Хятадын гаргүй төгөлдөр хуурч

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Хятадын гаргүй төгөлдөр хуурч

"China"s Got Talent" шоу нэвтрүүлэгт оролцсон нэгэн залуу олон хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж, амьдралын хатуу ширүүнд өвдөг сөгдөөгүй тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ болон ид шидийн гэмээр гайхамшигт авьяасаа гайхуулж байна. 

23 настай Liu Wei гэх энэ Хятад залуу 10 настай байхдаа осолд өртөн хоёр гаргүй болжээ. Найз нартайгаа нуугдаж тоглож байгаад санамсаргүй цахилгааны өндөр хүчдэлд цохиулсан ба эмнэлгийн орон дээр ухаан ороход нь түүний хоёр гарыг тайрсан байсан аж.

Энэ үед түүнд амьдрах ямар ч сонирхол байхгүй болж, сэтгэл санаагаар ихэд унасан байна. Харин түүний ээж “Чамд бусдаас дутах юм юу ч байхгүй. Өөдрөг амьдар” гэж өдөр бүр хэлдэг байжээ. Өөрийг нь өдөр бүр асран, түүнд итгэж байгаа ээжийгээ хараад хүү “Надад хоёр л сонголт байна. Нэг нь аль болох хурдан үхэх. Ингэж хүний гар харж, ээжийгээ зовоож амьдарч байхаар хурдхан үхсэн нь дээр. Хэрвээ амьдрах бол би хэнээс ч дутахгүй, бүр гайхалтай сайхан амьдрах хэрэгтэй” хэмээн бодсон байна. Тэгээд өрөөний мухарт шигдэж, азгүй хувь тавиландаа гутарч, уйлж өдөр хоногийг өнгөрөөхөө больж, өөртөө зорилго бий болгож, сайхан амьдрахаар шийджээ. Түүний хамгийн том хүсэл нь амжилтанд хүрч, алдартай хөгжимчин болж ээжийгээ баярлуулах байсан гэнэ.

“Ээжид минь би заавал амжилтад хүрэх хэрэгтэй биш. Би эрүүл бас аз жаргалтай л байвал ээж минь баярлана. Гэхдээ би ээжийгээ надаар бахархаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг” хэмээн тэр хэлжээ.

Хувцсаа өмсөх, хоол идэх, бие засах гээд бүх зүйлд нь хүний тусламж хэрэгтэй. Хэн нэгэн түүний хажууд бйаж туслахгүй бол тэр бие дааж амьдрах чадваргүй нэгэн байсан аж. Харин тэр өдөр өдрөөр өөрийгөө зоригжуулан би чадна хэмээн зүтгэснээр бага багаар өөрөө хийж сурчээ.

“Энгийн хүний өдөр тутам хийдэг жижиг зүйлсийг өөрөө хийж сурахад ямар их цаг хугацаа, ямар их хичээл зүтгэл орсон гэж санана” хэмээн Liu Wei хэлжээ.

Ингэж хичээж, зүтгэсээр тэр 19 настай байхдаа төгөлдөр хуур тоглож сурахаар шийджээ. Хөлийн хуруугаараа төгөлдөр хуур тоглож сурна гэдэг маш хэцүү. Гэхдээ л Liu Wei ээжийнхээ төлөө өөрийнхөө төлөө гайхалтай сайхан амьдрах ёстой. Тэгэхийн тулд тэр бууж өгч, шантарч болохгүй. Ингээд л тэр өдөр бүр цаг минут тутам хичээж хичээллэснээр зорилгодоо хүрч чаджээ.

Шоу нэвтрүүлэгт оролцохоор гарч ирэхэд түүнийг хөлөөрөө төгөлдөр хуур дарна гэхэд хүмүүс ихэд гайхаж хүлээж авсан байна.

Тэрбээр Richard Clayderman-ы "Mariage D"amour" хэмээх гайхалтай аялгууг тоглоход шүүгчид, танхимд суусан үзэгчид нулимс урсган сонслоо. Энэхүү аялгуунд түүний сэтгэлийн гуниг уйтгар, хүнд хэцүүг даван туулсан сэтгэлийн зориг шингэсэн байлаа.

Тоглож дуусахад хүн бүр халуун алга ташилтаар шагнаж, түүнийг бахдан биширч байсан юм. Тэрбээр “Төгөлдөр хуурыг заавал гараараа тоглох ёстой гэж хэн ч хэлээгүй шүү дээ” гэж хэлэх дуртай.

Тэр зорилгоо биелүүлж чадлаа. Ээж нь бас дэлхийн өнцөг буланд амьдарч буй сая сая хүн түүнээр бахархаж байна. Түүнийг амжилтын урт зам хүлээж байна.

Видеог энд дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж