Хайрханы оройг талхлахгүй байхыг онгод онцгойлон анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.06.24-нд нийтлэгдсэн

Хайрханы оройг талхлахгүй байхыг онгод онцгойлон анхааруулав

Хайрханы оройг талхлахгүй байхыг онгод онцгойлон анхааруулав
Тэртээх алсад Бурхан Халдун хайрхан сүртэйеэ дүнхийнэ. улам сүртэй болгох гэсэн шиг улаан нар улалзсаар алгуурхан мандав. Бүрэн хувцасласан ээжүүд алсаар сүүн цацлаа өргөх бол эрчүүд тариа, будаагаа өргөн ямар нэгэн сайн сайхныг хүсэмжлэн шивнэнэ. Тэд нарны тахилга хийж буй нь энэ.  “Дэлхийн өв-Бурхан Халдун” соёлын өвийн наадам зургаадугаар сарын 21-23-нд Мөнгөнморьтын нутаг Тэрэлжийн хөндийд боллоо.
Соёлын яам, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн Тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ-аас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд уригдан монголчуудын тэнгэр үзэл, Тэнгэр шүтлэг, наранд мөргөх, нар шүтэх эртний ёсны талаар ярьцгаана.
Нэг отог болон хүрээлэн буужээ. Биеэ засах газрыг урдаас бэлдсэн төдийгүй буцахдаа буцаан тавихаар өвсний үндэстэй хөрсийг нь хуулаад тавьжээ. Унаган байгальд нүүдэлчдийн уламжлалаар хүрээлж буугаад хэдэн зуун хүн хамарсан эвент арга хэмжээг ямар ч хог тарихгүй, газар талхлахгүйгээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи дарс хэрэглэдэггүй, хөл толгой алддаггүй, өндөрлөснийхөө дараа монгол нүүдлийн ёсоор ганц гадасны нүх ч үлдээхгүй бөглөж цэвэрлэж, анхны төрхөнд нь оруулаад буцдаг гээд үлгэр авмаар олон жишгийг бий болгож байгаа арга хэмжээ аж.
Энэхүү арга хэмжээ болоод дуусахад өмнө нь ямар байсан яг тэр хэвээр нь болгоод мордох нь гайхалтай. Машинаа оцойтол хоол, хүнс базаагаад хээр талаар хэрэн хэсч, хоносон, буудалласан газартаа хогоо орхиод, галаа л унтраалгүй явдаг хүнийрхүү сэтгэлтэй болсон аялагчдаас тэд тэс ондоо аж. Зөвхөн өв соёлын наадам ч биш, өөр бусад ямар ч арга хэмжээг яг ингэж зохион байгуулж хэвшвэл мөн сайн сан. Зөв зохион байгуулж, нэгдмэл удирдлага зөвлөмжөөр хангаж чадвал болохгүй юм гэж үгүй л юм байна. Энэ жилийн соёлын өвийн наадамд Буриад, Өвөрмонголоос нэлээд хэдэн оролцогч зүтгэж зорьж ирснийг хараад удахгүй цараа нь тэлж, олон улсынх болох нь дээ гэх бодол төрөв.
Төв орон нутгийн урлаг соёлын төлөөлөл, Тэнгэр шүтлэгтнүүд, нутгийн ард иргэд цуглаж, уул хайрхан, ус голын эздээ дуу хуур, уухай өргөлөөр баясгаж, морьтой бөхтэй, нумтай сумтай наадамлаж, монгол өв уламжлал, соёлоо дээдэлж сурталчилсан энэ наадамд цаашид гадаад, дотоодын жуулчид аяллын төлөвлөгөөндөө оруулдаг, зорьж ирдэг шилдэг сайн эвент болох ирээдүй байгаа нь тод харагдаж байна.
Тэд Бурхан Халдуны орой руу зүтгэсэнгүй. Лус савдгийг нь аргадахдаа алсаар идээ, будаа, цай, цэгээнийхээ дээжийг өргөв. Лусын тахилга хийж удган, зайрангууд онгодоо буулган өвгөдийн сургаалийг сонсгов. Онгодын дахин дахин аминчлан анхааруулсан зүйл гэвэл хайрханыхаа оройд гарч, хайш яйш авирлахаа болихыг анхааруулах. Үүнийг эцгийнхээ толгой руу мацсан эрх балчируудтай зүйрлэн тайлбарлана лээ. Дээр нь уул, усны савдагт сархад өргөдгөө зогсоохыг зөвлөв. Уул, ус бүрийн савдагийн ундаалдаг ундаа өөр өөр бөгөөд сүү, цэгээ голдуу байх аж. Гэтэл хатуу сархад хамаагүй өргөсөөр савдагуудыг сархданд оруулах болжээ. Энэ нь уламжлалаа бодсон ч онцгүй зүйл талаар учир мэдэх мэргэд эмзэглэн ярив.
Аялал жуулчлалын бодлогын амин сүнс нь аливаа арга хэмжээ тогтмол хугацаанд тогтмол байрлалд тогтвортой хөтөлбөртэйгээр зохион байгуулагддаг байх, өөрөөр хэлбэл аялах гэж байгаа хүн жилийн өмнөөс, хэдэн сарын өмнөөс төлөвлөж, мэдээлэл авч, бэлтгэлээ хангаад зорьж очдог, зорьж очсон арга хэмжээ нь олон жил уламжлан зохион байгуулагдсан, нэр хүндтэй, сонирхолтой, өгөөжтэй байх асуудал их чухал аж.
Гэтэл аялал жуулчлалаа хөгжүүлж ашиг орлоготой болно гэдэг хэр нь энүүхэнд 200 орчим км-ийн зайтай газарт хүрэх гэж шороон замаар сэгсчүүлсээр очих нь зовлонтой. Их хааны өлгий нутаг, эзэнт гүрний гал голомт гэж эрх баригчид Хэнтий нутагт жил бүр илүү төсөв тавьж, бусдаас онцгойлон авч үздэг ч бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй ашиг хонжоо, танил талдаа тал засах байдлаар асуудалд ханддаг нь Хэнтий хүрэх замаас тодхон хараглана. Их хааны нэрээр ямар хөгийн бүтээн байгуулалт хийгээд иргэд шүүмжлээд ирэхээд буцаан буулгасан жишээ ердөө хоёр жилийн өмнөх явдал. Тиймээс аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл дэд бүтцээ сайжруулж, энэ мэт дэг соёлтой арга хэмжээнд анхаарлаа хандуулах цаг болжээ.
"Сонгууль болохоор, дарга солигдохоор, байгууллагын харьяалал өөрчлөгдөхөөр орхигддог, өөрчлөгддөг, эсвэл дориун сайхан жигдрээд ирэхээр ихрийн өрөөсөн гарч ирээд хоёулаа амжилтгүй болдог "монгол ухааны" дайрлага энэ соёлын өвийн наадмаас холуур өнгөрөх болтугай, монгол төрийн бодлого залгамж чанартай байх болтугай гэж ерөөе" судлаач, доктор Б.Галаарид анхааруулна лээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж