Пригожиний цахим хаягууд чимээгүй байна
"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожиний цахим хаягууд өчигдөр оройноос хойш ер бусын чимээгүй байгааг "BBC" агентлаг мэдээлэв. Түүнчлэн "Вагнер" групптэй холбоотой телеграм хаягууд ч янз бүрийн тайлбар, сураггүй байна.
"Вагнер"-тай холбоотой гэгддэг "Gray Zone" телеграм хаяг өнөө өглөө нэгэн нийтлэл оруулсан нь "Бүх зүйл шийдэгдлээ. Бараг л. Миний цуст, согтуу улс орон минь. Та намайг яачих нь энэ вэ?" гэж шүлэглэн бичсэн байжээ. Энэ хаяг нь 500 мянга гаруй дагагчтай.
Олон улсын удирдагчид Оросын талаар хэлэлцэж байна
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нар өчигдөр /2023.06.24/ ОХУ дахь нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Орост болж буй үйл явдлууд Украин дахь дайнд хэрхэн нөлөөлж болохыг тэд ярилцсан байна. Мөн Украиныг бүрэн эрхт байдлаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлнэ гэх амлалтаа дахин баталцгаав.
Түүнчлэн Макрон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Германы канцлер Олаф Шольц, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак нартай утсаар ярисныг Елисейн ордноос мэдээллээ.
Японы Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Такэо Акиба мөн өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай 10 минутын турш утсаар ярьжээ. Тэд "Вагнер" болон Оростой холбоотой асуудлуудын талаар өргөн хүрээнд ярилцсан ба цаашид хоёр улс нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг хянаж байхаар тохиролцжээ.
Акиба яг одоо Копенгаген хотноо Украины дайны асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор ирээд буйг "NHK" агентлаг мэдээллээ.
Копенгаген дахь олон улсын бага хурлаар Украины дайныг зогсоох 10 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцэж буй. Дэлхийн өмнөд хэсгийн хэд хэдэн орон уг хуралд оролцсон нь нааштай өөрчлөлтийн шинж тэмдэг гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко өнөөдөр Бээжинд айлчилж байна. Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Цин Гантай уулзжээ. Тэд хоёр улсын харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон гэдгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, "Вагнер"-ын бослогын талаар Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тусгайлан дурдаагүй аж. Хятад улс эл бослоготой холбоотойгоор нийтэд ямар нэг мэдэгдэл мөн хийгээгүй байна.
Эх сурвалж: CNN
Нэг хүний бардам зан аюултай үр дагаварт хүргэж болзошгүй
Чеченийн удирдагч Рамзан Кадыров "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожиний бардам занг шүүмжилж, энэ нь аюултай үр дагаварт хүргэж болзошгүй гэжээ. Тэрбээр өмнө нь Пригожинтой ярилцахдаа бизнесийн амбицаа улс орны чухал асуудалтай холиж хутгахгүй байхыг зөвлөсөн байна.
"Түүнийг сонссон байх гэж бодтол энэ бүх хугацаанд түүний уур хилэн улам нэмэгдэв. Одоохондоо бүх зүйл цус урсгалгүй тайван замаар дууслаа. Гэхдээ ийм зүйл тохиолдож болох байсан. Бослогыг зогсоохын тулд маш хатуу арга хэмжээ авах шаардлагатай байсан. Нэг хүний бардам зан ийм аюултай үр дагаварт хүргэж, олон хүнийг мөргөлдөөнд татан оролцуулж болзошгүй байна" гэж тэр хэлжээ.
Мөн хөлсний цэргүүдийг шийдвэр гаргахдаа ухаантай байхыг тэр уриалсан байна.
Чеченийн төрийн мэдээллийн Грозный агентлагт өчигдөр мэдээлснээр, тэд 3000 байлдагчаа илгээсэн байна. Байлдагчид Путины ямар ч тушаалыг биелүүлэхэд бэлэн гэжээ.
Эх сурвалж: CNN
Москвагийн оршин суугчид Даваа гаригт ажилдаа явахгүй
Москва хотын дарга үймээн самуунтай холбоотойгоор иргэдийг Даваа гаригт ажилдаа явахгүй байх шийдвэр гаргасан. "Вагнер"-ын цэргүүд хэдийгээр Ростов-на-Донугаас ухарсан ч гэлээ хамгаалалт чанга хэвээр байгааг "BBC" агентлаг мэдээллээ. Мөн иргэд Даваа гаригт ажилдаа явахгүй тушаал хэвээрээ байна.
Нийслэл хотын гудмаар явж буй хэд хэдэн иргэнтэй "BBC" агентлагийн сурвалжлагч ярилцжээ. "Одоохондоо танк харагдахгүй байгаа тул санаа зовохгүй байна" гэж нэгэн иргэн ярьсан бол өөр нэг иргэн "Бид 1991 онд ЗХУ задрах үе, 1993 онд Үндсэн хуулийн хямралын үеийг даван туулсан. Тиймээс өнөөдөр юу ч тохиолдсон даван туулах болно" гэжээ.
