Вьетнам улсын иргэн 62 настай Хо Си Бэй өнгөрсөн Пүрэв гаригт гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнгийн хөрснөөс хатуу зүйл олсон нь дэлбэрч амжаагүй тэсрэх бөмбөг байжээ. Хо Си Бэй тэр даруй орон нутгийн албан тушаалтнуудад мэдэгдсэн байна. Түүний байшингийн ард Вьетнамын дайны үед цэргүүд нуугдаж байсан сүмийн балгас байдаг аж. Уг сүм нь тухайн үед АНУ-ын армийн дараалсан бөмбөгдөлтийн бай болж байсан.
"Заримдаа би өөр зүйл олдог. Дайны дараа би хаягдал цуглуулагчаар ажиллаж эхлээд олон төрлийн тэсрэх бодис олсон. 1975 онд 20 настай байхдаа метал илрүүлэгч ашиглаж тэсрэх бодис олоод зардаг байсан. 1979 онд бас нэг цогцос олж байсан" гэж тэр ярьлаа.
АНУ 20 жил үргэлжилсэн мөргөлдөөний үеэр нэг сая гаруй удаа тэсрэх бөмбөгтэй дайралт хийсэн. Тодруулбал, Вьетнам руу таван сая тонн орчим тэсрэх бөмбөг хаясан гэдэг. Эдгээрийн гуравны нэг орчим нь тухайн үедээ дэлбэрээгүй. Тиймээс АНУ-ын сүүлчийн цэрэг 1973 оны гуравдугаар сарын 29-нд Вьетнамыг орхин гарснаас хойш жил бүр хэдэн арван мянган тэсрэх бодис олдсоор байна. Тэсрэх бөмбөгүүдийн ихэнх нь хөрсөн доор лав биш өнгөцхөн далдлагдаж байрласан байдаг.
Нэгэн цагт Хойд болон Өмнөд Вьетнамын хооронд цэрэггүй бүсээр хуваагдаж байсан Куангтри мужид дайнаас хойш 3500 хүн тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алджээ. Хамгийн сүүлд 2022 онд нэгэн тариачин тариан талбайгаасаа тэсрэх бөмбөг олсон нь тэр даруй гар дээр нь дэлбэрсэн. Олон улсын байгууллагаас тооцоолсноор Куангтри мужийг тэсрэх бөмбөгөөс бүрэн цэвэрлэхэд 13 жил шаардагдах аж.
Их Британид төвтэй "Mines Advisory Group" төрийн бус байгууллага 1999 оноос хойш Вьетнамд ажиллаж байна. Тус байгууллагын 735 ажилтан өдөр бүр Вьетнамын газар нутгийг метал илрүүлэгчээр шалгадаг. Тэд газар нутгийг хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтад бэлэн болгохын тулд дэлбэрээгүй тэсрэх бөмбөг хайсаар байна. Өнгөрсөн онд л гэхэд тус байгууллага 14615 бөмбөг устгаж, 10 км/кв талбайг цэвэрлэжээ.
АНУ-ын хувьд 1993-2020 оны хооронд Вьетнамд 166 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ мөнгөөр тэсрэх бөмбөг цэвэрлэх, тэсрэх бөмбөгийн эрсдэлийн боловсролыг хүмүүст олгох зэрэг ажил хийжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дөрөвдүгээр сард Вьетнамд айлчлахдаа дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэх ажил үргэлжилсээр байгаа гэдгийг хэлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