Тэгвэл Оросын төрийн өмчит сургуулиудаас татгалзъя!

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Тэгвэл Оросын төрийн өмчит сургуулиудаас татгалзъя!

Тэгвэл Оросын төрийн өмчит сургуулиудаас татгалзъя!

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр гурав хоногийн завсарлага авсан МАН-ын бүлгийн хуралдаанаас англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасан шийдвэрээ танилцуулахдаа "Үндэсний хэлний дархлаа гэж бүх улсын боловсролын суурь хуульд байдаг жишиг, стандарт байдаг. Олон улсын жишиг, стандарт нь үндэсний хэлээ голлож, өөр улсын хоёр дахь хэл байна гэж хуульчилдаггүй. Боловсролын ерөнхий хуульд бус сургалтын хөтөлбөрт нь 3-р ангиас англи хэл орно, бусад хэлийг сонголтоор үзнэ гэдэг зохицуулалтыг нь мөрдөөд явах нь зүйтэй гэж үзсэн. Бүлгийн зүгээс боловсролын салбарын хүний нөөц, англи хэлний багш бэлтгэх асуудал дээр илүү их бодлого, шийдвэрээ Боловсролын хуульдаа оруулаад явах чиглэл өгч байгаа. Хуульд тусгахгүйгээр одоо байгаа хөтөлбөрт тусгагдсан зарчмаараа явах нь зөв” гэв. Ингээд англи хэлийг гуравдугаар ангиас нь заах үүнийг хуульчлах бус сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулахаар болж байна.

БСШУС-ын байнгын хорооны хуралдаан дээр англи хэлийг хоёр дахь хэл байна гэх заалтыг унагасан С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нарын яриад байгаа  “хар хайрцагны” бодлого нь  үндсэндээ нарийн царигтай төмөр зам баривал хятад цэрэг танк орж ирнэ гэсэн арван жилийн өмнө пропагандатай адилхан улс төр байлаа.

Нарийн царигтай төмөр замаар танк биш мөнгө орж ирэх байсныг 14 жилийн дараа 80 их наяд/ хамгийн багадаа/ төгрөгийн ашиг орлогоо алдаж байж, монголчууд ойлгож байна. Атал англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэж хуульчлахаас Ардын намынхан айсны төлөөс хэдэн арван жилээр Монголын хөгжилд хор хохирол дагуулахыг тооцох боломжгүй.  Учир нь, өргөн царигтай төмөр зам тавьсны үр дагавар өнөөдөр ч Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байна. Мухар замуудаа Хятадын төмөр замтай холбож, дэлхий зах зээлд гаргая гэвэл наад зах нь 300 сая ам.доллар шаардлагатай болохыг салбарын сайд С.Бямбацогт, хуулийн сайд Х.Нямбаатар хоёул хүлээн зөвшөөрөх болсон билээ.

МАН-ынхны ярьж, тайлбарлаж буйгаар монгол хүүхдүүд гуравдугаар ангиасаа англи хэл сурснаар Монголын дархлаа алдагдах юм гэсэн. Атал монголчууд эрдэм, боловсролтой байх тусмаа элдвийн гадаад, дотоодыг тархи угаалтад автахгүй.

Нөгөөтэйгүүр монгол хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл зааснаар үндэсний дархлаа алдагдах юм бол Монголд Оросын төрийн өмчит сургууль байгуулж, тэнд нэгдүгээр ангиас нь орос хэл зааснаар  манай үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлөх вэ. Адилхан л асуулт, адилхан л Монголын дархлаанд асуудал дагуулах биш үү?!

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнгөрсөн оны долдугаар сард Улаанбаатарт айлчлахдаа хэд, хэдэн асуудлаар Монголтой тохирсны нэг нь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцоод буцсан юм. Энэхүү тохиролцооны хүрээнд СХД-т Монгол-Оросын хамтарсан IV сургуулийг барихаар болсон нь оросуудад таалагдаагүй, Москвад суугаа манай элчин сайд Ө.Энхтүвшинг дуудаж загнасан гэх мэдээлэл зарим сайтуудад цацагдсан болсон нь хов жив төдий цуурхал биш биз.

Сүүлийн үед ОХУ-ын зүгээс цацаж буй мэдээ, мэдээллээс харахад Монголын хүүхэд, залуус руу чиглэсэн продагандаа явуулах нь нэмэгдсэн. Үндсэндээ, монгол хүүхдүүд англи хэлний мэдлэг эзэмшиж, дэлхийн боловсролтой хөл зэрэгцэн болсон нь оросуудад таалагдахгүй байгаа нь худлаа биш. Тиймээс Орос-Монголын төрийн өмчит сургууль байгуулах замаар монгол хүүхдүүдийн тархийг угаах гэсэн илэрхий зорилго тэдний үг, үйлдлээс харагдах болсон билээ.

Нийтлэлч Б.Баабарын жиргээнд бидний хамтарч ажилладаг улсад Оросын өмч байршиж байвал газар нь мөн Оросын хамаарал шилжинэ гэж С.Лавров хэлсэн тухай дурдсан нь бас “хүүрнэл зохиол” биш болох нь ойлгомжтой.

Үнэндээ Улаанбаатарт Монгол-Оросын хамтарсан сургууль барих нь алсдаа бас нэг том толгойны өвчин үүсгэнэ гэсэн үг. Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзонг чөлөөлөх гэж яалаа. Улсаараа “үймж”, ганц сургуулийн захирлыг солих асуудал яамнаасаа хэтрээд ЗГХЭГ-ын даргын төвшинд хүртэл яригдсан шүү дээ. Түүнчлэн ОХУ-ын Төрийн Думд Орос хэлээр ярьдаг хилийн чанад дахь бүх хүнийг “эх орон нэгтэн” буюу “нэг улсын, нэг нутгийн хүмүүс” гэж тооцох асуудал нэгэнтээ хөндөгдөж байсныг зэргээс дүгнэхэд Оросын төрийн өмчит сургуулиудаас Монгол Улс татгалзах ёстой. Төрийн өмч болгоны ард төрийн бодлого, эрх баригчдын пропаганда яригддаг, явагддаг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж