НЭМЭЛТ:
Дэлхийн шилдэг 50 сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт өнөөдөр /2023.06.23/ болж өндөрлөлөө. Суралцагчдыг дараах шалгуур үзүүлэлтээр эрэмбэлсэн байсан юм.
- Сургуулийн эрэмбэ
- Тэргүүлэх мэргэжил
- Хэлний оноо
- Голч дүн
- Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур.
Харин сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулахад 98 шалгуулагч оролцсон байна. Энэ шалгуураар
- Танин мэдэхүй
- Хувь хүний өсөлт, хөгжил
- Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв.
Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлжээ. Ингэснээр нийт таван шалгуурын нийлбэрээр 98 суралцагчаас 50 нь Боловсролын зээлийн сангаас зээл авах боломж бүрдэж байгаа юм. Хамгийн өндөр оноо авсан нь эхний 50-д жагсана. Эрэмбийг Энд дарж үзнэ үү.
Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол Даваа гаригийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлэх юм байна.
Л.Ганбат: Болзол хангасан 100 суралцагчаас 50-д нь БЗС-гаас зээл олгоно
Дэлхийн топ 50 сургуульд суралцахаар урилга авсан 100 хүүхдээс 50-д нь Боловсролын зээлийн сан/БЗС/-гаас зээл олгох сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2023.06.023/ олон нийтэд нээлттэй явуулахаар бэлтгэл хангасан талаар Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын программ хангамжийн холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын программ хангамжийн холбооны гишүүн н.НЯМ-ЭРДЭНЭ:
-БЗС -гийн процесс олон нийтэд нээлттэй, шударга ойлгомжтой байхад анхаарч программыг боловсрууллаа. Засгийн газраас тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлохоос эхлээд тухайн суралцагч, сургуулиа амжилттай төгсч ирээд Монгол Улсад эргэн ажиллах, зэлээ эргэн төлөх, тогтмол хяналт хийх хүртэл бүтэн процессоор нь авч үзэж, дахин загварчлалыг хийсэн.
Төрийн болон төрийн өмчит байгууллагын сургалтын тэтгэлэг зээл тусламжийг БЗС-даа төвлөрүүлж, нэгдсэн бодлогоор олгох болсон. Тиймээс зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар заавар зөвлөмжийг ойлгомжой байдлаар хүргэнэ. Бүх тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтийг нэгдсэн сувгаар хүлээн авч, хүний оролцоогүйгээр автоматжуулалтаар үнэлгээжүүлнэ. Өмнө нь хийдэг байсан эсээ болон ярилцлагын шатыг байхгүй болгож, суралцах чадварын үнэлгээ авч, шууд засалт хийснээр хүний оролцоогүй сонгон шалгаруулалт хийдэг болж байна.
Энэ нь олон нийтийн зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа оролцогчдод шууд хяналт тавих боломжтой болгож байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцааны газрын дарга н.НАРАНТУЯА:
Дэлхийн топ 50 сургуульд суралцах урилга авч, БЗС-гаас зээл авахаар хүсэлтээ ирүүлсэн хүүхдүүдэд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт хийсэн.
Хийсэн ажлын явцыг танилцуулъя. Засгийн газрын 346 дугаар дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу дэлхийн топ 50 сургуульд элссэн суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 2023 оны тавдугаар сарын 11-н хүртэл цахимаар олон нийтэд зарласан. Нийт 133 хүүхэд бүртгүүлсэнээс 33 нь хасагдсан. Хасагдсан шалтгаан нь Засгийн газрын тогтоол, журамд заасан хоёр шаардлагаар хасагдсан. Өнөөдөр 100 хүүхэд сонгон шалгарууллатад оролцоод явж байна.
Сонгон шалгаруулалтын явцын дөрвөн суурь үнэлгээгээр үнэлж, оноожуулсан. Нэгдүгээрт, сургуулийн эрэмбэ, хоёрт хэлний оноо, гуравт тэргүүлэх мэргэжил, дөрөвт голч дүн.
