Шведийн Стокгольм хот дахь "Grona Lund" паркад өчигдөр /2023.06.25/ галзуу хулгана замаасаа гарснаар нэг хүн нас барж, есөн хүн бэртжээ. Галзуу хулганын цуваа тэрэгнүүдийн нэг нь замаасаа гарах үед дотор нь байсан хүмүүс доош унасан. Унасан хүмүүсийн дунд хүүхдүүд байжээ. Аврах багийнхан галзуу хулганын бүхээг дотор гацсан зорчигчдыг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мөн паркийн үйл ажиллагааг долоо хоногоор түр зогсоогоод байна. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан, амь насанд аюул учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэжээ.
"Grona Lund" паркийн гүйцэтгэх захирал Ян Эриксоны мэдэгдсэнээр "Галзуу хулганын урд хэсэг замаасаа гарч, 6-8 метрийн өндөрт зогссон. Нийт 14 хүн сууж явсаны гурав нь хүүхэд. Есөн хүн эмнэлэгт хүргэгдсэний нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа" аж.
Харин паркийн хэвлэлийн төлөөлөгч энэ хэргийг сайтар шалгах хэрэгтэй гэв. "Аюулгүй байдал бол бидний хувьд хамгийн чухал зүйл. Хэрэв бид аюулгүй гэдэг итгэлгүй байсан бол хэзээ ч ийм үйлчилгээ нээхгүй. Тиймээс үүнийг сайтар шалгах хэрэгтэй" гэж хэвлэлийн төлөөлөгч Анника Троселиус хэлэв.
800 орчим метр урт замтай "Jetline" галзуу хулгана 1988 онд анх ашиглалтад орж, 2000 онд шинэчлэгдсэн байна. Өндөр нь ойролцоогоор 30 метр бол дээд хурд нь 90 км/цаг аж. Харин "Grona Lund" парк нь 1883 онд нээгдсэн бөгөөд Шведийн хамгийн хуучны парк юм.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