“Монголд 400 мянга орчим эзэнгүй амьтан бий”

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

“Монголд 400 мянга орчим эзэнгүй амьтан бий”

“Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Тэмүүлэнгээс тодрууллаа.


-“Азтай савар” төрийн бус байгууллага байгуулах болсон санаачлага юунаас үүдэлтэй вэ?

-Анх зодуулсан, дайруулсан, өвдсөн нохдод туслахаас сайн дурын ажлаа эхлүүлсэн. Улмаар муур, туулай зэрэг амьтдыг хамгаалах ажлыг хийснээр “Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллага маань байгуулагдсан түүхтэй.  2013 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 шахам жил үйл ажиллагаа явуулж байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэд орчим амьтан аварсан бол?  

-Дэмжигч нарынхаа тусламжтайгаар өдөр бүр амьтдад тусалдаг. Олон хэлбэрээр тусалдаг. Жишээлбэл, 2022 оны сүүлийн улирлын байдлаар 3100 орчим өвчтэй амьтдыг эмчлүүлсэн, 1750 орчим амьтдын үржлийг хаасан байсан. Амьтдын үржлийг хааснаараа хэдэн зуун мянган амьтад хаягдаж, зодуулж, буудуулж золгүйгээр хөнөөгдөхөөс сэргийлдэг.

-Үйл ажиллагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудал юу вэ. Жишээ татвал?

-Одоо л Монголд ашиг харахгүйгээр гэртээ амьтан тэжээх соёл дэлгэрч байгаа болохоор асуудал их. Хариуцлагагүй, увайгүй хүмүүс их хүндрэл үүсгэдэг. Жишээлбэл, амьтан тэжээхдээ хайхрамжгүй ханддаг байдал нь. Амьтдаа үржил хязгаарлах мэс ажилбарт оруулдаггүй. Дургүйгээ хүрэхээр шууд гаргаад хаячихдаг. Энэ нь эзэнгүй амьтад олшрох, гэмгүй амьтад зовох гол шалтгаан болдог. Гүтгэдэг, гоочлодог, хараадаг хүмүүс их хэцүү. Сайн дураараа, цаг гаргаад, чадахаараа зүтгэж байгаа гишүүддээ их санаа зовдог. Монголд 300,000-400,000 эзэнгүй амьтан бий. Харин манай байгууллагад идэвхтэй ажилладаг 20 гаруй хүн бий. Тиймээс энэ олон амьтдад яаж хүрч ажиллах билээ. Муухай үг хэлэхдээ бодолтой байхыг хүсмээр байна. Эзэнгүй амьтад бол нийгмийн асуудал. Тиймээс хүн бүрийн оролцоо чухал.

-Нийслэлийн хоёр ч дүүрэгт 100 сая төгрөгийн үржил хаалгах мэс ажилбарын тендер зарласан байсан. Энэ асуудалд танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?

– Анх үржил хязгаарлах мэс ажилбарын талаар ярихад хүмүүс ихэд дургүйцэж "Нохойд спираль тавих гэж байна" зэргээр худал мэдээлэл тараах нь хэцүү байсан. Одоо хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод энэрэнгүй аргаар эзэнгүй амьтдын асуудлыг шийдэхэд нэгдэж байгаа нь сайн хэрэг юм. Эр, эм хоёр нохойн үржлийг хязгаарлахад 6 жилд 67,000 болж үржихээс нь урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Муур бол бүр хурдан үрждэг. Тиймээс үржил хязгаарлах нь хамгийн үр дүнтэй бас энэрэнгүй арга юм.

-Хамгийн их аз жаргал мэдэрдэг мөчөөсөө хуваалцвал?

-Аварсан амьтнаа амьдарч явааг харах хамгийн гоё. Тэднийг харан урам авч, ажилладаг.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж