Титаникийн сэгийг судлах аялалд гарсан гүний хөлөг Эргийн хамгаалалтаас холбоо тасарч, сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэдэнд Ням гаригийн өглөөний 06:00 цагаас эхлээд 96 цагийн хүчилтөрөгчийн нөөц байсан. Тэгвэл гүний хөлгийн зарим хэсгийг өчигдөр /2023.06.22/ Титаникийн сэгээс 487 метр зайд олжээ. Гэвч харамсалтай нь таван аялагч тавуулаа нас барсан байна.
Хөлгийн багт "OceanGate" компанийн гүйцэтгэх захирал, 61 настай Стоктон Раш, британи, пакистан гаралтай бизнес эрхлэгч, 48 настай Шахзада Давуд, түүний хүү, 19 настай Сулеман, Британийн бизнес эрхлэгч, 58 настай Хамиш Хардинг, Францын тэнгисийн флотын шумбагч агсан, нэрт аялагч, 77 настай Пол-Хенри Наргеолет нар багтжээ.
Далайн гүнээс олдсон хөлгийн сэгийг Титан шумбагч онгоцных гэж үзэж байгаагаа АНУ-ын Эргийн хамгаалалтын алба өчигдөр мэдэгдлээ. Титаныг сүйрэхэд юу нөлөөлсөн нь тодорхойгүй ч дэлбэрсэн байж магадгүй. Учир нь Титан шумбагч онгоц эргээс холбоо тасарсны дараахан дэлбэрэлттэй төстэй чимээ илэрчээ. Зарим шинжээч уг дэлбэрэлтийн дараа зорчигчид амьд байж магадгүй гэж найдаж байв.
Британийн бизнес эрхлэгч Хамиш Хардинг нь адал явдлын төлөө амьдралаа зориулсан, хүсэл тэмүүлэлтэй судлаач байсан. Тиймээс дуртай зүйлээ хийж байгаад амиа алдсан гэдэг нь гэр бүл, ойр дотныхонд нь бага ч болов тайтгарлыг өгнө гэжээ. Харин Шахзада Давудын хүү Сулеман аялалд явахаас айсан ч аавыгаа баярлуулахыг хүссэн тул зоригтой шийдвэр гаргасан байна. Францын тэнгисийн флотын шумбагч агсан Наргеолетыг найз нөхөд нь гүний хайгуулын салбарын амьд домог байсан гэж тодорхойлжээ. "Титаник түүний хувьд маш ач холбогдолтой байсан. Том, жижиг хамаарахгүй авчирсан олдвор бүр нь үнэ цэнтэй байсан. Тэрээр Титаникийн сэг рүү 30 гаруй удаа очсон. Түүний хоёр дахь гэр бол далай" гэж хүү нь ярьжээ.
Онгоцны сэгийг усан доорх алсын удирдлагатай эрлийн машины тусламжтайгаар олсон. Гэвч далайн ёроолын нөхцөл байдлаас болоод таван хүний цогцсыг гаргаж авах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