Аялал жуулчлалын улирал эхэлж, гадаад, дотоодын иргэд олноор Монголын хөдөөг зорих болсон. Хамгийн сүүлд гэхэд Өмнөд Солонгосын жүжигчид Монголд ирсэн нь манай аялал жуулчлал том сурталчилгаа болж буй юм.
Гэсэн ч эрэлт ихтэй, гол бүсүүдийн гэр буудал, байшин амралтын газрын үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилж байна. Тиймээс аялагчдын олноор очдог зарим аймагт байрлах нэг хоногийн зардлын задаргаа болон аяллын компани, хөтчүүдтэй холбогдож дотоодын аяллын үнэ яагаад өндөр байдгийг нэгтгэн хүргэе.
Тухайлбал, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай болон 100 жилийн ойтой Завхан, Архангай, Хэнтий, Төв аймагт аялахад нэг хоногийн дундаж зардал хэд байгаа талаар бэлтгэлээ.
Аялагчдын хамгийн ихээр сонирхож очдог газар бол Хөвсгөл. Тус аймгийн аяллын газруудын наадмын захиалга дүүрсэн бөгөөд хүний багцын сонголт дуусч, гэр, амралтын газрын байшингийн захиалгууд дүүрсэн байна. Гэр болон энгийн байшин үнэ нь 150-270 мянган төгрөгийн хооронд байдаг бол нэг хүний багц 120-350 мянгын үнэтэй. Харин баяр дөхсөн өдрүүдэд зөвхөн тансаг зэрэглэл болон хаус түрээс л байгаа бөгөөд хоногийн төлбөр нь байршлаас шалтгаалж, 250-600 мянган төгрөг байна. Аяллын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд дөрвөн шөнө, гурван өдрийн аялал 450 мянгаас эхэлж байна. Энэ үнэд нэг хоног жуулчны баазад байрших төлбөр, долоон удаагийн хоол, унааны зардал багтжээ. Хөвсгөлд үзэх боломжтой газруудад:
- Соёны бүс нутаг
- Хөвсгөл нуур
- Даян дээрхийн агуй
- Уушгийн өврийн буган хөшөө
- Улаан толгойн буган хөшөө
- Дархадын 13 овоо зэрэг байна.
БАЯН-ӨЛГИЙД АМРАЛТЫН ГАЗРЫН ЗАХИАЛГУУД ДҮҮРЧ, ХОНОГЛОХ ГЭР БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧЭЭ
Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар бүхий Баян-Өлгий аймаг руу зорчих жуулчдын тоо өсчээ. Үүнийг дагаад байрлах буудал, амралтын газар, жуулчны баазуудын үнэ, үйлчилгээнд ч тодорхой өөрчлөлтүүд орсон байна. Амралтын газар урьдчилж захиалга өгөхөд /хоолгүй/ үнэ нь хүний 25 мянгаас эхэлж байгаа бол 2-3 хүний ортой гэр, энгийн байшин 100-250 мянган төгрөг байна. Энэ гэхдээ байршил захад үнэ хямддаа тооцогдож байгаа аж. Харин томоохон жуулчны баазуудын хувьд хоолтой нэг хүний багц 150-250 мянган төгрөг, жуулчид мөн өөр үнээр хонохыг онцолжээ. Гэхдээ баазуудын захиалга дүүрсэн учир хоноглох гэр, майхны үйлчилгээ нэвтэрсэн байна. Тус аймагт байрлах боломжтой газруудад:
- Баян-Өлгий аймаг дахь амралтын газрууд
- Памук Ресорт /Өлгий хотоос 3км зайд/
- Аялагчдын Гэст Хаус /Өлгий сумын 13-р баг/
- Алтай Лодж Гэр Камп /Өлгий хотоос 7 км/
- Сунхар Толбо Нуурын Амралтын Газар /Улаанбаатар-Өлгий хот орох төв зам дагуу/
- Алтан Бүргэд Амралтын Газар /Баян-Өлгий аймгаас 45км зайд Ховд явах засмал зам дагуу/
- Eagles Nest Hotel /Өлгий сумын 5-р баг/
- Altai Expeditions Guest House/Hostel /Өлгий сумын 5-р баг/
- Баян Цамбагарав Зочид буудал /Өлгий хот, Арвин рестораны ард/ зэргийг нэрлэж байна.
