IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганыг зохион байгууллаа

Ази ба Баруун номхон далайн гэрээлэгчдийн ассоциациудын олон улсын нийгэмлэг (IFAWPCA), Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Барилга, хот байгуулалтын яам хамтран Монгол Улсад анх удаагаа IFAWPCA-ийн 42 дахь дунд хугацааны чуулганыг зургадугаар сарын 14-17-ны хооронд Улаанбаатар хотноо 18 орны 200 орчим барилгын салбарын мэргэжилтэн, инженерүүд, архитекторууд, гэрээлэгчид, хөрөнгө оруулагчдын төлөөллүүдийг нэгтгэн нэгэн дээвэр дор цуглуулан “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн нээлттэй өдөрлөг”, Олон улсын “барилга, бүтээн байгуулалтын бизнесийн форум болон B2B уулзалт”, Олон улсын “тогтвортой барилгын эринзэрэг цуврал арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан чууллаа.


Монголын барилгын топ компаниудын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг зургадугаар сарын 14-ний өдөр “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн нээлттэй өдөрлөг”-өөр танилцууллаа.

“Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн нээлттэй өдөрлөг”-ийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга нар нээн үг хэлж, Монголын барилгын топ компаниуд нь өөрсдийн барилга, бүтээн байгуулалтынхаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Уг арга хэмжээний үеэр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Европын холбооны “дулаан шийдэл” төслийн санхүүжилттэй барилгын салбарын дунд, том, хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч зэрэг бизнес эрхлэгчид болох Ажил олгогчид болон Бригадууд, хувь хүмүүс, бичил, жижиг бизнес эрхлэгчид болох ажил эрэлхийлэгчдийг дундын зуучлалгүйгээр хоорондоо холбогдоход зориулсан “Барилгын ажил” цахим системийг хөгжүүлж, үүнийг төрийн үйлчилгээний ХУР, ДАН, И-МОНГОЛ системүүдтэй холбож, Барилгын салбарын нэгдсэн мэдээллийнсантай нэгтгэн цахимжуулсан үйл ажиллагааг танилцууллаа.

Барилгын салбарт тулгамдаж буй талаарх олон улсын экспертүүдийн туршлага болон монгол улсын барилгын компаниудын төслүүдийг зургадугаар сарын 15-ны өдөр олон улсын “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн форум, B2B уулзалт”-аар танилцууллаа

Олон улсын “барилга, бүтээн байгуулалтын бизнесийн форум, B2B уулзалт”-ад олон улсын экспертүүд болох IFAWPCA-ийн 1-р Дэд ерөнхийлөгч, Сингапурын гэрээлэгчдийн ассоциацийн Ерөнхийлөгч асан Кеннет Лу нь: “Сингапурын барилгын салбарын уян хатан чанар болон идэвхтэй байдал”, IFAWPCA-ийн Ерөнхийлөгч асан, Малайзын Мастер барилгачдын холбооны Ерөнхийлөгч болон Хүндэт зөвлөх асан, “Бина Пури холдингс Бэрхадын групп”-ын Гүйцэтгэх захирал ноён Датук Мэттью Ти нар оролцов.  “Олон улсын зах зээл дээрх Гэрээлэгчдэд тулгамдаж буй хүндрэлүүд болон шаардлагууд”, мөн олон улсын түншлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа МБҮА ТББ-ын гишүүн байгууллагуудын томоохон бүтээн байгуулалт болох “БҮТИ” ХХК-ийн “Акуа гардэн & усан парк, спорт цогцолбор”, “Инвескор проперти” ХХК-ийн “IC ТАУЭР” зэрэг олон сонирхол татсан илтгэлүүд танилцуулагдлаа. Дэлхийн хамгийн том барилгын гүйцэтгэгч компаниудыг IFAWPCA-ийн гишүүн орнууд болох Австрали, БНСУ, Япон, Сингапур болон сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа Тайланд, Малайзын Барилгын гэрээлэгчдийн холбоонд нэгтгэсэн онцлогтой байдаг бөгөөд Монголын барилгын компаниудыг Олон улсын зах зээлтэй холбож өгөх, хэлхээ холбоо тогтоох, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах хүрээнд уг арга хэмжээ нь зохион байгуулагдлаа.

