Мариуполь оршуулгын газар болох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Мариуполь оршуулгын газар болох ёсгүй

Мариуполь оршуулгын газар болох ёсгүй

Үзэсгэлэнтэй ногоон байгууламж, усан доорх судалгааны төв, далайн эргээр зугаалж буй гэр бүлүүд. Орчин үеийн далайн эргийн хотын тухай төсөөлөл мэт боловч архитектурын зургаас нь энэ газрын өнгөрсөн хар бараан түүхийг харж болно. Энэ бол дайны хөлд нэрвэгдсэн Мариуполь хотын сэргээн босголтын төлөвлөгөө.

Тус хотод Азовсталь дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг барьж байна. Бүтээн байгуулалт хийж буй эхний байршилд өнгөрсөн оны гуравдугааар сарын 16-нд 600 гаруй хүн нас барсан гэх тооцоо бий. Тодруулбал, энэ өдөр Оросын агаарын дайралтаас амь хоргодох газар хайж явсан хүмүүс ийм олноороо нас баржээ. Азовсталь үйлдвэрийн бүсэд цэргүүдээс гадна 1000 гаруй энгийн иргэн 80 хоногийн турш Оросын довтолгоог сөрөн зогссон.

Дайн эхэлснээс хойш Мариупольд 22 мянга орчим энгийн иргэн амиа алдаж, хотын дэд бүтцийн 90 хувь нь сүйджээ. 69 сургууль, 15 эмнэлэг гээд хотын нийт барилга байгууламжийн тал нь үгүй болсон. Дайнаас өмнө хагас сая хүн амтай байсан хотод өнөөдөр 120 мянган хүн л байна.

Өдгөө тус хот нь ОХУ-ын хяналтад байна. ОХУ Мариуполийг өөрсдийн хот болгож, сэргээн босгох гэж байгаагаа зарласан. Тиймээс ерөнхийлөгч Путин энэ оны гуравдугаар сард Мариупольд айлчлан, иргэдтэй уулзаж байв. Түүний иргэдтэй уулзаж буй бичлэг тухайн үедээ шуугиан тарьж, “худлаа, зохиомол шоу” гэж шүүмжлүүлсэн.

“Мариуполь Реборн” төслийг Украины хамгийн баян бизнесийн удирдагчдын нэг Ринат Ахметов, Европын сэргээн босголт хөгжлийн банк, “USAID” зэрэг байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Мөн эхний ээлжинд 200-250 мянган хүн амьдрах боломжтой байх юм. Хүмүүс буцаж ирэхийн хэрээр хотын хүчин чадлыг жил жилээр нэмэгдүүлнэ. Удахгүй 350 мянган хүн амтай болно гэсэн хүлээлттэй байна.

ОХУ одоогийн байдлаар өөрсдийнхөө устгасан зүйлийн ойролцоогоор нэг хувийг сэргээн босгожээ. Үүнийгээ зөвхөн Оросын телевиз үзэгчдийг татахын тулд л хийсэн гэж 2015 оноос хойш хотын захирагчаар ажиллаж байсан Вадим Бойченко хэллээ. Вадим Бойченкогийн эсрэг байсан Оросын талыг баримтлагч Константин Иващенког өдгөө Кремлиэс Мариуполийн зөвлөлд томилжээ.

Украины баруун хэсгийн Львов хотод энэ сарын 28-ны өдөр Мариуполийн сэргээн босголтыг хэлэлцэх хоёр өдрийн хурал болно. Энэ хурлаар төлөвлөгөөнүүдийг албан ёсоор хэлэлцэнэ. Амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 15 жилийн хугацаанд ойролцоогоор 14.5 тэрбум ам.доллар шаардагдана гэж үзэж байна.

Уг хуралд Польшийн Варшав, Вроцлав, Гданьск хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцоно. Эдгээр нь өөр өөрийн сэргээн босголтын түүхтэй хотууд юм. Төлөөлөгчид Мариуполийн эцсийн төлөвлөгөөг батлахаас өмнө Львов хотод санал бодлоо илэрхийлэх аж.

Өдгөө Украины зүүн болон өмнөд хэсэгт удаан хүлээсэн сөрөг довтолгоо үргэлжилж буйд сэтгэл хангалуун байгаагаа Вадим Бойченко мэдэгдсэн. Тэрбээр “Төлөвлөлтийг яг одоо эхлүүлэх ёстой. Дэмий үрэх цаг алга. Украины зэвсэгт хүчин Волноваха хотод ойртсон байна. Эндээс Мариуполь 60 км зайтай. Энэ бол тээврийн чухал зангилаа болсон хот. Дэлхийн хоёрдугаар дайны үед зөвлөлтүүд Волновахагаар дамжин Мариуполь хотыг чөлөөлсөн. Бид Украины зэвсэгт хүчинд итгэдэг. Бид энэ жил Мариуполь руу буцаж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэр ярьлаа.

Мариуполь оршуулгын газар болох ёсгүй гэж Бойченко үзэж байна. Нас барагсдыг олноор булшилсан газруудад дурсгалын хучилттай чулуу хийх аж. Мөн Оросын эзлэн түрэмгийлэх оролдлогыг эсэргүүцсэн 86 хоногтой холбогдуулан шинэ музей байгуулна. Хуучин драмын театрыг сэргээн засварлахгүй аж. Харин оронд нь Нью-Йоркийн ихэр цамхгаас сэдэвлэсэн музейгээс санаа авч дурсгалын хөшөө босгоно. Түүнчлэн “Мариупольд Оросын нөлөө давамгайлахыг зөвшөөрөхгүй” гэж Бойченко хэллээ.

Сэргээн босголттой холбоотойгоор Мариуполь хотын оршин суугчдаас санал асуулга авчээ. Хотоос юуг зайлуулах, юуг хэвээр нь үлдээхийг асуусан байна. Иргэд Зөвлөлтийн үеийн бүх зүйлийг хотоос зайлуулах ёстой гэдэгт санал нэгджээ. Тиймээс мариупольчууд шинэ зүйл бүтээхийн сацуу түүхээ хадгалж үлдэх ёстой болж байна.

Мариуполиос гадна Украины ерөнхий сэргээн босголтын төлөвлөгөө ч мөн олон улсын анхаарлын төвд байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-нд Лондон хотноо Украины сэргээн босголтын бага хурал болов. Энэхүү бага хурлын үеэр дэлхийн 400 гаруй компани сүйрсэн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлав. Тухайлбал, “Citi”, “Sanofi”, “Philips” зэрэг компани гэрээнд гарын үсэг зуржээ.Түүнчлэн Их Британи, АНУ нэмэлт тусламж үзүүлэхээ энэ хурлын үеэр зарласан.

Украиныг сэргээн босгохын тулд хөрөнгө босгох нь томоохон сорилт болоод буй. Засгийн газрууд энэ сорилтыг хөрөнгө оруулагчдын тусламжгүйгээр даван туулах боломжгүй юм. Дайн эхэлснээс хойш Украины сэргээн босголтод зарцуулсан нийт мөнгө 411 тэрбум ам.доллар болсныг Дэлхийн банкнаас гуравдугаар сард мэдэгджээ. Мөргөлдөөн даамжрах тусам энэ хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ерөнхийлөгч Зеленский Зеленский “BlackRock” болон “JPMorgan” компаниудыг Украины хөгжлийн санд зөвлөхөөр элсүүлэхийг зорьсон. Украины хөгжлийн сан нь төлөвлөлтийн шатандаа байгаа бөгөөд мөргөлдөөн дуусах хүртэл ашиглалтад орохгүй ажээ.

Эх сурвалж: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж