Э.Минжинсор: Хүүхэд бидний дуу хоолойг сонсоорой

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Э.Минжинсор: Хүүхэд бидний дуу хоолойг сонсоорой

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч Э.Минжинсор УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай ярилцаж зогсоно. Сурагч охин “Нийгэм одоо тэр чигээрээ стресстэй байгаа шүү дээ. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл бухимдалтай “Аниа, одоо яах уу” гээд сууж байсан” хэмээн хэвлүүхэн хуучилна. Тийм ч учраас охин сэтгэл зүйч болохыг хүсдэг гэнэ.  Амралтын өдрөөр Дарханд ажиллаж, “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулах талаар орон нутгийн удирдлагатай хэлэлцэнгээ, “Өсвөрийн парламент”-ын хүүхдүүдтэй уулзсан Л.Өлзийсайхан даргатай Э.Минжинсор охин ийнхүү хэдэн хором ярилцсан юм.

“Хүүхэдтэй илүү ойр байгаасай, хүүхдэд юу хэрэгтэй байгааг асуугаад, цаг тухайд нь шийддэг байгаасай. Хүүхэд бидний дуу хоолойг сонсоорой” гэж охин Л.Өлзийсайхан даргад захисан.

Хариуд нь дарга “За” хэмээн товч хариулаад, “Шийдвэр гаргахад хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шүү дээ. Хүүхэд гэлтгүй дуун хоолойг минь сонсоорой гэдэг сайхан санагдаж байна” хэмээн хэллээ.

А.Энхчимэг: Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтын талаар хүүхдүүд багш, сургуулийн удирдлагуудад илтгэл тавьсан

Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент”-ын чиглүүлэгч А.Энхчимэг багш хотоос ирсэн зочдод ийнхүү танилцууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Тамгын газрын та бүхний санаачилсан “Өсвөрийн парламент”-ын  салбарыг Дархан-Уул аймагт байгуулсан юм. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат болон, хурлын Ажлын албаныхан маань дэмжиж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх клуб болгон манай хүүхдүүдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа тусгаж байдагт талархаж байна. Хоёр хичээлийн жил дамжин энэ хөтөлбөр хэрэгжлээ. Анхдугаар чуулганаараа хүүхдүүд маань  өөрсдийн амьдарч байгаа баг, сурч байгаа сургууль дээрээ судалгаа хийж, асуудлуудаа тодорхойлон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцуулж байлаа.

Сурагчдаа сонгон авахдаа эхлээд Дархан-Уул аймгийнхаа төрийн болон хувийн хэвшлийн 26 сургуулийн 18 сурагчийг сонгон авсан юм. 50 сурагч материалаа ирүүлж байсан. Сонгосон 18 сурагч дээрээ улсын “Өсвөрийн парламент”-д оролцсон гурван сурагчаа нэмээд, нээлтээ хийж байлаа. Багш нар маань хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, дэмжиж ажилласан. Дархан-Уул аймгаас сонгогдож байсан Ардын Их Хурлын депутатууд манай хүүхдүүдэд үйл хэрэг, түүхэн замналаа танилцуулсан. Манай “Өсвөрийн парламент”-ын сурагчид 1921, 1940 болон 1960, 1992 оны Үндсэн хуулиудын тухай контент бэлтгэн, сошиал орчин болон орон нутгийн телевизээр танилцуулж байв.

Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн талаар хүүхдүүд өөрсдөө багш, сургуулийн удирдлагуудад илтгэл тавьж байсан.

Өнгөрсөн жил улсын “Өсвөрийн парламент” уур амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Энэ сэдвийг бид тусган авч, Дархан-Уул аймгийн нөхцөл байдлыг судалж, 670 хайлаас модыг төгсөх ангийн 1200 сурагчтай хамтран Хүүхэд залуус, соёл амралтын хүрээлэндээ тарьж ургуулсан.

