Технологийн салбарын тэргүүлэгч тэрбумтнууд болох Элон Маск, Марк Зукерберг нар холимог тулаанд хүч үзэхээр тохиролцжээ. Тодруулбал, Элон Маск анх Зукербергтэй тулалдах хүсэлтэй байгаагаа жиргэсэн. Зукерберг "Байршлаа илгээ" гэж бичсэн бол Маск хариуд нь "Вегасын Октагон" гэжээ. Октагон нь "UFC"-ийн тулаан хийдэг талбай юм.
Өдгөө 52 настай Элон Маск жиргэхдээ "Өрсөлдөгчийнхөө дээр гарч хэвтээд, юу ч хийхгүй байх буюу далайн морь гэдэг гайхалтай мэх надад бий. Би хүүхдүүдээ авч агаар гарахаас өөрөөр дасгал хийдэггүй" гэжээ. Үүнийхээ дараа далайн морь мэхний богино бичлэгийг твиттертээ оруулсан байна. Харин Марк Зукерберг 39 настай. Тэрбээр холимог тулааны урлагаар хичээллэдэг төдийгүй саяхан жюү-жицүгийн тэмцээнд түрүүлсэн.
Тэдний тулааны тухай мэдээ цахим сүлжээний хэрэглэгчдийн дунд шуугиан тариад байна. Зарим хүн тулааны меме зургуудийг хэдийнэ нийтлээд эхэлжээ.
"Элон Маскийн этгээд зан арашингаас үзвэл ийм тулаан болох боломжтой" гэж "UFC"-ийн ерөнхийлөгч Дана Уайт хэлэв. Хэн нь түрүүлнэ гэж бодож байгааг түүнээс асуухад "Маргаангүй Зукерберг. Тэр 12 насаар дүү. Бас биеэр хамаагүй жижиг. Зукерберг 170 см орчим өндөр бол Элон Маскийг 182 см гэж бодож байна. Элон бас жингээр ч илүү байх. Харамсалтай нь Маскад ямар ч бэлтгэл сургуулилалт байхгүй. Зукерберг жюү-жицүгээр хичээллээд 18-хан сар болж байгаа ч түүнд хэцүү биш байх" гэжээ.
Элон Маск элдэв бүтэлгүй мэдэгдлүүдээрээ алдартай. Тухайлбал, тэр өнгөрсөн дөрөвдүгээр сард нохойгоо "Твиттер"-ийн гүйцэтгэх захирал болгосон гэж жиргэж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