МБҮА ТББ нь Филиппиний барилгын ассоциаци болон Бангладешийн барилгын аж үйлдвэрийн Ассоциациудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Тус бизнесийн форумын үеэр IFAWPCA-ийн болон МБҮА ТББ-ын гишүүн компаниуд нь харилцаа холбоогоо өргөжүүлэх, барилга, дэд бүтцийн салбарын техник, технологийн шийдлийг солилцох, гаднын том төслүүд хэрхэн үр дүнтэй хэрэгждэг мэдлэг, туршлага, эрх зүйн орчныг судлах хүрээнд хамтран ажиллах, Барилгын тусгай зөвшөөрөл олгох, зохион байгуулах үйл ажиллагааны талаарх туршлагыг судлах, сургалт, судалгаагаа солилцох зэрэг мэдлэг, мэдээллээ харилцан солилцох ажлын хүрээнд Филиппиний барилгын ассоциаци болон бангладешийн барилгын аж үйлдвэрийн ассоциациуД-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Олон улсын “Тогтвортой барилгын эрин” форум нь зургадугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдлаа.

Олон улсын “Тогтвортой барилгын эрин” форумыг МБҮА ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан нь нээж үг хэлсэн. Тус форумаар монгол улсын төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын өнөөгийн байдал, цаашдын зорилт;

  • ХБНГУ-ын нэмэх энергитэй ногоон барилгад нарны эрчим хүчийг ашиглах нь, ногоон эрчим хүчний шилжилт ба орон нутгийн эрчим хүчний стратеги, нэгдмэл арга барил;
  • олон улс дахь ногоон барилгын глобал тренд ба тогтвортой санхүүжилт;
  • Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, олон улсын сургамж;
  • барилга, байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн судалгаа, өнөөгийн байдал, олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг маш сонирхолтой илтгэлүүд танилцуулагдсан нь улс орнуудын төлөөлөгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж, улмаар оролцогчид нь өөрсдийн улс орондоо нэвтрүүлэх, туршлага, мэдлэг, мэдээллээ хоорондоо солилцох томоохон боломжийг олгож байсан нь оролцогчдын талархлыг хүлээж байлаа.

Уг форумд Австрали, Балба, Бангладеш, Малайз, Сингапур, Тайван, Тайланд, Хонг конг, Филиппин, Монгол зэрэг орны 100-аад зочид төлөөлөгчид болон ХБНГУ-ын BBW-ийн экспертүүд, Монгол улсын барилга, дэд бүтцийн бүтээн байгуулагчид, мэргэшсэн зөвлөх, инженерүүд, архитекторууд, экспертүүд, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэл, бэрхшээл бүрэн дүүрэн арилаагүй, Турк болон Сирийн олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болоод удаагүй байгаа энэ цаг үед энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь Монголын барилгын компаниудыг урт хугацаандаа олон улсын зах зээл дээр гаргаж тухайн зах зээлийн дагуу ажиллаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар олон улсын зах зээлтэй холбогдох, тэдний сүлжээнд орох ажлыг одоогоос эхлэн судлах, бизнесийн холбоо хэлхээгээ тогтоох замаар гаднын том төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлдэг мэдлэг, туршлага, эрх зүйн орчныг судлах, бусад орнуудаас үлгэр дуурайллыг нь авч хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байлаа.

Манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулган, форумууд нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, агаарын бохирдол, нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах, төвлөрсөн бус сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, экологи, ногоон хөгжил зэрэг барилга, бүтээн байгуулалтын салбарт тулгамдсан асуудлуудаар туршлага, мэдлэгээ хуваалцсан, шинэ техник технологи, хөрөнгө оруулалт, инновацыг татах боломжийг бүрдүүлсэн, IFAWPCA-ийн 18 гишүүн орнуудыг хууль тогтоомжийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн, монгол улсын барилгын салбарт олон улсын гэрээ, эрх зүйн орчныг бий болгоход түлхэц өгсөн чухал үйл явдал боллоо.

IFAWPCA-ийн санхүүгийн хурал нь зургадугаар сарын 15-ны өдөр, Удирдах зөвлөлийн хурал нь зургадугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус боллоо

Ази ба Баруун номхон далайн гэрээлэгчдийн ассоциациудын олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь Ерөнхий чуулган нь Мальдивын нийслэл Мале хотноо 2022.11.14-19-ний хооронд зохион байгуулагдаж, тус чуулганы үеэр IFAWPCA-ийн 2022-2024 оны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баярсайханыг албан ёсоор сонгож, тангаргийг нь өргүүлсэн билээ. IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганы Санхүүгийн хорооны хурлаар IFAWPCA-ийн санхүү, гишүүнчлэлийн татвар төлөлт, хөрөнгө татах болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.

Харин Удирдах зөвлөлийн хурлаар IFAWPCA-ийн гишүүн орнуудын Ассоциациудыг олон талт хамтын ажиллагаагаа нягтаршуулах, улмаар дараагийн Дунд хугацааны болон Ерөнхий чуулганы тов, түүний бэлтгэл ажил, зохион байгуулалт, гишүүн орнуудын оролцооны тоо хэмжээг хэлэлцсэн бөгөөд бусад асуудлын хүрээнд МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь IFAWPCA-ийн эгнээнд Дундад болон Төв Азийн орнуудыг нэгтгэж хүрээгээ тэлэх, харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаа, МБҮА ТББ-ыг ФИДИК-т элсэх хүсэлтээ 2022 оны арваннэгдүгээр сард ФИДИК-ийн системээр илгээсэн, хариу өгөх асуудал удаашралтай байгаа, иймээс IFAWPCA, ФИДИК-ийн хооронд байгуулсан “Санамж бичиг”- ийн хүрээнд МБҮА ТББ-ын хүсэлтийг цааш нь уламжилж түргэтгэх асуудал дээр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг оруулсны дагуу дэмжигдэж, шинээр гишүүнээр элсүүлэх асуудлыг тухайн орнууд нь IFAWPCA-ийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх, мөн МБҮА ТББ нь энэ асуудлыг дэмжин ажиллах, ФИДИК-т элэх МБҮА ТББ-ын хүсэлтийг нэн даруй хөөцөлдөж дэмжихээр боллоо.

IFAWPCA-ийн чуулганы төлөөлөгчид нь зургадугаар сарын 17-ны өдөр монголын барилгын компаниудын бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцлаа

IFAWPCA-ийн 42 дах Дунд хугацааны чуулганы төлөөлөгчид нь Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын гишүүн компаниудын хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцах аялалд оролцож, “Бодь групп” ХХК-ийн “Таван толгой-Гашуун сухайт цогцолбор” төслийн “Төмөр замын барилгын багц инженерингийн төсөл”, “Эко констракшн” ХХК-ийн “King tower” төсөл, “Номин констракшн девелопмент групп ХХК-ийн “River garden” төслүүдтэй тус тус танилцлаа.

Тус аяллын хүрээнд МБҮА ТББ-ын гишүүн компаниуд нь өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн ногоон ба эко шинэлэг технологи нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж танилцуулсны дагуу зочид төлөөлөгчдийн төлөөллүүд нь Азийн өндөр хөгжилтэй улс орнуудтай энэ зэрэгцэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа, тэр дундаа сайн чанарын барилгын материалыг ашиглаж иргэдийн тав тухыг чухалчилсан байгааг онцлохоос гадна орчны ногоон тохижилт, зохион байгуулалтыг дээд зэргээр үнэлсэн болно.

Бангладешийн гэрээлэгчдийн ассоциацийн Ерөнхийлөгч Roy Bimal Chandra нь: “RIVER GARDEN” төсөл нь үнэхээр гайхалтай төсөл гэдэг нь мэдэгдэж байна. Энэхүү төсөл нь миний бодлоор бол маш сайхан, нарийн тооцоололтой, орчин үеийн шийдэлтэй байгаа нь их таалагдлаа. “NCD” групп нь маш сайн тогтолцоотой байгууллага гэдэг нь харагдаж байна. Ард иргэддээ зориулан маш сайн чанартай, гайхалтай орон сууц болон өөр олон төрлийн төслүүдийг хийн хэрэгжүүлж байгаа юм байна. Түүнчлэн, энэхүү төслийн гадна талын тохижилт болон хүрээлэн буй орчныг магтахгүй байхын аргагүй юм. Бидний дунд ихэвчлэн инженерүүд болон архитекторууд байгаа, тэд ч мөн адил энэхүү төсөлтэй танилцаж сэтгэгдэл маш их өндөртэй байна. Улаанбаатар хот нь өөрөө маш сайхан хот юм байна, бид анх удаагаа Монгол Улсад зочилж байна. Монгол Улсад анх газардахад л биднийг маш сайхнаар гайхалтай угтаж авсан. Түүнчлэн, газарзүйн өгөгдөл болон байгаль нь хамгийн их таалагдлаа. Хүмүүс нь их найрсаг санагдсан, мөн биднийг маш халуун дотноор хүлээн авч байгаад нь маш их баяртай байна” гэжээ.