Энэ хичээлийн жилд манай аймагт 10 сургуульд “Өсвөрийн парламент”-ын клуб байгуулагдсан. Идэвхтэй ажиллаж байгаа арван сургууль бий. Мөн Орхон, Шарын гол сумын сургуульд “Өсвөрийн парламент”-ын клуб байгуулагдаж, сумдын иргэдийн хуралтай хамтарч ажиллаж байна.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургахад анхаарал хандуулж,  орчны бэрхшээлийг арилгах санаачилга гарган, гурван байгууллага налуу шат, довжоог тэргэнцэртэй хүмүүс, хүүхдийн тэрэг түрж яваа ээжүүд, ахмад настнууд үйлчлүүлэхэд ээлтэй байдлаар зохицуулсан.

Хоёрдугаар чуулгандаа бид бүх сургууль дээр байгаа “Өсвөрийн парламент”-ын клубын сурагчид, багш нараа урьж оролцуулсан юм. Энэ чуулганы үеэр цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, сургуулийн эмч нарыг чадавхжуулмаар байна, харилцаа хандлагыг нь ээлтэй болгомоор байна гэсэн  санал гарсан. Энэ чуулганаас гарсан саналд  үндэслээд, иргэдийн хурлаас дэмжин, сургуулийн эмч нарт гурван удаа цогц сургалт хийсэн гэв.

Э.Энхмаа: “Аялгуут хонх” төслийг багаараа өргөн барьсан

Э.Энхмаа Дархан-Уул аймгийн “Од” цогцолборыг энэ хавар төгссөн, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч юм.

-“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаад юу олж мэдэв?

-“Өсвөрийн парламент” хөтөлбөр  маш олон чадварыг нээж өгдөг. Хамгийн наад зах нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болно. Илтгэх, мэтгэлцэх чадвар, цаг баримтлах чадварт суралцсан. Хамгийн гол нь оролцоог нэмэгдүүлж өгдөг. Багаар  ажиллах чадвартай болгодог.

-Өсвөрийн  парламентчийн хувьд ямар асуудалд анхаарал хандуулав?

-“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаад хоёр жил болж байгаа. Эхний жил “Аялгуут хонх” төслийг багаараа өргөн барьсан. Сургуулийн дуут төмөр хонхыг аялгуутай болгоё гэсэн юм. Дуут төмөр хонх нь дуу чимээний бохирдол үүсгэж байна гэж бид ярилцсан. Хонхыг аялгуут хонх болгоё, сургуулийн зар мэдээллийг спикерээр шууд түгээдэг болъё гэсэн санал санаачилга, төсөл өргөн бариад, одоогоор Дархан-Уул аймгийн гурван сургууль аялгуут хонхтой болсон.

Харин энэ хичээлийн жилд бид үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, жендэрийн тэгш байдал, сургуулийн эмчийн асуудалд анхаарал хандуулсан.

-Хүүхдүүд яагаад сургуулийн эмчийн үйлчилгээнд сэтгэл дундуур байна вэ?

-Хүүхдийг өнгө үзэмжээр нь ялгадаг, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө өгч чаддаггүй, ажлын цагаараа байдаггүй гэх мэт асуудал олон сургууль дээр гарч байсан. Энэ асуудлыг бид хэлэлцээд, сургуулийн эмчийг сургалтад хамруулж зөвлөгөө мэдээлэл өгөх ёстой гэж үзсэн. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, дээр нь  өрхийн эмч нарыг хамарсан гурван өдрийн цогц сургалт болсон. Хүүхдүүдийн оролцоог дэмжиж, хүүхдүүдийн дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж,  аймгийн удирдлагад нөлөөлж, асуудал шийдэгдэж  байгаа гэсэн үг.  Оролцоо гэдэг хүн бүрд байх ёстой юм байна гэж ойлгож авсан гэлээ.