Тус аймаг зочлох хүмүүс энд дарж буудлын байршил үнэ ханшийн талаар мэдээлэл авах боломжтой.
УВСЫН ЖУУЛЧНЫ БААЗЫН 7 ОРТОЙ ГЭРИЙН БАГЦ 600 МЯНГАН ТӨГРӨГ
Увсын есөн гайхамшгийг үзэж сонирхох иргэд аяллын хөтөлбөр гэхээс илүүтэй хувиараа, гэр бүлээрээ аялахыг зорьдог. Тэгвэл тус аймгийн жуулчны баазын энгийн долоон ортой гэрийн хүний гурван хоол багтсан багцын үнэ 600 мянгаас эхэлж байна. Баярын өдрүүдэд зөвхөн багцаар авч байгаа бөгөөд дотоод, гадаадын иргэд ялгаагүй нэг хоноход хамгийн хямд нь 95 мянган төгрөг байгаа аж. Хоол ороогүй хоноход нэг хүний 35 мянга бөгөөд байшинд байрлах боломжгүй. Нуурын ойролцоох амралтын газруудын хувьд хүний багц 150-180 мянган төгрөгийн хооронд байна. Увсад үзэх боломжтой эрэлттэй газрууд:
- Увс нуур
- Хяргас нуур
- Хэцүү хад
- Алтан элсний дархан цаазат газар
- Ханхөхий уулс
- Чандмань уулсын дурсгал юм.
Дээрх газруудын ойролцоох бүсэд гэр амралт хоногийн төлбөр хамгийн өндөр байна.
ӨВӨРХАНГАЙД ГЭР АМРАЛТ 150 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА
Улаан цутгалан, Орхоны хүрхрээ, Төвхөн хийдээр жуулчдын сэтгэлийг татдаг газар Өвөрхангай аймаг. Тус аймагт 3-4 ортой гэр, жижиг байшинд хонох төлбөр 150-170 мянган төгрөг байна. Харин байгалийн үзэсгэлэнт газруудтай ойр амралт, жуулчны баазын үнэ хоногийн багц нь 85-120 мянган төгрөг, тансаг зэрэглэлийн хаус түрээс 400 мянгаас дээш байна. Тус аймагт аялахдаа:
- Улаан цутгалан
- Орхоны хүрхрээ
- Төвхөн хийд
- Үүртийн тохой
- Усан цэргийн тохой
- Хангайн цагаан чулуу
- Өөлдийн улаан хад
- Хан баян уул
- Хоргой хүрэм
- Огтоны булан
- Тэмээн чулууны буган хөшөө, хиргисүүр
- Гүнжийн зам
- Хүйсийн найман нуур
- Цагаан нуур
- Ээж хад
- Сайхан мод
- Могойтын халуун рашаан зэрэг олон газрыг үзэх боломжтой.
100 ЖИЛТЭЙ АЙМГУУДЫН АМРАЛТЫН 7 САРЫН СҮҮЛИЙН ХОНОГУУДЫН ЗАХИАЛГА ДҮҮРЧЭЭ
Энэ жил дөрвөн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Үүнийг дагаад тухайн бүсүүд рүү баяр наадмын өдрүүдэд зорчих аялагчдын тоо өснө. Тэгш ойтой дөрвөн аймгийн наадам долдугаар сарын сүүлээр болох бөгөөд тухайн үед амрах амрагчид буудал, гэр, байшин, жуулчны баазуудад хэдийнэ захиалгаа өгч баталгаажуулж эхэлсэн байна. Завхан, Архангай зэрэг аймаг жилээс жилд аялагч олонтой байдаг бол Хэнтий, Төв аймаг харьцангуй бага. Үнийн хувьд хоноглох байр Зөвхөн, Архангайд 35-150 төгрөг бөгөөд баярын өдрүүдийн захиалгаа багцын сонголттойгоор хийх юм. Харин Төв, Хэнтий аймаг өдөртөө очоод амралтын газарт байрлах боломжтой. Дундаж хоолгүй 3-4 ортой гэр 100-120 мянган төгрөг, байшин 150-170 мянган төгрөг байна. Үүн дээр бусад зардлууд нэмэгдэнэ.
