Орон сууц, нийтийн хотхонд амьдардаг хүмүүс сонор сэрэмж муутайгаас гал алдаж, өөрийн болон бусдын өмч хөрөнгийг болгоомжгүйгээр шатаах тохиолдол олноор гарч байна. Тухайлбал, тагтан дээрээ тамхи татаж, гүйцэт унтраахгүйгээр шидэх, тагтнаас хаях нь дулааны улиралд олон эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс байраа шатаах эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байж, нийтийн өмч хөрөнгөд гамтай хандахыг иргэд болон Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.
Он гарснаас хойш хүний буруутай үйлдлээс болж тагтнаас эхэлж байрны гадна пасад болон айл шатсан хэд хэдэн тохиолдол гарсан. Сүүлийн жишээ бол Баянзүрх дүүргийн Жуковт тагтнаас эхэлж гал алдаж хоёр айлын байр шатсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Жуковт байрлах “Сэнгүр горхи” хотхоны баруун талд байрлах байрны хоёр давхрын хоёр айлд гал гарсан. Онцгой байдлын газар шуурхай ажиллаж галыг унтраасан ч галд алдсан шалтгаан нөхцөл нь иргэний болгоомжгүй үйлдэл байсан.
Мөн гал гарсан айлд бага насны хүүхэд байсан бөгөөд хоёр давхраас буулгаж, амийг нь аварсан. Алба хаагчид галын шалтгааныг тодруулсан хохирлыг хэн нөхөн төлөх нь тодорхойгүй бөгөөд тухайн хоёр айл хохироод үлдэж байгаа юм.
Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар гал тагт хэсгээс гарсан бөгөөд тамхины иш хаяснаас болсон гэдгийг тухайн үед мэдээлж байв. Үүний өмнөх харамсалтай тохиолдол бол “Их Монгол” хороололд гарсан.
Тагтан дээр нь тог цахилгааны утас, шатах тэсрэх бодис огт байгаагүйг тухайн айлынхан хэлсэн бөгөөд шалтгаан нөхцөл нь тодорхой болсон ч өчнөөн олон сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөрөө хохироод л үлдэж байгаа гэсэн юм.
Энэ мэт олон тохиолдол гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдардаг иргэд тамхиа зориулалтын бүсэд татаж, тагтнаас хогоо хаяхгүй байвал нэг эрсдэлт хүчин зүйл үгүй болно. Мөн дулааны улиралд тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй ахуйн гааз, батерей зэргийг тагт хэсэгтээ байршуулахгүй байхыг онцгойгоос анхааруулж байна. Хэрэв иргэн өөрийн оршин байгаа газартаа ухамсартай байвал ахуйн гал түймэр гарахгүй бөгөөд үүнийг дагасан олон эрсдэл үүсэхгүй билээ. Тиймээс тагтан дээрээ тамхи татдаг бүдүүлэг хэвшлээсээ салахыг уриалж байна.
Холбоотой мэдээ