Токаев Аюулгүйн зөвлөлөө хуралдуулна
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах болсноо өнөөдөр /2023.06.25/ зарлав. Тэрбээр ОХУ-ын нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар ерөнхий сайд болон хүчний байгууллагын дарга нарын тайланг сонсох аж. Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдэгдэлд "Хөрш зэргэлдээ найрсаг улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Казахстаны иргэдийн аюулгүй байдал, эдийн засагт нөлөөлж болзошгүй сөрөг үр дагаврыг саармагжуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахаар төлөвлөж байна" гэжээ.
Токаев уг мэдэгдлийнхээ өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан байна.
Пригожин болон түүний цэргүүдийн ялыг хэрэгсэхгүй болгоно
Москваг чиглэн явж байсан "Вагнер"-ын цэргүүд өнгөрсөн шөнө Ростов-на-Дону хотоос гарч эхэлсэн байна. Тэд хээрийн хуаран руугаа буцаж эхэлснийг мужийн захирагч мэдээлэв. Дөрвөн пикап машин гарсан ч танк болон бусад хүнд техник нь үлдсэн байна. Мужийн амбан захирагч оршин суугчдаа хотын зөв рүү зорчихгүй, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байсан. Гэхдээ хурцадмал байдал намжсан шинжтэй байна гэж "BBC" агентлаг мэдээлэв. Телеграм дээрх зураг, бичлэгүүдийг харахад "Вагнер"-ын цэргүүд нутгийн иргэдтэй гар барьж, хуягт машиндаа буцаад сууж байжээ. Тэднийг ухарсны дараа авто замуудад тавьсан байсан бүх хязгаарлалтыг Холбооны авто замын агентлаг цуцалсан байна. Сүүлийн 24 цагийн турш ОХУ-ын өмнөд нутгаас Москва орох чиглэлийн Ростов, Липецк, Воронеж, Тула мужуудад авто замын зарим хэсгийг хаасан байжээ.
"Вагнер"-ын цэргүүдийг хотоос гарах үед оршин суугчид "Вагнер! Вагнер!" гэж хашгиралдан үдэж өгсөн. Тэд Украин дахь "Вагнер"-ын ажиллагааг дэмжсэн үү, Орост өдөөсөн бослогыг дэмжсэн үү гэдэг тодорхойгүй байна.
Евгений Пригожины хувьд өнгөрсөн шөнө Беларусь руу хөдөлжээ. Тодруулбал, Пригожин Беларусийн удирдагчтай утсаар ярисныхаа дараа ухарч, цэргээ татсан аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд болсон үйл явдлууд Пригожины Путинтэй харилцах харилцааг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байна.
Мөн Оросын эрх баригчид цус урсгахгүйн тулд Пригожин болон түүний цэргүүдийн ялыг хэрэгсэхгүй болгоно гэж мэдээлжээ. Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Пригожины цэргүүд Батлан хамгаалах яамны гэрээнд гарын үсэг зурах боломжтой гэсэн байна.
КАДЫРОВ: ПУТИНЫ ҮГ БҮРИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА
Чеченийн удирдагч Рамзан Кадыров "Вагнер"-ын зэвсэгт бослогыг урвалт гэж нэрлэжээ.
"Одоо болж байгаа зүйл бол Батлан хамгаалах яаманд тулгарсан асуудал биш. Энэ бол төрд тулгамдаж буй сорилт. Энэ сорилтыг даван туулахын тулд арми, аюулгүй байдлын хүчин, засаг дарга нар, энгийн иргэд гээд бүгд нэгдэх шаардлагатай. Батлан хамгаалах яам болон Чеченийн Үндэсний гвардийн ангиудын цэргүүд хурцадмал бүс рүү хэдийнэ хөдөлсөн. Бид Оросын нэгдмэл байдлыг сахин хамгаалах, төрт улсаа хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шийдвэрээ тэнцвэртэй бөгөөд болгоомжтой гаргадаг гэдэгт итгэлтэй байна. Бид газрын зургийг нэг хэсгийг л хардаг бол тэр бүхэлд нь хардаг. Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж маш зөв хэлсэн. Энэ бол цэргийн бослого. Ийм үйлдлийг зөвтгөх аргагүй. Путины үг бүрийг би бүрэн дэмжиж байна" гэжээ.
Мөн тэрбээр Хойд Кавказын цэргийн тойргийн албан хаагчдыг өдөөн хатгалгад бууж өгөхгүй байхыг уриалав. "Ямар ч зорилго тунхаглаж, ямар ч амлалт өгсөн бай ийм цаг үед Оросын төрийн аюулгүй байдал, Оросын нийгмийн эв нэгдэл бүхнээс дээгүүр байна. Баруунд байгаа дайснууд энэ байдлыг хэрхэн далимдуулж байгааг хараарай. Иргэдийг айлгаж, тогтворгүйтүүлэх хэчнээн худал уриалга хэлж байна" гэж тэр телеграмдаа бичсэн байна.
Эх сурвалж: BBC, TASS
Холбоотой мэдээ