УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн (2023.06.26) хуралдаанаараа Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) –өөс “Боловсролын ерөнхий хуульд тухайлсан хэлийг үндсэн гадаад хэл байна гэж заах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг талтай” гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд “дээрх заалтыг гишүүдийн олонхийн саналаар хассан. Харин уг төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,УИХ –ын гишүүн Г.Дамдинням “Ардын хүүхдийн англи хэл үзэх боломжийг үгүй хийж болохгүй” гэдэг байр суурь илэрхийлсээр буй.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дээрх асуудал дээр хоёр өөр зөрүүтэй байр суурь барьж буй тул ойлголтыг нэгтгэх шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гурав хоногийн завсарлага авсан. Иймээс эл асуудлыг бүлэг хэлэлцэн, нэг талдаа гарах юм. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах уу, эсвэл татгалзах уу гэдэг нь өнөөдрийн бүлгийн хуралдаанаас эцэслэгдэнэ гэсэн үг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын хуулийн ач холбогдлыг зүгээр англи хэлний хэрүүл болгоод хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгож болохгүй.
Энэ хуулиар санхүүгийн тогтолцоо шинэчлэгдэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоонд шилжүүлж байгаа юм. Боловсролын чанарыг ийм түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээний тогтолцоог халж байгаа юм. Багшаа бэлддэг, багш төгсөж очоод ажлын байрандаа тасралтгүй хөгждөг, сайн багш өндөр цалин авдаг, нийгмийн баталгаагаар хангагддаг тогтолцоогоор шинэчилж байгаа юм.
Хөтөлбөр хоцорсон уу хоцорсон. Цаашдаа шинэ Засгийн газар гарч ирээд, шинэ сайд томилогдож ирээд хөтөлбөрийг шинэчилдэг биш хөтөлбөр хамгийн багадаа 10-12 жил тогтвортой хэрэгждэг болъё гэдэг энэ эрхзүйн баталгааг энэ хуулиар хийж өгч байгаа юм.
Хот, хөөдөгийн ялгаа, төрийн болон хувийн сургуулиудын ялгааг арилгаж, хүүхэд хаана сурч, хаана амьдарч байгаагаас үл хамаарч Монголын хамгийн сайн багшаар хичээл заалгах энэ боломжийг цахим шилжилтээр олгож өгч байгаа юм. Ийм таван том шинэчлэлийг хийх гэж байхад хоёр намын бүлэг ээлжилж завсарлага аваад байж болохгүй.
Энэ хууль бүтэн хоёр жил УИХ дээр байж байна. Үнэхээр л хүүхэд бүрд тэгш боломж олгох гэж байгаа юм бол, үнэхээр хүүхэд бүрд англи хэлийг бага наснаас нь чанартай мэдлэг олгох гэж байгаа юм бол энэ хуулийг нэг хоногийн өмнө ч гэсэн баталж өгөх нь Монголын ард түмэнд ач тустай, Монголын ирээдүйд ач тустай.
Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд нь хуулиа бүтэн уншихгүй байж, зарим нь нэгдүгээр ангиас англи хэл заахаар боллоо гээд, зарим нь гуравдугаар ангиас англи заахаа болилоо гэдэг ийм хувийн аминчхан улстөрийн тоглолт хийж болохгүй. Хэзээ байхдаа ямар хуулинд аль ангиас аль хичээлийг хэдэн цагаас заана гэдэг ямар хууль байсан юм бэ.
Бид үндэсний хөтөлбөр дээрээ Мэдээллийн технологи, Англи хэлийг Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас дэлхийн шилдэг платформоор заана аа гээд цагаан дээр хараар заагаад өгчихсөн явж байна. Лоозон чухал юм уу, тунхаглал чухал юм уу. Өнөөдөр хүүхэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хөтөлбөрөөр англи хэл, математик, байгалийн ухааны хичээлийг үзэх боломжуудыг олгох нь чухал уу. Одоо үнээс цааш Боловсролын ерөнхий хуулийг УИХ дээр хоцроож болохгүй” гэдэг байр суурь илэрхийлээд буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