"Эрдэнэт үйлдвэр хоногт 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэр хоногт 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна"

"Эрдэнэт үйлдвэр хоногт 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна"

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.


Монгол Улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлэх үр нөлөө асар их. Тийм учраас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, зорилгодоо хүрэх нь маш чухал. Энэ жил хэчнээн тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна вэ. Эхний зургаан сарын байдлаар төлөвлөгөө ямар шаттай явж байна?

-Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөө цаг минутаар хэмжигдэж байдаг. Бид 2023 онд 33.6 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн. Энэ бол үйлдвэрийн түүхэнд түүхэн дээд үзүүлэлт болох зорилт юм. Нийт 33.6 сая тонн хүдэр боловсруулж, 129 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оны эхний зургаан сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд биелсэн байна. Долдугаар сарын нэгэнд эхний хагас жилийн дүнг нарийвчлан гаргана. Гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар бүх үзүүлэлт биелэх боломжтой байна. Хоёрдугаар хагас жилд нэгдүгээр хагас жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилт тавьсан. Үүний тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд цаг хугацаандаа хийгдэх учиртай. Хүнд даацын автомашинуудыг цаг хугацаанд нь худалдан авах асуудлууд бий. Мөн шинээр худалдаж авах машинаараа хийх ажлуудаа төлөвлөчихсөн учраас худалдан авах ажиллагаагаа цаг алдалгүй явуулах үүрэг хариуцлага оногдож байна.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 33.6 сая тонн хүдэр боловсруулахын тулд гурван төрлийн 12 экскаватор 24 цагийн турш ажиллаж байна. Экскаватороор олборлосон хүдрийг 37 ширхэг 130 тонны даацтай хүнд даацын автомашинаар үйлдвэр рүү зөөж тээвэрлэж байна.

Энэ хүчин чадлаараа ажиллахад оны төгсгөлд төлөвлөгөөгөө бүрэн гүйцэтгэхээр байна. Цаашид хүнд даацын зургаан автомашин нэмэлтээр авах хэрэгцээ шаардлага бий. Уг худалдан авалттай холбоотой тендерийг  хуулийн дагуу зарлаж, үнэлгээний хороод ажиллаж байна.

Мөнгөн дүнгээр тооцвол хоногт Эрдэнэт үйлдвэр хэчнээн төгрөгийн борлуулалт хийж байна. Үүнээс хэдэн хувь нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдаж байна?

-Хоногт 1600-1800 тонн баяжмал үйлдвэрлэж, 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж байна. Үүнээс тав орчим тэрбум төгрөгийг орон нутаг болоод улсын төсөвт төвлөрүүлж байна. Үлдсэн таван тэрбум төгрөгийг нь үйлдвэрлэлийн зардлаа нөхөж байна. Газрын доор байгаа хүдрийг газрын дээр гаргаж баяжмал, үнэт баялаг болгоно гэдэг бол тийм амар ажил биш.

Гэхдээ уурхайчин хамт олон энэ үүргээ хоногийн 24 цагийн турш тасралтгүй хийж  Монгол Улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ.

-Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхтэй. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн баялгийг айл өрх бүр хүртэх боломжийг өнгөрсөн хугацаанд хэрхэн хангаж ирэв?

Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа экспортод гаргаж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 45 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд түүхэнд тэмдэглэх олон дээд амжилт тогтоож, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, эх орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралыг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж, “Монгол Улсын Баатар” үйлдвэр болсон. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчин хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, нэгэн зорилгын төлөө эв нэгдэлтэй, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд улс, орон нутгийн төсөвт 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 654.9 тэрбум төгрөг, 2019 онд 961.7 тэрбум төгрөг, 2020 онд 1,005.5 тэрбум төгрөг, 2021 онд 1,186.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 2022 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр нь 100-с дээш хувиар биелүүлж, 33.6 сая тонн хүдэр боловсруулсан, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэнд тэмдэглэх өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газар covid19-ийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг давахаар нийт айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцах шийдвэр гаргасан.

Эрдэнэтийн уурхайчид улсын хэмжээнд 900 гаруй мянган өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн төлбөрт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийж, улс орныхоо өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн.  Ингэснээр экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өгөөжийг монгол айл, өрх бүр зарим аж ахуй нэгж байгууллага бүрт хүртээж, байгалийн баялаг ард түмэндээ хүрэх, Үндэсний баялгийн сантай болох эхлэлийг Эрдэнэтийн уурхайчид тавьсан.