Хонг-Конгийн гэрээлэгчдийн ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Chan Patrick WT нь: Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн байгууллага болох “Эко констракшн”, “Бодь групп”, “Номин констракшн девелопмент групп” зэрэг компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцлаа. Үнэхээр маш сайн төслүүд гэдэг нь харагдаж байна. Өрөөний зохион байгуулалт, талбайн хуваарилалт, сайн загвартай гээд гайхалтай төсөл болсон байна гэж харагдаж байна. Түүнчлэн, энэ барилгад ашиглагдсан барилгын материалууд болох плита, модон тавилга зэргүүд нь маш сайн чанарынх байна. Хэрэв Монгол Улсад ажиллах шаардлагатай болбол яахын аргагүй энэ хотхонуудын нэгэнд л амьдарна гэж бодогдсон. Миний бодлоор тансаг зэрэглэлийн орон сууцанд гэрийн үйлчлэгчид зориулсан тусгай өрөөг заавал тусгаж оруулбал бас хэрэгтэй юм байна гэж бодогдсон шүү” гэжээ.

Индонез болон Малайз улсуудын барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаарх туршлагыг солилцлоо

Малайзын Мастер барилгачдын холбооны Ерөнхийлөгч болон Хүндэт зөвлөх асан, “Бина Пури холдингс Бэрхадын группийн Гүйцэтгэх захирал Датук Мэттью Ти нь Малайзад барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар туршлагаасаа хуваалцлаа.

IFAWPCA-ийн Ерөнхийлөгч асан, Малайзын Мастер барилгачдын холбооны Ерөнхийлөгч болон Хүндэт зөвлөх асан, “Бина Пури холдингс Бэрхадын группийг хариуцсан Гүйцэтгэх захирал Датук

Мэттью нь: “Малайзад барилгын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг тусгай апп-аар дамжуулан олгодог бөгөөд анх удаа шинээр авах гэж байгаа компаниудад 7 хоног орчмын хугацаанд олгодог бол, сунгалтаар авах гэж байгаа компаниудад 1-2 хоногийн хугацаанд олгодог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоогүйгээр дэвшилттэй шийдлээр шийдсэн.

Харин Хятадын мега том төслүүдтэй хамтрах тохиолдолд тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн төсөл дээр нь өгдөг байгаа. Түүнээс удаан хугацаагаар олгодоггүй, тухайн хэрэгжүүлэх тендер дээр нь үндэслэн олгодог болно. Мөн Малайз Улсад барилгын тусгай зөвшөөрлийг 7 түвшинд буюу G1-G7 хүртэл ангилан олгодог. Тухайлбал, G7- той барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын эрх нь бол хязгаарлагдмал байдаг. Учир нь G7 нь хамгийн хүнд төвөгшилтэй зэрэглэлийн ангилалтай учир барилгын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэлээн олон жилийг зарцуулдаг болно. Харин G6 нь 10 сая ам.доллар хүртэлх төсөлд оролцох боломжтой барилгын тусгай зөвшөөрлийн эрхтэй байдаг. Тэгэхээр засвар, үйлчилгээ хийдэг компаниуд нь шууд хүнд төвөгшилтэй барилгын тусгай зөвшөөрлийг авах боломжгүй байдаг нь компаниудыг үйл ажиллагаагаар нь хязгаарлан өгч байна гэсэн үг юм.

Малайз Улсад барилгын тусгай зөвшөөрлийг Агентлаг нь буюу Хөдөлмөрийн яамны харьяа Барилгын аж үйлдвэрийн хөгжлийн төв нь олгодог. Барилгын тусгай зөвшөөрөл олгож байгаа үйл явц нь тусгай боловсруулсан апп-аар явагддаг. Мэдээжийн хэрэг компаниудад маань цахимжуулалттай холбоотой аливаа асуудал гарахад Малайзын гэрээлэгчдийн ассоциаци нь онлайнаар тусгай зөвшөөрөл авахад гарч буй хүндрэл бэрхшээлд нь тусалж дэмжин ажилладаг байгаа. Малайзын Мастер барилгачдын ассоциацийн Ерөнхийлөгч нь Барилгын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн УЗ-ийн гишүүн байдаг. Тиймээс ч Малайзын мастер барилгачдын ассоциаци нь өөрийн улсдаа танай МБҮА ТББ шиг нэлээн танигдсан байгууллага байдаг юм байна” гэжээ.

