Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.
Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм. Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.