22:30 цагт: ИРГЭД, ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас иргэд тус улсад суралцаж буй оюутнууд, ажиллаж буй монголчуудад санаа зовж байна. Гадаад харилцааны яамнаас "Ростов, Воронеж орчимд 60 гаруй монгол оюутан суралцаж байгаа. Одоогоор нөхцөл байдал хэвийн, хичээл нь хэвийн үргэлжилж байгаа бөгөөд оюутнууд 6 сарын сүүлээс эхлээд зуны амралт эхлэхээр эх орондоо ирэхээр төлөвлөж байна. ГХЯ болон Москвад суугаа ЭСЯ-наас дээрх оюутнуудтайгаа тогтмол холбоотой байгаа" гэсэн тайлбар өгөв.
Холбоотой мэдээ