Улаанбаатар хот тэлж барилга байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр жил бүр ус зайлуулах шугам хоолойн асуудал хүнд байгааг албаныхан хэлдэг. Өмнө нь зөвхөн үерийн эрсдэлт бүс, далангийн ойролцоох айлуудад их хэмжээний бороо орох нь зовлонтой байсан бол одоо хотын төвд явганаар зорчих иргэдэд энэ хүндрэл учирч байна. Тиймээс энэ жил томоохон хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Үндсэн төлөвлөлтийн ажлуудаас гадна дүүргүүдэд ус зайлуулах шугам сувгийн ажлуудыг хийхээр болжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдуугаар хороонд энэ ажлыг хийх бөгөөд тус дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 120 сая төгрөгийн тендер зарласан байна.
Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нягтаршил сүүлийн жилүүдэд ихэсч, шинээр баригдах орон сууц олширсноор нийслэлийн авто зам дээр ус үерлэх тохиолдол нэмэгдсэн болохыг албаныхан хэлсэн. Түүнээс гадна 1960-1980 онд баригдаж байсан угсармал орон сууцнуудын ус зайлуулах шугам хоолойн насжилт дууссанаас үүдэн төвийн авто замын ус зайлуулах хоолой ачаалалтай ажиллах болсон байна.
Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн.
Эдгээр шугам хоолойн засвар шинэчлэлтийн ажилд бүрэн шаардлагатай төсөв нь 370 гаруй тэрбум төгрөг боловч жилд нийслэлээс энэ ажилд нэг тэрбум гаруй төгрөг л төсөвлөдөг байна. Энэ мөнгө нь урсгал засварын ажилд зарцуулж, шинээр шугам, үерийн ус зайлуулах хоолой барьж чаддаггүй аж. Тиймээс нийслэлийн үерийн усны эрсдэл болоод ус зайлуулах шугам сүлжээний асуудал албаныхан болоод иргэдэд хүндрэл учруулсаар байна.
УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭГ ДӨРВӨН ТОМООХОН БАЙРШИЛД ХИЙНЭ
- Алтай хотхоны урд хэсэг /жижиг машин гарахааргүй их хэмжээний ус тогтдог/
- Дүнжингаравын эргэлттэй хэсэг /олон жил их хэмжээний ус тогтож байгаа/
- Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам
- Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Цаашид нийт 400 гаруй км шугам сүлжээг өртгөх шаардлагатай бөгөөд 370 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа.
Холбоотой мэдээ