Монголын Үндэсний Бөхийн холбооноос наадмын барилдаантай холбоотой өнөөдөр /2023.06.23/ мэдэгдэл гаргав. Тодруулбал, Засгийн газрын хурлаар батлах Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт оруулах тухай саналыг МҮБХ-ноос Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4, мөн энэ сарын 8-нд тус тус хүргүүлсэн байна. Саналд 2023 оны гуравдугаар сарын 18-ны өдөр МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлөөс баталж, Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 34 барилдаан болон орон нутагт зал, танхимын барилдаануудад хэрэгжүүлэн ажиллаж байгаа дүрмийг ХЗДХЯ-наас Монгол Улсын Засгийн газрын хуралд оруулж батлуулахыг тусгажээ.
Гэвч ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдийн хурлын олонхын саналаар Үндэсний их баяр наадмын 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах мөн давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.
Тус шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа аж. Тухайлбал,
- Наадмын түрүү, үзүүр болон цолны даваануудад бөхийг идэвхээр хасах нь монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн сайхны бэлгэдлийн илэрхийлэл, үндэсний их баяр наадмаа үзэж байгаа нийт ард олон, үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, үүнээс шалтгаалсан ямарваа нэгэн маргаан үүсэх,
- Идэвхээр давуулах шийдвэр гарсантай холбогдуулан жилд нэг удаа цол олгох наадмын барилдаанд бөх өрсөлдөгчөө мэх хийн давахыг эрсдэлтэйд тооцон, зөвхөн идэвх гаргах үйлдэл, хөдөлгөөн хийж монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах,
- Орон нутагт болох сум, аймгийн наадмуудыг зохион байгуулагчид бөхийг хэлмэгдүүлэх, хохироохоос тус тус болгоомжилж байна.
Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯ болон тус яаманд төвлөрсөн Үндэсний Бөхийн Салбар Хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯ-д хандан ажиллаж байна.
Үүнээс гадна Допингийн эсрэг үндэсний байгууллагаас энэ оны хоёр, дөрөвдүгээр сард үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан бөгөөд допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал ирэх долоо хоногт болно гэдгийг мэдэгдлээ.
Холбоотой мэдээ