Индонезийн барилгын гэрээлэгчдийн ассоциацийн Нарийн бичгийн дарга Sutjipto Andi Purwana нь: “Индонез Улсад барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан бөгөөд бүх бичиг баримт нь бүрдсэн тохиолдолд хамгийн дээд тал нь хоёр долоо хоногийн дотор олгодог байгаа. Ер нь тусгай зөвшөөрлийг олгохдоо бид дараах үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байгаа. Үүнд:

  • Тухайн компанийн ололт амжилт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн дүгнэлтийг онлайнаар дамжуулан өгдөг нь компанийн хүчин чадал, хийсэн ажил, туршлагыг харж болдог нь давуу талтай.
  • Тухайн компанийн хүчин чадал, хүний нөөц, санхүүгийн байдал, туршлага, ажилтнуудын ур чадвар зэргийг харж байж Гэрээлэгчдэд тусгай зөвшөөрлийг олгодог. Эдгээр үзүүлэлтийг та бүхэн ажил дээрээ тусгаж авч хэрэгжүүлбэл их үр дүнтэй болно” гэжээ.

МБҮА ТББ нь азийн ба баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциациудын дараагийн чуулгануудыг зохион байгуулах бусад орнуудад үлгэр жишээ болохуйц өндөр босгыг Монгол Улсад зохион байгуулсан дунд хугацааны чуулганаараа харуулж чадсанд талархал илэрхийллээ

Чуулганы хүрээнд зохион байгуулагдсан цуврал арга хэмжээний “Хотын аялал”-д Монгол Улсад хүрэлцэн ирсэн IFAWPCA-ийн зочид төлөөлөгчид нь ЧИНГИС ХААНЫ музейгээр зочлох, Улаанбаатар хотын төв болох Сүхбаатарын талбайд зочлох, гар урлалын дэлгүүрээр орж худалдан авалт хийх, улмаар Төв аймгийн Аргалант сумд байрлах жуулчны баазад хүрэлцэн очиж Монгол үндэсний соёл уламжлал, аж ахуйтай танилцах, эрийн гурван наадам болох хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтыг үзэх зэргээр Монгол оронтой тодорхой хэмжээгээр танилцлаа.

IFAWPCA-ийн 1-р Дэд ерөнхийлөгч, Сингапурын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч асан Кеннет Лу нь: “Монгол Улсын МБҮА ТББ нь энэхүү IFAWPCA-ийн чуулган, форумд өндөр их ач холбогдол өгч Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудад дараагийн чуулгануудыг зохион байгуулах бусад орнуудад ад үлгэр жишээ болохуйц өндөр босгыг тавьж чадсанд туйлын их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэжээ.

IFAWPCA-ийн УЗГ, Тайландын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч Liza Ngamtrakulpaim нь: “Миний хувьд Монголд анх удаагаа хүрэлцэн ирж IFAWPCA-ийн Дунд хугацааны чуулганд оролцсондоо маш их баяртай байна. Монгол Улсад IFAWPCA-ийн Дунд хугацааны чуулган болох товыг гарснаас хойш тэсэн ядан хүлээж байлаа. МБҮА ТББ нь Дунд хугацааны чуулганы хүрээнд маш олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулж биднийг гайхширууллаа. Бизнесийн ганцаарчилсан уулзалтыг хийсэн нь компаниудыг хоорондоо найзалж нөхөрлөх суурийг тавьсан үр дүнтэй ажил байлаа, өмнө нь ийм арга хэмжээг чуулган болсон орнуудад зохион байгуулагдаж байсангүй. Энэ нь Гэрээлэгчдийн Ассоциациуд, Гишүүн компаниуд, Ханган нийлүүлэгчдийг орчин үеийн технологи, стандартын хүрээнд хамтран ажиллах боломжоор хангаж өгсөн хэсэг байлаа. Тайландын Гэрээлэгчдийн Ассоциаци болон МБҮА ТББ хоёр нь цаашдын хамтын ажиллагаагаа улам нягтаршуулах, боловсролын тал дээр илүү анхаарч мэдлэг олгох, туршлага судлах хүрээнд талууд нь хамтран ажиллах нь чухал байгааг ойлголоо. Энэ чуулган нь бидний хүлээж байсан хүлээлтээс хавьгүй өндөр хэмжээнд зохион байгуулагдсанд МБҮА ТББ-ын хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье” гэжээ.

