд хаа сайгүй. Тиймээс хүүхэдгүй бүс гэж яагаад байдгийг би ойлгодог" гэж хоёр настай хүүтэй Ли И-ранг ярьжээ. Хоёр хүүхдийн ээж Ли Жи Юн ч бас "Энэ шийдвэрийг бизнес эрхлэгчдэд өөрсдөд нь үлдээх хэрэгтэй. Хэрвээ эцэг эхэд нь таалагдахгүй бол хүүхэд орж болдог өөр газар хайх хэрэгтэй" гэж хэлэв.
Өмнөд Солонгос улсад ээжүүдийг үзэн ядах хандлага хэдийнэ бий болсон гэдгийг мөн зарим хүн хэлж байна. "Ээжийн алдаа" гэх нэршил нь зөвхөн хүүхдээ л гэдэг, бусдыг үл тоомсорлодог эхчүүдээс улбаалан үүсчээ.
ХОРИОТОЙ БҮСҮҮД
Нийгэм зөвхөн балчир хүүхдүүдээ гадуурхаж байна гэвэл өрөөсгөл болно. Тус улсад өсвөр насныхан, ахмад настан, дунд насныхан ороход хориотой бүсүүд ч бий. Тухайлбал, Сөүл хотын нэгэн ресторан 49-өөс дээш насны хүмүүсээс эелдгээр татгалзжээ. Учир нь тэр насны эрчүүд эмэгтэй ажилчдыг дарамталж магадгүй гэж тэд үзсэн байна. Мөн Чежү дэх нэгэн амралтын газар 40-өөс дээш насны хүмүүсийг хүлээж авахгүй гэдэг шийдвэрээрээ багагүй шуугиан тарьжээ. Цаашилбал, "репперүүдэд хориотой", "блоггеруудад хориотой", "профессоруудад хориотой" зэрэг бүс ч байна.
Гэхдээ дээрх газрууд нь ихэвчлэн ижил төстэй логик баримталж байна. Энэ нь бусад үйлчлүүлэгчид саад учрахаас урьдчилан сэргийлэх гэсэн ойлголт юм. Жишээлбэл, зарим блоггер урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ресторанд шууд очоод мукбанг шоугаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор "Youtuber"-үүдэд хориотой бүс нэлээн дэлгэрчээ.
20-30 насны солонгосчууд хувийн орон зай гэсэн ойлголтыг маш хүчтэй дэмждэг. Хүн ам зүйн асуудлаа шийдье гэвэл өөрөөсөө өөр хүнийг үл тэвчдэг хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэж мэргэжлийн хүн үзэж байна. Хууль санаачлах нь цорын ганц арга биш. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд нь музей, амьтны хүрээлэн гэх мэт газраар үйлчлүүлэхийн тулд урт дараалал үүсгэсэн байдаг гадаадын улс орнуудаас суралцах хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