Оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг амралтын өдөр гарсан байна. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас энэ талаар тодруулахад "Бид зөвхөн байраар хангадаг. Оюутан цэргийн сургалтыг хөтөлбөрийн дагуу тусгай хүмүүс зохион байгуулдаг учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Харин Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 23-ны 00:40 цагт “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” ухаан алдсан байсан.
Тодруулбал, тухайн цэрэг зургадугаар сарын 22-ны 10:30 цагийн үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч зургаан км-ийн газар гүйх үед 1.2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгсөн учир салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна. Энэ үед амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн ч тухайн өдрийн 18:00 цагийн үед амь насаа алдсан.
Хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэлээ.
Холбоотой мэдээ