М.Баянмөнх: Бие биеийнхээ ялгаатай байдлыг хүндэтгээд, хүлээн зөвшөөрөөд, ойлгоод явах нь  чухал

Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч  М.Баянмөнх ийнхүү ярилаа.

-Анх багш маань “Өсвөрийн парламент”-ын тухай надад танилцуулсан. Өмнө нь би энэ хөтөлбөрт хамрагдаагүй байхдаа хэл амгүй юм шиг л байсан. Өөрийгөө илэрхийлэх чадвар тааруу байлаа. Одоо бол таних, танихгүй хүний өөдөөс  инээгээд ярьдаг болсон. Харилцаандаа шинэчлэл хийсэн.

-Хүүхдүүд олон асуудлыг хөндөж тавьсан юм билээ. Ямар асуудал илүү ач холбогдолтой байв?

-Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтын асуудал чухал байсан. Үүнийг байхгүй болгодоггүй юм аа гэхэд багасгах, бууруулах чухал гэж үздэг. Нэг хүүхэд бор, нөгөө нь цагаан царайтай  байж болно. Энэ хорвоо ертөнцөд хүн бүр бусдаас ялгаатай. Бие биенийхээ ялгаатай байдлыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрөөд, ойлгоод явах нь л чухал гэж бодож байна гэлээ.

Л.Өлзийсайхан: Та бүгдийнхээ саналыг сонсож, “Парламентын боловсрол” хөтөлбөрөө улам бүр сайжруулах болно

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлдэг “Парламентын боловсрол” хөтөлбөрөө ийнхүү танилцуулав.

-Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах зарчимтай “Парламентын боловсрол” хөтөлбөр маань холбоотой. Идэвхтэй оролцоотой байхад мэдээлэл чухал. Иргэдийн оролцоог хангаж, дуу хоолойг нь сонсдог, шийдвэртээ тусгадаг нээлттэй парламентад иргэд итгэдэг.

Хууль тогтооход оролцох мэдээлэлтэй иргэдийг төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газар энэ хөтөлбөрийг боловсруулсан юм. Дэлхийн улс орнуудын парламентууд ч бас ийм хөтөлбөртэй, хүүхдүүд оролцож байдаг. Оюутан болсон ч энэ хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох боломжийг бүрдүүлэх болно. Гадаад, дотоодын их сургуульд суралцахад “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцсон гэдэг давуу тал болно шүү.

Бид хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчийн гарын авлага, мэдээллийн багц бэлтгэсэн. Та бүхэнд энэ багцаа авчирлаа. “Парламентын боловсрол” хөтөлбөр дөрвөн дэд хэсэгтэй. “Өсвөрийн парламент” дэд хэсэгт маань та бүхэн оролцоод явж байгаа юм. “Парламентын боловсрол” хөтөлбөр маань 102 сургагч багш  бэлтгэсэн.  Чиглүүлэгч  багш А.Энхчимэг маань аль хэдийнээ манлайлагч болжээ.

Хэрэв та бүгд хүсвэл мэтгэлцээний хөтөлбөртөө бас хамруулах боломжтой шүү.   Ийм мундаг хүүхдүүдийг Төрийн ордонтой танилцуулах хөтөлбөртөө урьж байна гэлээ.

Түүх, нийгмийн хичээлийн багш нар “Парламентын боловсрол” хөтөлбөрт манлайлж оролцож байгаа. Цаашдаа  хүссэн бүх багшийг  энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг нээхээр зорьж байна.

Та бүгдийнхээ саналыг сонсож, цаашид энэ хөтөлбөрөө улам бүр сайжруулах болно.  Тусгай хэрэгцээт хүүхдүүд, алслагдсан нутгийн хүүхдүүдийг хөтөлбөртөө хамруулах саналыг бид хүлээн авч, хөтөлбөртөө тусгаж байна.

edu.parliament.mn болон “Парламентын боловсрол” фэйсбүүк, инстаграм хуудсуудаар маань зочлоорой гэв.

Б.Ану

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж