Вагнерийн цэргүүд Липецк муж руу нэвтэрчээ
Вагнерийн хөлсний цэргүүд Липецк муж руу нэвтэрч байна гэж мужийн амбан захирагч мэдэгдэв
ОХУ-ын Липецк мужийн амбан захирагч хэлэхдээ, Вагнерын хөлсний бүлэглэл бүс нутагт нэвтэрсэн гэж мэдээлээд оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалав.
Шөнийн бослогын дараа Вагнерын хүчнүүд Ростовыг хяналтандаа авсан. Тэд одоо Москва руу явж байгаа бөгөөд хойд зүгт 500 миль явсан бололтой.
Москвагаас гарах онгоцны тийз дуусчээ
Вагнер хувийн цэргийн бүлэглэл Москваг чиглэн явж байгаа энэ үед Оросын нийслэлээс гарах бүх нислэгүүд зарагдаж дууссан гэж “The Guardian” мэдээлэв.
Германы мэдээллийн сэтгүүлд мэдээлснээр, Москвагаас Тбилиси, Астана, Истанбул руу шууд нислэг хийх онгоцны тасалбар дууссан байна.
эх сурвалж: Indian express
Пригожины цэргүүд Москва хүрэх замынхаа талд оржээ
Оросын цэргийн нисдэг тэрэгнүүд Бямба гарагийн үдээс хойш Москва чиглэх замынхаа хагасаас илүү замыг туулаад буй Вагнерынхны цуваа руу гал нээж эхлэв.
Ерөнхийлөгч Владимир Путин зуун жилийн өмнөх Оросын иргэний дайнтай зүйрлэсэн зэвсэгт бослогыг дарахаа амласан юм.
Евгений Пригожины хувийн цэргийнхний "Вагнер"-ын дайчид Украинтай хиллэдэг нэг сая гаруй хүн амтай Ростов-на-Дону хотыг хяналтандаа байлгаж, Оросын баруун хэсгээр дамжин хойд зүг рүү хурдтай давшиж байна.
Ройтерс агентлагийн сэтгүүлч Воронеж хотын хажуугаар цэрэг тээвэрлэгч, танктай ачааны машины цуваа руу армийн нисдэг тэрэгнүүд гал нээж байхыг харжээ.
Энэ хот нь Ростовоос Москва хүртэлх 1100 км хурдны замын дунд оршдог юм.
Пригожин Украины нутгаас Орос руу цэргээ буцаасны дараа Ростов дахь Оросын өмнөд цэргийн тойргийн штабыг эзэлсэн.
Оросын армийн довтолгооны хүчний арын логистикийн гол зангилаа болсон Ростов хотыг хуягт машин, байлдааны танктай Вагнер цэргийн байгууламжуудыг эзэлснийг оршин суугчид гар утсаараа зураг даран баримтжуулжээ.
Москвад гудамжинд хамгаалалт нэмэгджээ. Улаан талбайг төмөр хаалтаар хаасан байна.
Пригожин нэг шөнийн дотор маш олон мэдээлэл хийж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Ростов хотод ирж уулзахыг шаардсан.
Барууны засгийн газрууд цөмийн зэвсэгтэй ОХУ-ын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв.
эх сурвалж: ВВС
Путины дэглэмд дараагийн 24 цаг шийдвэрлэх үе
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгтэй, хүчирхэг гүрнийг удирдсан 23 жилийн хугацаандаа эрх мэдлээ алдах эрсдэлтэй хамгийн ноцтой аюултай тулгарлаа. Түүний энэ бүх хугацаанд барьж байсан автократ дэглэм нэг шөнийн дотор нурж унах эрсдэл нүүрлэв. гэж ажиглагчид дүгнэж байна.
Дайны буруу менежмент нь Кремльд олон хүн итгэл алдрах нөхцөл болсон гэж ажиглагчид тайлбарлав. Эцэст нь дэлхийн тав дахь том арми нь Москвагийн элитүүдийг сүйрлээс аварч чадах цорын ганц арга нь Вагнер гэх хувийн цэргийн байгууллага буюу элэг нэгтнүүдтэйгээ тэмцэх болов.
Вагнерын ахлагч Евгений Пригожиний дуулгаваргүй байдал нь эцэстээ дотоодод үймээн дэгдээх үндэс боллоо. Украины хилийн ойролцоох цэргийн гол төв болох Ростов-на-Дону хот нь хөлсний цэргүүдэд эзлэгдэж, хяналтаас гарсныг Путин хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.