Дотоодын аяллын үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилдэг өөрийн төрсөн нутаг болон тансаг байгальтай үзэх газар ихтэй нутгууд руу төсөв өндөр байсан ч аялах нь их байна.
Гэхдээ аялагчдаас авах төлбөр нэмэгдсэн ч үйлчилгээний газруудын харилцаа, тохижилт сайжраагүйг иргэд хэлж байгаа юм.
Өнгөрсөн жилээс дотоодын аялал сэргэж үүнийг дагаад зорьж явах хүмүүс ч нэмэгдсэн. Гэхдээ хувиараа, гэр бүлээрээ аялахаас илүүтэй хөтөлбөртэй аялал хамрагдах нь давуу талтай байна. Нэг талдаа үзэх газар, явах маршрут, зардал тодорхой бөгөөд хөтөчтэй. Харин хувиар аялавал бензин, маршрут, очоод байрлах газар гэхчлэн тооцоолоогүй зардал хэт өндөр болгож байна. Хэдийгээр ирэх сарын 1-нээс дотоодын нислэгийн үнэ буурах ч нэг талын нислэг 400-500 мянган төгрөг байхаар аялагчдад хүндрэлтэй тусдаг. нисч очоод байрлах амралтын газруудын хоногийн төлбөр ч гадаадын буудлаас 3-4 дахин өндөр учир иргэд хямд зардлаар гадагшаа аялахыг чухалчилж байна.
АЯЛЛЫН КОМПАНИУД ХАМГИЙН ХЯМД ҮНЭТЭЙ ХӨТӨЛБӨР САНАЛ БОЛГОДОГ
Дотоодын аялал хол, ойроос шалтгаалж, үнэ хэлбэлздэг. Гэхдээ хөтөлбөртэй аялал гаргадаг компаниудаас үнэ яагаад өндөр байдгийг асуухад "Аяллын компаниуд хамгийн боломжит үнээр хямд зардлаар дотоодын аяллыг гаргадаг. Дотоодын аялал шатахууны үнэ, байрлах газрын үнэ, аялагчдын тоо зэргээс хамаарч өөрчлөгддөг. Гэхдээ жуулчны бааз, амралтын газруудын үйлчилгээ тухтай бусаас шалтгаалж гэрээт газартайгаа олон жил хамтарч ажиллахгүй тохиолдол гардаг. Үүнээс болж үйлчилгээ, үнийн тарифд ялгаа гарна. Аль болох л хөтөлбөртэй аяллыг хямд үнээр гаргадаг" гэдгийг хэлж байлаа. Одоогоор дотоодын компаниудын хамгийн хямд аяллын үнэ
- Алтай Таван Богдын долоон өдөр, долоон шөнийн аялал – 800 мянган төгрөг
- Увс нуур, Хяргас нуурын зургаан шөнө, зургаан өдрийн аялал – 600-650 мянган төгрөг
- Хөвсгөл нуурын дөрвөн өдөр, дөрвөн шөнийн аялал – 700 мянган төгрөг
- Буйр нуурын дөрвөн өдөр, дөрвөн шөнийн аялал – 450-480 мянган төгрөг
- Ёлын ам, Цагаан суварга үзэх хоёр өдөр, хоёр шөнийн аялал – 210-230 мянган төгрөг
- Хар зүрхний хөх нуурын хоёр өдөр, нэг шөнийн аялал – 150-180 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Холбоотой мэдээ