УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хаврын чуулган өндөрлөх дөхөж байна. Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллав. Байнгын хорооны үйл ажиллагаа, үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?
-Та бүхэн мэдэж байгаа. Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор холбогдох байнгын хорооны даргын хувьд өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Ингээд дээрх хуулийн хэрэгжилт болон цахим шилжилт Монгол Улсад ямар хэмжээнд явж байна вэ, “Цахим үндэстэн болно” гэсэн зорилт биеллээ олж байна уу гэдэгт анхаарч ажилласан. Зөвхөн төрийн үйлчилгээг цахим болгохоос илүүтэй энэ салбарт таатай экосистемийг бүрдүүлэх нь чухал. Хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа эргэлтэд оруулах, ард иргэддээ хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх гээд цахим шилжилт гэсэн ойлголтын цаана маш олон ач холбогдолтой агуулга багтаж байгааг хэлэх нь зүйтэй. Өөр нэг зүйл нь Монгол Улс бол парламентын ардчилалтай улс. Тэр ч утгаараа парламентын хэлэлцэж байгаа хуулиудад иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор “D-parliament” платформыг нээн ажиллуулж байна. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүд болон өргөн барьсан хуулиуд иргэдэд ил тод болсон. Иргэд маань“D-parliament” системд хандаж, хуулийн төслийн зүйл заалт бүр дээр өөрийнхөө сэтгэгдэл саналыг хэлэх боломжтой. Мөн манай байнгын хороо өнгөрсөн хоёрдугаар сард олон улсад e-petition нэршлээр хэрэглэгддэг журмыг баталсан. Энэ нь Монгол Улсын иргэн “D-parliament” системд ороод өөрийн e-petition цонхыг нээж, парламентад асуудлаа шууд хүргэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тухайн иргэний гаргаж тавьсан санал магадгүй 30, 70 ,100 мянган хүний санал авбал УИХ ажлын хэсэг байгуулах, байнгын хороогоор хэлэлцэх, цаашлаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх ийм зохицуулалтыг хийж ажиллаж байна.
-Ер нь аливаа цаг үеийн асуудал дээр олон нийтийн саналыг үндэслэн, шийдвэр гаргадаг олон улсын жишгийг нэвтрүүлжээ?
-Тэгж хэлж болно. Хамгийн эхний жишээ гэхэд та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө Солонгост монгол охиныг дээрэлхсэн асуудал гарсан. Энэ асуудал дээр монголчууд тухай орны төрийн шийдвэр гаргах түвшний платформ руу хандаж, хэдэн зуун мянгаараа саналаа өгч, асуудлыг ерөнхийлөгчийнх нь түвшинд хүргэж үнэн зөвөөр шийдүүлж чадсан. Яг үүнтэй адилхан “D-parliament” ирэх долдугаар сараас албан ёсоор ажиллаж, санал гомдлоо хүлээн авч эхэлнэ.
-Цахим хөгжлийг дэмжих багц хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Бид хуулийн хэрэгжилтийн хүрээнд 60 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзсан гэж хэлсэн. Хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд цахим баримт бичиг, цахим гарын үсгийг бүх түвшинд хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай заалт орсон. Гэвч салбарын хуулиуд дээр бичгээр буюу цаасаар авах, заавал бичиг баримтаа бүрдүүлээд биеэрээ очиж байж хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудлууд байна. Хоёрдугаарт, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс нэхэхгүй байх тухай заалт бий. Энэ заалт мөн одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байна. Тэгэхээр цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 120 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар манай байнгын хороон дээр дээрх хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
– 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цахим шилжилтэд ямар ач холбогдолтой гэж та харж байна?
– Өнөөдөр цахим шилжилтийн үр дүн, ахиц, дэвшил олон байгаа ч зарим асуудал тунхаг төдий байгаа нь үнэн. Эдгээр 120 хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж, цаасаар болон биечлэн авдаг харилцаануудыг цахимаар зохицуулах сонголтыг нэмж өгснөөр Монгол Улсын цахим шилжилт дараагийн түвшинд гарах болно. Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авах гэж байгаа бол заавал өөрөө очих шаардлагагүй болно. Их хэмжээний цаг хугацаа хэмнэнэ. Төрийн албан дахь хүнд суртал бүрэн арилна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтган үздэг болно. Байгууллагууд хоорондоо цахимаар гэрээ байгуулж, биечлэн тамга тэмдгээ дардаг байдлыг хална. Төрийн үйлчилгээ авахдаа цахимаар өргөдөл гомдол, хүсэлтээ өгөөд хариугаа цахимаар авах бололцоо нээгдэнэ. Цахим өргөдөл, гомдол, хүсэлт, хариуг албан ёсных гэж тооцдог болно гэсэн үг. Мөн тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1300 гаруй тусгай зөвшөөрлийг төрөөс олгодог байсан бол үүнийг 369 болгож бууруулсан. Хамгийн сүүлд хуулийн этгээд, тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой “ Е-business” платформыг нээсэн. Жишээ нь компани байгуулахад одоогийн байдлаар бүх шат дараалал цахимжиж арай чадаагүй байна. Тэгвэл 120 хуулийн өөрчлөлтөөр 100 хувь цахимаар компаниа нээж, тусгай зөвшөөрлөө авч чадна. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хууль, “ Е-business” систем амь орно гэсэн үг. Энэ мэтчилэн цахим шилжилтийг бүх салбарт хурдасгах хууль эрх зүйн орчин бүрдэх юм. “И-Монголиа” платформ нээгдээд гурван жил болж байна. Ингэхдээ 260 тэрбумын хэмнэлт хийжээ. Тэгэхээр цаашид хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болсноор эдийн засгийн үр өгөөж нь ч нэмэгдэх учиртай.
-Зарим төрлийн гэрээнүүдийг цахимаар хийдэг болох юм байна. Энэ үнэхээр боломжтой асуудал уу?
-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар 700 мянган иргэн тоон гарын үсгээ авсан мэдээлэл байна. Тэгэхээр хоёр иргэн хоорондоо цахимаар гэрээ хийх боломжтой. Салбаруудын хуулиар бол заавал бичгээр гэрээ хийнэ гэсэн байна. Харин одоо хэлэлцэж байгаа 120 хуульд өөрчлөлт орсноор тоон гарын үсгийг бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй гэж үзэн бүрэн ашиглах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Нөгөө талаар бид дэлхий нийттэйгээ хөл нийлж байна гэсэн үг. Цаашлаад Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хөгжсөн улс орны компани, иргэнтэй шууд цахим гэрээ хийж болох тийм орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Сингапур , Англид байдаг тоон гарын үсгийн аудит хийдэг байгууллагуудаас сертификат авч болно. Хэрэв тэр сертификатыг нь авчихвал Монгол Улсын тоон гарын үсэг бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө.
-Төрийн үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ хувийн хэвшлийн цахим шилжилтэд бас нөлөөлөх юм байна. Ялангуяа иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон банк, санхүүгийн үйлчилгээнд өөрчлөлтүүд нэлээн гарна гэж ойлгосон?
-Банк, санхүүгийн салбарынхан цахим шилжилтэд хамгийн түрүүнд нэгдэж байна. Онлайн зээл, мобайл банк, аппликэйшнүүд гээд банкууд маань энэ салбарын хөгжилд түрүүлж алхаж байгааг хэлэх нь зүйтэй. Харин заавал биеэр очих шаардлагатай харилцаа байсаар байгаа. Тухайлбал, анх удаа данс нээж байгаа иргэн заавал биечлэн очих ёстой байдаг. Ингэхээр гадаадад амьдардаг иргэн Монгол Улсын ямар нэг нэгэн банкинд данс нээлгэх боломжгүй байна. Энэ тухай маш тодорхой хуулийн заалт бий. Ажлын хэсэг ярилцаад хуулийн заалтыг өөрчилж тэр боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж ярьж байна. Эцсийн дүндээ бид дэвшилтэт технологийг ашиглаад иргэнээ цахимаар бүрэн таних бололцоог нь нээж өгөх ёстой. Мөн тухайн иргэн эрсдэлтэй юу, хууль бусаар олсон мөнгөө банкинд байршуулах гээд байна уу үгүй юу гэдгийг цахимаар таньж мэдэх бололцоогоор хангаж өгөх ёстой гэж бодож байна. Дэлхий маань аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу явж байна. Мэдээлэл технологи маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр бид хөгжил дэвшилтэй хөл нийлүүлээд явах нь хамгийн чухал. Хойш суугаад байх нь буруу л даа.
-Цахим шилжилтийг хурдасгах тодотголтой 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэзээ батлахаар төлөвлөөд байна вэ?
– Энэ хуулийн төслүүд Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж бүрийн үйл ажиллагаанд, амьдралд нь эерэгээр нөлөөлөх, цаг хугацаа хэмнэх, хүнд суртлыг арилгах ач холбогдолтой учраас ажлын хэсэг шуурхай, нухацтай хандаж ажиллах ёстой. Энэ бол цахим үндэстэн болох том зорилгодоо хүрэхэд маш том алхам болно. Мөн цаашдын хөгжлийн алхмыг энэ хуулиуд маань тодорхойлно. Тухайлбал, бид хиймэл оюун ухааныг хууль тогтоох үйл ажиллагаа болон эдийн засгийн салбарт нэвтрүүлэх ёстой. Олон улсад хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хөгжчихсөн байна.
-Олон улсад цахим үндэстэн болж байгаа сайн жишиг аль улсад байна вэ?
-Хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээгээ цахимжуулж байгаа улс орны нэг бол Эстони байна. Мөн Сингапур, Солонгос улс байна. Харин хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологидоо хамгийн их хөрөнгө оруулж байгаа нь Хятад болон Америк улс байгаа.
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