Вагнерын нэгжүүд зэвсэгт бослого өдөөхөөр хэсэг хугацаанд төлөвлөж байсан байх. Учир нь Вагнерын цэргүүд маш хурдан нэгдэж, Ростов руу хурдан хөдөлсөн. Үүнийг нэг өдрийн дотор хийхэд боломжгүй.
Ойд байрлах Вагнерын хуаранд агаараас цохилт өгсөнд Оросын Батлан хамгаалах яамыг буруутгасан ч Сергей Шойгу үүнийг үгүйсгэсэн.
Пригожин дайны шалтгааныг анхнаасаа буруушаасаар ирсэн. Тэрбээр “Орос НАТО-гийн дайралтанд өртөөгүй. Оросууд хавчигдаж байгаагүй. Түрэмгийллийн төлөвлөгөөний ард Путин өөрөө биш Оросын шилдэг “тулаанч” байсан” гэж тайлбарлажээ.
Пригожин зэвсэгт бослого гаргаснаар Батлан хамгаалах яамны дээд албан тушаалыг өөрчлөхөд Путиныг түлхэж өгнө гэж найдсан байх. Гэвч Путины өнөөдөр хэлсэн үгэндээ Пригожиныг эх орноосоо урвагч гэж цоллов.
Одоо Оросын элитүүдийн хувьд оршин тогтнох эсэхээ шийдэх чухал үе ирлээ. Вагнер бол Путины бохир ажлаа хийх гэж бий болгосон хөлсний цэргүүд. Гэвч тэд эзэд рүүгээ халдав. Пригожин эх орноосоо урваж, ар нуруунаас нь хутгаллаа гэж Путин мэдэгдсэн.
эх сурвалж: CNN
Ходорковский: Кремльтэй тэмцэж байгаа бол "чөтгөрийг ч" дэмжинэ
Путиныг шүүмжлэгч, тэрс зүтгэлтэн Михаил Ходорковский өнөөдөр мэдэгдэл хийж, Москвагийн цэргийн удирдлагыг унагана гэж амласан хувийн бүлэглэлийн ахлагч Вагнерыг дэмжихийг оросуудад уриалав.
Газрын тосны магнат асан Ходорковский олон нийтийн сүлжээнд "Бид одоо л Вагнерт туслах хэрэгтэй. Хэрэв Кремльтэй тулалдахаар шийдсэн бол "чөтгөрийг хүртэл" дэмжих нь чухал” гэж бичжээ. Мөн тэрбээр энэ бол дөнгөж эхлэл гэдгийг онцолжээ.
Пригожин: Энэ бол цэргийн эргэлт биш
Мөн тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулна гэж сүрдүүлжээ.
Путин мэдэгдэл хийж, Ростовын нөхцөл байдал хүнд хэвээр байгааг хүлээн зөвшөөрөв. Москвад хамгаалалтыг чангатгасан байна.
Вагнер групп бол Оросын армитай мөр зэрэгцэн Украинд тулалдаж байсан хөлсний цэргүүдийн хувийн арми юм.
Пригожин Украин дахь бүлэглэлийнх нь бааз руу Оросын арми цохилт өгсөн гэж буруутгаж байгаа бол Москва үүнийг үгүйсгэв.
Пригожин энэ бол цэргийн эргэлт биш зэвсэгт бослого гэж хэлсэн. Харин түүний зорилго нь Оросын цэргийн удирдлагыг түлхэн унагаах явдал юм шиг байна гэж Москва дахь ВВС-ийн Оросын редактор Стив Розенберг мэдэгдэв.
Пригожин өнөөдөр “Telegram” сувагтаа нийтэлсэн видео бичлэгтээ дайчид Украины хилээс буцан ирж, Оросын Ростов-на-Дону руу нэвтэрсэн гэж хэлээд түүний цэргүүд замд нь саад болсон хэнийг ч устгана гэж хэлсэн.
Пригожиний хэлснээр түүний цэргүүд Оросын цэргийн нисдэг тэргийг сөнөөж, "Энгийн цуваа руу гал нээсэн" гэнэ.
Ростов хотын захирагч хотын иргэдийг тайван байж, гэрээсээ гарахгүй байхыг уриалав.
Мөн Вагнерын хүчнийхэн Ростовын хойд хэсэг, Воронеж хотын цэргийн байгууламжуудыг хяналтдаа авсан гэж байна. Одоо тэд Москваг чиглэн явж байна.