-Уурхайн насжилтыг уртасгах зардлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

– Уурхай гүнзгийрэх тусам хүдэрт агуулагдах металын хэмжээ үргэлж буурч байдаг. Энэ бол  уурхайн уул геологийн зүй тогтол. Тиймээс эцсийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хангахын тулд боловсруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг цаашид хэдэн жил ажиллах нь уурхайн нөөц баялагийн хэмжээтэй шууд холбоотой. Бид үйлдвэрлэлээ явуулахаас гадна уурхайн нөөц баялагыг нэмэгдүүлэх ажлыг цаг алдахгүй үргэлж хийж байх ёстой. Эрдэнэтийн-Овоо ордын уулын олборлолтын ажлыг 1976 онд далайн түвшний 1606 метрээс анх эхэлж байсан бол одоо хамгийн доод түвшний олборлолт 1190 метрт хүрсэн байна. Эрдэнэтийн овоо ордын уул-геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч, 40 гаруй жил ашигласан уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдсээр байна. Уурхайн ашиглалтын явцад хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажил үе шаттайгаар тогтмол хийгдэж байна. Монгол Улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд 2016 оны нэгдүгээр сарын 01- ний байдлаар бүртгүүлсэн Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөцөөр Эрдэнэт үйлдвэр нь 40 орчим жил ажиллах боломжтой гэж үзэж байлаа.

2017-2021 онд Эрдэнэтийн-Овоо орд газрын геологи хайгуулын ажилд 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь эрс эрчимжүүлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр сарын 01- ний өдрийн байдлаар хүдрийн нөөцийг шинэчлэн олон улсын Жорк стандартаар 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг тогтоосон.

Энэхүү тогтоосон нөөц баялгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны арвандугаар сарын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулсан. Батлагдсан нөөцөөр Эрдэнэт үйлдвэр цаашид өнөөдрийн хүчин чадлаар 60-70 жил ажиллах боломжтой болсон юм.

-Техник технологийн хувьд шинэчлэл хийснээр үйлдвэрлэлийн үр өгөөж, шинэчлэлд ямар өөрчлалт авчирна гэж харж байна?

Өргөтгөл шинэчлэлийн төслийн хүрээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хүдэр боловсруулалтын өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацааны найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 4 дүгээр шугам барих, Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хам баяжуулалтын шинэ секц барих, Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам хоолойн бүтээн байгуулалт зэрэг олон ажлыг 2022 онд амжилттай дуусгаж, ашиглалтад хүлээн авлаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих ажлаа гүйцээн ашиглалтад хүлээн авна. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто зам бүхий дэд бүтцийг байгуулах, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр барих төслийн ажлаа эрчимжүүлнэ. Эрдэнэт үйлдвэр эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг бүрэн хэрэгжүүлснээр өртөг зардлаа бууруулж, ашиг орлогоо өсгөхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болно.

-Оюут ордын судалгаа шинжилгээний ажил ямар шатанд үргэлжилж байгаа вэ. Нөөцүүд илэрч байна уу?

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эрдэнэтийн стратегийн ордын нийт 99551.5 га талбайд ашигт малтмал хайх эрх бүхий зургаан тусгай зөвшөөрөл олгосон нь Эрдэнэтийн-Овоо ордын ойр орчимд хүдрийн нөөцийг өсгөх, Оюут зэрэг ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлж, шинээр орд нээх эхлэл тавигдсан. Өнгөрсөн хугацаанд Оюутын ордын геологи хайгуулын нарийвчилсан хайгуулыг хийх ажлыг эхлүүлсэн. Геологи хайгуулын урьдчилсан таамгаар Оюутын ордод хүдрийн нөөц байгааг тогтоосон байсан. Нарийвчилсан хайгуулаар хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим тууш метр өрөмдөөд гарсан дээжүүдээс шинжилгээ хийж үзэхэд нөөцүүд илэрсээр байна.

Ухдаг биш ургуулдаг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар олон жил ярьж байна. Эрдэнэт үйлдвэр энэ чиглэлд хэрхэн анхаарч байна?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр хамгийн түрүүнд нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.  Эрдэнэт үйлдвэр нь мод тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг буй болгохоор зорьж байна. Улмаар, 1000 тонны хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.  Салбарын үндэсний эрдэмтдийн оюуны үнэт өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үе шат бүртээ инновац шингэсэн ойн аж ахуйг буй болгож шилмүүст модны тарьцаар бүс нутгаа хангах, улсын хэмжээний байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх, стандартын үр, хөрсний хольцоор хангах гээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ШУА-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр 2031 он хүртэл 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж