Тяньжин нь Хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв. Тэнд болох “Зуны Давост”-т улс орны төр засгийн удирдлагууд, үндэстэн дамнасан корпорацийн эзэд, бизнесийн магнатууд, эдийн засгийн шинжээчид чуулах юм. Монгол Улсыг төлөөлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар оролцоно.
Хятад улс хил залгаа хөршүүдтэйгээ, тэр тусмаа Төв Азийн орнуудтай “коннективити” хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг эрмэлзэж буй агаад өнгөрсөн тавдугаар сард Шиань хотод Хятад ба Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ. Шиань хотоос Төв Азийг чиглэсэн агаарын шинэ коридорууд тасралтгүй нэмэгдэх болсныг дэлхийн хэвлэлүүд ч онцлох болсон билээ.
Тэгвэл Төвийн Азийн төв цэг Монгол Улс Евразийг холбосон гол тоглогч болох асуудал Тяньжины хэлэлцээн нэг сэдэв байх нь дамжиггүй. Далайд гарцгүй Монголын хувьд хоёр том гүрний дунд орших геополитикийн сул талаа геостратегийн давуу тал болгож чадвал “алтан сувагтай” боллоо гэж ойлгох хэрэгтэй.
Л.Оюун-Эрдэнийн “монгол дэн” гэгдэх болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэгдүгээр зорилт нь БООМТЫН СЭРГЭЛТ. Боомтын боомийг тайлж, улсынхаа орлогын үүдийг нээхийн тулд тэрбээр багагүй амбицлаж яваа. Боомтын хүчин чадлаар Монгол Улс дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгддэг агаад хүчин чадлыг нь гурав дахин нэмэгдүүлснээр тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар сайжирна гэсэн эерэг хүлээлт хэдийнэ үүссэн.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын экспорт Баяннуурын аймгийн даргын, импорт нь Эрээн хошууны даргын үзэгний үзүүрээр шийдэгдэж ирсэн. Тиймээс нэг боомтын төвлөрлийг задлахгүйгээр Эрээн найтаах төдийд Монголын эдийн засаг хямардаг хэвээрээ байна гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнийн хувьд Монголын Ерөнхий сайдын хувиар Хятадын хоёр ч Ерөнхий сайдтай гар барих ерөөлтэй байжээ. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн олимпын үеэр Хятадад айлчлахдаа Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон бий. Үүний дараа өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар Монголд айлчилсан Ван И энэхүү тохиролцоогоо баталгаажуулаад буцахдаа Л.Оюун-Эрдэнэтэй ихээхэн ойлголцсон гэх яриа сонсогдсон. Энэ нь Төрийн ордны “тамхины цэг”-ийн хов биш нь мэдээжийн хэрэг.
Монголын үе, үеийн Ерөнхий сайд нарын Хятадтай ярьж тохирдог гол сэдэв нь нүүрсний экспорт. Алт, зэс, нүүрс гээд уул уурхайн бүтээгдэхүүний орлогоороо “амьдралаа залгуулдаг” монголчуудын хувьд урд хөрш рүү гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэж байвал сайн. Тиймээс энэхүү уламжлалт сэдэв хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын хүрээнд яригдах тодорхой юм. Биржээр дамжуулан нүүрсээ зарах нь Монголын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх болсон гэх мэдээллийг X богдтой холбох хүмүүс мэр сэр бий. Гэхдээ үүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тоо баримт, статистик үзүүлэлтээр няцаасан билээ.
Үнэндээ Монголын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байгаа гол бэрхшээл нь тээвэрлэлт. Хэдийгээр нүүрсний үнийн уналт энэ зургадугаар сараас тогтворжиж, ирэх сараас эргэн өсөх дүр зураг ажиглагдаж байгаа ч тээвэр, ложистикийн байдлаасаа болж нүүрсний үнийн өсөлтийг Монголд хүртэж чадахгүй өдий хүрсэн. Тиймээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд гарцаа нэмэхээс өөр арга байхгүй. Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн төмөр замууд холбогдож байж Монгол Улс нүүрсээ үнэ хүргэж зарах нь эдийн засгийн хувьд энгийн логик.
Баяннуур аймагийн эсвэл Эрээн хотын "хурган" дарга нарын өмнө Монгол Улс үргэлж толгой бөхийж амьдрахгүй гэвэл Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага ч бий.
Төмөр замын төв коридор /Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-ЭрээнУлаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин/-ыг шинэчлэн хөгжүүлж, хос зам барьснаар Монгол Евразийг холбосон гүүр болно. Үүний тулд төмөр замын шинэ төслүүдээ түргэвчлэхээс өөр гарцгүй агаад Л.Оюун-Эрдэнийн Бээжингийн айлчлалаас хойш энэ чиглэлийн шинэ коридоруудыг барих ажил идэвхтэй өрнөж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан. Энэхүү шинэ коридор нь өргөн, нарийн царигийн гарцтай гэдгээрээ онцлогтой.
Үнэхээр ч шинэ төмөр замуудын бүтээн байгуулалт гадаад, дотоодын улс төрийн саад бэрхшээлтэй тулгараагүй энэ эрчээрээ явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10 мянган ам долларт хүрсэн байх байлаа гэх Ерөнхий сайдын үгтэй санал нийлнэм.
Нөгөөтэйгүүр, “Аль ч талаасаа бодсон төмөр зам бол Монгол Улсын эрх ашигт нийцэх ёстой. ОХУ ч гэсэн нүүрсний экспортын төмөр замаа нарийн царигаар Хятад руугаа Алс Дорнодоор гаргачихсан шүү дээ. Яагаад Монгол Улс нарийн царигаар төмөр замаа барьж болохгүй гэж. Энэ бол Монгол Улсын өөрийн шийдэх ёстой, эрх ашигт нийцсэн том бодлогын асуудал гэдгийг эрх биш УИХ-ын гишүүд, ард иргэд хатуу ойлголттой болсон гэж бодож байгаа” гэж хэвлэлд ярилцлага өгсөн “МАК” группын үүсгэн байгуулагч, Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны дэд дарга Б.Нямтайширын зөвлөгөөг анхааралдаа авахаас өөр аргагүй.
Өнгөрсөн тавдугаар сар эхэлсэн Өмнөговь аймгийн Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн долоон км нарийн царигтай төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар жилдээ хамгийн багадаа л 20 сая тонн бараа зөөхөөр тооцжээ. Хамгийн гол нь энэхүү бүтээн байгуулалт баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл нь болж буй. Засгийн газрын зүгээс Шивээхүрэн, Нарийн сухайт, Арц суурь чиглэлийн 1250 км төмөр зам барих ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх, Хөөт, Бичигт, Зүүн хатавч чиглэлийн 426 км төмөр замын барих сонгон шалгаруулалт зарласан, удахгүй концессын гэрээг байгуулахаар төлөвлөж буй гэсэн сайн мэдээ дуулдаж байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн яаньжинд очих гол зорилго, онцгойлох хэлэлцэх сэдэв нь транзит Монгол болох тухай! Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нь Ши Жиньпинийг мужийн захирагч байхаас удирдлага дор нь ажиллаж ирсэн итгэлт нөхөр нь аж. Тиймээс Ли Чянтай тохирно гэдэг үндсэндээ Ши Жиньпинтэй тохирсон гэсэн үг.
Холбоотой мэдээ