Устөрөгчөөр ажилладаг шинэ тийрэлтэт онгоцны загвар нь хэт авианы нислэгийн шинэ эрин үеийг эхлүүлж магадгүй. Хэт авианы нислэгээр дэлхийн аль ч хэсэг рүү хэдхэн цагийн дотор хүрэх боломжтой юм. Энэ чиглэлд амжилттай туршилт хийсэн компаниуд бий. Тухайлбал, Англи, Францын инженерүүдийн хамтран зохион бүтээсэн Конкорд онгоц Атлантын далайг 3.5 цагийн дотор гаталж, 2100 км/цаг хурдтай нисчээ. Харин Швейцарийн старт-ап компани Парисаас Нью-Йорк хүртэлх аяллын цагийг 8-1.5 болгож бууруулахаар зорьж байна.
Тэгвэл Дестинус компани дуунаас тав дахин хурдан, 33 км-ээс дээш өндөрт нисч чадах, устөрөгчөөр ажилладаг, анхны арилжааны онгоцыг бүтээхээр зорьжээ. Тус компани Испанийн Шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрт оролцохоо дөрөвдүгээр сард зарласан. Энэхүү хөтөлбөр нь Испанийн засгийн газрын устөрөгчөөр ажилладаг дуунаас хурдан нислэгийг хөгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Устөрөгчийн шаталтын гол бүтээгдэхүүн нь дулаан, ус учир ногоон шинж чанартайд тооцогдоно. Тиймээс Дестинус компани хүмүүсийг устөрөгчөөр ажилладаг онгоц ашиглан аюулгүйгээр, ямар ч хорт утаа ялгаруулахгүйгээр, хэт авианы хурдтайгаар нисгэхийг хичээж байна. Ингэснээр ирээдүйд арилжааны агаарын тээврийн компаниуд Парис-Нью-Йоркийн хооронд ойролцоогоор 90 минутын дотор нисэх боломжтой болно. Мөн Франкфуртаас Сидней хүрэхэд 20 цаг биш ердөө дөрвөн цаг 15 минут зарцуулна. Франкфуртаас Шанхай руу нисэхэд одоогийнхоос найман цагаар богино буюу хоёр цаг 45 минут зарцуулна гэсэн тооцооллуудыг гаргажээ.
Эх сурвалж: EURONEWS