Титаник хөлгийн сэгийг судлахаар 250 мянган ам.долларын үнэтэй аялалд гарсан таван хүн тавуулаа нас барсан харамсалтай хэрэг саяхан гарсан билээ. Гэтэл энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө ядуурал, хүчирхийллээс зугтаж, шинэ амьдрал хайсан 500 хүн Газар дундын тэнгист живсэн хэрэг гарсан. Грекийн эргийн ойролцоо живсэн олон зуун хүнийг аврах боломж байсан хэдий ч Титаникийн аялалд гарсан таван хүнд илүү анхаарал хандуулсныг зарим хүн шүүмжилж байна. Дэлхий даяарх хүн зон ч ялгаагүй таван хүний хувь заяаг л дүрвэгсдийн аминаас илүүтэй сонирхжээ.
Титан шумбагч хөлөг Эргийн хамгаалалтаас холбоо тасарсны дараа олон улс орон болон хувийн хэвшлийнхэн аврах баг илгээсэн. Хөлгийн багт гурван чинээлэг бизнес эрхлэгч, нэг залуу хүү, нэг судлаач багтжээ.
Харин загас агнуурын завин дээр 750 орчим хүн явснаас 100 гаруй нь амьд үлдсэн. Тэдгээр нь Өмнөд Ази болон Ойрхи Дорнодоос Европыг зорьсон цагаачид байв.
“Human rights watch” байгууллагын албан тушаалтан хэлэхдээ “Бид зарим хүний амь нас яаж үнэлэгдэж, заримынх нь яаж үнэгүйдэж байгааг харлаа. Цагаачдад яаж хандаж буйг харахад бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар ярихгүй байх аргагүй. Титан хөлөг яагаад олны анхаарлыг татсаныг би ойлгож байна. Энэ бол хамгийн сэтгэл хөдөлгөм түүх бүхий алдартай хөлөг онгоцны сүйрэлтэй холбоотой. Тэднийг аврахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргасан нь буруу биш. Гэвч Газар дундын тэнгист живсэн хар бор хүмүүсийг аврахын тулд ямар ч хүчин чармайлт гаргаагүйг л би яриад байна. Европын орнууд тэднийг аврахаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэжээ.
Үндсэндээ дэлхий нийт аливаа гамшигт хариу үйлдэл үзүүлэхдээ арьс өнгөний үзэл гаргасаар л байгааг энэ үйл явдал харуулсан гэж үзэв.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн Пүрэв гаригт Афинд болсон форумын үеэр энэ талаар сэтгэгдлээ илэрхийлсэн. “Титан шумбагч онгоцны хэрэг живсэн 700 хүнээс илүү анхаарал татсан нь тэвчихийн аргагүй нөхцөл байдал” гэжээ.
Эх сурвалж: THE NEW YORK TIMES
Холбоотой мэдээ