Дэлхийн топ сургуулиудын чансааг тогтоодог хоёр байгууллагын эрэмбээр үнэлгээг хийсэн. Тухайлбал, урилга авсан суралцагч 1-10-т жагссан сургуульд элсэх урилга авсан бол 5 оноо, 11-20-д жагссан сургуулийн урилга авсан бол 4 оноо, 21-30-д жагссан сургуульд суралцах урилга авсан бол 3 оноо, 31-40-д жагссан сургуульд элсэх урилга авсан бол 2 оноо, 41-50-д жагссан сургуульд элсэх урилга авсан бол 1 онооны үнэлгээ өгсөн.
Хоёрт нь, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг шалгуур болгосон. Засгийн газраас тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг баталсан.
Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлүүд байгаа. Хоёрт бүх төрлийн инженер технологи, гуравт байгалийн ухаан.дөрөвт эрэлттэй мэргэжлүүд орсон.
Засгийн газрын 115 дугаар тогтоолоор баталсан мэргэжлүүд багтаж орсон гэж ойлгож болно.
Мөн хэлний оноо:
- IELTS-8 оноо, IBT TOFEL-ийн 115-120 түүнээс дээш оноотой бол 4
- IELTS-7.5 оноо, IBT TOFEL-ийн 111-115 түүнээс дээш оноотой бол 3
- IELTS-7 оноо, IBT TOFEL-ийн 100-110 түүнээс дээш оноотой бол 2
- IELTS- 6.5 оноо, IBT TOFEL-ийн 90-99 онооноос дээш бол 1 гэсэн байдлаар оноожуулсан.
Хүүхдүүд нэгэнтээ элссэн сургуулиа мэдэж байгаа, хэлний хэлний оноогоо мэдэж байгаа учраас авсан оноо нь ойлгомжтой байгаа.
Зарим эцэг эхчүүд “Топ 50 сургуульд элсээд орсон, 1-2 жил сурч байгаа хүүхдэд БЗС-гаас зээл олгогдох уу” гэдгийг их асуусан. Нээлттэй байсан. Мөн суралцаж байгаа оюутан, ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсч байгаа сурагч хоёрт тавигдах шаардлага өөр үү, ижил үү гэдэг асуултыг их тавьсан. Оюутан нь тусдаа, ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээтэй хүүхэд тусдаа. Хавар БЗС-гийн тэтгэлэг зарлагдахад 12 дугаар анги төгсөгчид сургуулиа хараахан төгсөөгүй байсан учраас хагас жилийнх нь голчийг харж, ангилж ялгаж голч оноог нь үнэлгээжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бүх онооны нийлбэрүүд хүүхдийн суурь оноо болоод өнөөдрийн тестэд оролцоно.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.ГАНБАТ:
-Дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авна гэдэг амжилт. 2023-2024 оны хичээлийн жилд 50 хүүхдийг баклаврын хөтөлбөрт хамруулах квоттой учраас суралцах чадварын ерөнхий үнэлгээг оруулж орж ирж байгаа. Дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэхэд гол болгож тавьдаг, зөөлөн ур чадварыг хэрхэн эзэмшсэн байна вэ гэдгээр үнэлнэ. Энэ нь дараагийн төвшний сургуульд элсэн суралцахад хувь хүний суралцах чадвар ямар байна вэ гэдгийг үнэлэх юм. Хувь хүний харилцааны чадвар, танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх байдал, зорилготой байгаа байдал, дасан зохицох байдал, харилцааны чадвар, багаар ажиллах чадвар ямар байна вэ гэдгийг тестээр дамжуулж үнэлнэ. 40 онооны тестийг энэ агуулгын хүрээнд зохион байгуулна.
Танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нийт 50 хүүхдийн 15 суралцагч нь гадаадад суралцаж байгаа учраас онлайнаар оролцоно. Бусад 85 суралцагч Улаанбаатар хотод байгаа тул биечлэн оролцоно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