Путин мэдэгдэл хийв
Оросын хувийн цэргийн ахлагч Евгений Пригожин зэвсэгт бослогод уриалж, цэргүүдийнхээ хамт Оросын чухал хотод хүчээ хуримтлуулсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр Пригожинийгийн талаар хэлэхдээ "Эх орноосоо урваж, ар нуруунаас хутгаллаа” хэмээгээд “цэргийн бослогод оролцсон хүн бүрийг шийтгэнэ” гэж амлав.
Путин ард түмэндээ хандан таван минутын турш үг хэлэхдээ, Ростов-на-Дону дахь нөхцөл байдлыг тайлбарлахдаа, хотын цэргийн болон иргэний чиг үүрэг "үндсэндээ хаагдсан" гэв.
“Пригожин Бямба гаригийн өглөө гэхэд Оросын Зэвсэгт хүчний өмнөд хэсгийн цэргийн штабын зарим хэсгийг хяналтандаа байлгаж байна” гэж мэдэгдсэн нь хувийн цэргийнхний тодорхой амжилтыг хүлээн зөвшөөрч байгаа бололтой.
Мөн нөхцөл байдлыг Оросын эзэнт гүрэн дэлхийн 1-р дайнд тулалдаж байх үед болсон 1917 оны Оросын хувьсгалтай зүйрлэж, "Би эх орноо хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно" гэж Путин хэлэв.
"Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Пригожин Оросын өмнөд хэсэгт орших Ростов-на-Дону хотод цэргийн байгууламжуудыг мэдэлдээ авсан гэж мэдэгджээ.
Баасан гаригийн оройноос эхлэн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео болон аудио бичлэгийн нэгэнд Пригожин “Бидний замд саад болсон хэнийг ч устгана. Бид эцсээ хүртэл явах болно” гэсэн байна.
Пригожин армийн эсрэг бослого гаргахыг уриалсан боловч төрийн эргэлт хийхийг оролдоогүй гэв. "Ростовын цэргийн байгууламжууд, тэр дундаа аэродром хяналтад байна" гэж Пригожин нэмж хэлээд 25,000 байлдагчтайгаа хамт "үхэхэд бэлэн байна” гэжээ.
Пригожин зэвсэгт бослого гаргасны дараа Оросын аюулгүй байдлын алба түүнийг баривчлахыг уриалав. Кремль аюул заналхийллийг нухацтай хүлээж авч, Москва, Ростов-на-Дону болон бусад бүс нутгуудад аюулгүй байдлыг өндөржүүлсэн байна.
Мөн Оросын хууль сахиулах байгууллага Санкт-Петербург дахь Вагнерын оффист нэгжлэг хийсэн бололтой гэж орон нутгийн мэдээллийн “Фонтанка” мэдээлэв. Нэгжлэгийг орон нутгийн цагдаа, үндэсний хамгаалалтын алба хаагчидтай хамт энгийн хувцастай хоёр автобус дүүрэн хүн ирж хийсэн байна.
эх сурвалж: Associated press
“Евгений Пригожин зэвсэгт бослого гаргасан“
Москва болон ойр орчмын эрх баригчид Оросын хувийн цэргийн удирдагч Евгений Пригожин зэвсэгт бослого гаргасантай холбогдуулан терроризмын эсрэг онц байдал зарласан гэж мэдэгдлээ.
"Нийслэл болон Москва мужид болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд терроризмын эсрэг ажиллагааны дэглэм тогтоосон" гэж Оросын терроризмын эсрэг үндэсний хороо мэдэгдэв.
Москвад харуул хамгаалалт чангатгасан байна. Украинтай хиллэдэг Оросын баруун өмнөд хэсэгт орших Воронеж муж ч энэ төрлийн онц байдал зарласан байна.
Терроризмын эсрэг онц байдал нь Оросын эрх баригчдад хяналтаа нэмэгдүүлж, баривчлах ажлыг хөнгөвчлөх боломжийг олгодог. Мөн иргэдийн утасны дуудлагыг чагнах эрхийг албаныханд зөвшөөрдөг байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах туслах Михайло Подоляк хэлэхдээ, Вагнерын тэргүүн Евгений Пригожинийн үйлдэл бол “Терроризмын эсрэг ажиллагаа. Орост бүх зүйл дөнгөж эхэлж байна. Элитүүдийн хуваагдал дэндүү илэрхий байна. Бүх зүйл шийдэгдсэн мэт дүр эсгэх нь бүтэхгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.
эх сурвалж: al jazeera
Холбоотой мэдээ