IFAWPCA-ийн Хурлын дарга, Сингапурын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч асан болон Байнгын гишүүн Lous Desmond Hill нь:

“IFAWPCA-ийн түүхэнд Дунд хугацааны чуулганыг ийм өндөр түвшинд зохион байгуулсан улс орон байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. МБҮА ТББ нь энэ арга хэмжээнд маш их ач холбогдол өгсөн төдийгүй форумууд дээр тавигдсан илтгэлийн сэдвүүд нь хүртэл дэлхийд юу болж байгаа, МБҮА ТББ нь юунд суралцмаар байгаа зэрэг чухал асуудлуудыг хөндсөн байлаа. Ганцаарчилсан уулзалтуудаар Монгол Улсын барилгын салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг сонслоо. Монгол Улс нь манай Сингапуртай харьцуулбал газар нутгийн хувьд маш том талбайтай улс юм. Харин эрчим хүчний асуудалтай байгаа тул салхины, цэвэр эрчим хүчний

болон усан цахилгаан станцаар хэрэглээгээ хангавал асуудлыг шийдэх боломжтой гэж харагдлаа. Дээрээс нь цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан барилгын улирал нь богинохон байдаг тул манай Сингапурт барилга барих бүх бэлдцийг урьдчилсан байдлаар үйлдвэрт нь үйлдвэрлээд бэлэн болгосон багцыг барилгын газар дээр нь шууд угсардаг технологи, туршлагыг очиж судалбал барилга нь улирлаас үл хамаарч барилгын ажил тасралтгүй явагдах боломж бас байна гэж бодогдсон. Газар нутгийн хувьд Монгол Улс нь босоо барилга барихаасаа илүүтэйгээр хэвтээ барилгуудыг барих нь зүйтэй болов уу. Засгийн газрын хувьд тодорхой хэмжээний дэд бүтцийг нь бий болгож өгсөн байна. Жишээ нь, гар утас, сүлжээ зэрэг дэд бүтцийг бий болгосон нь дэлхийтэй холбогдох бололцоог хангаж өгсөн харагдаж байна. Тиймээс энэ боломжуудыг ашиглан барилгын салбараа хөгжүүлэх, урагшлуулах хангалттай боломжууд байна гэж харагдлаа” гэжээ.

ФОРУМЫН ДҮГНЭЛТ, ҮР НӨЛӨӨ

Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн

42 дахь Дунд хугацааны чуулганыг Олон Улсын “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ЭРИН” сэдвийн дор 2023.06.14-17-ны хооронд бид амжилттай зохион байгуулан өндөрлүүллээ.

IFAWPCA-ийн Хурлын дарга, Сингапурын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч асан болон Байнгын гишүүн Lous Desmond Hill нь: “IFAWPCA-ийн түүхэнд Дунд хугацааны чуулганыг ийм өндөр түвшинд зохион байгуулсан улс орон байгаагүй бөгөөд цаашид IFAWPCA-ийн Гишүүн орнуудад өндөр босгыг тогтоосон үйл явдал боллоо” гэж онцолсон нь бидэнд маш их урмыг өглөө. Бид энэхүү чуулганыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсыг Азийн ба номхон далайн орнууд, түүний дотор Азийн Гэрээлэгчдийн Ассоциациудад Монголын барилгын компаниудын хүчин чадал, хөгжил дэвшил, чадавх ямар хэмжээнд байгааг харуулахаас гадна IFAWPCA-ийн хүрээлэлд МБҮА ТББ-ын нэр хүндийг улам өргөн өгч таниулсан үйл явдал боллоо. Мөн “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ЭРИН” форумаар бидэнд тулгамдсан олон арван асуудлын шийдлийг олохын зэрэгцээ эдгээр экспертүүдээс мэдлэг мэдээлэл, туршлага солилцох, харилцан хамтран ажиллах гарц байгааг олж харсан болно. МБҮА ТББ нь Олон улсын арга хэмжээг анх удаагаа эх орондоо зохион байгуулж, өөрийн байгууллагын нэр хүндийг салбартаа, Монгол Улсдаа дахин таниулахаас гадна 100 гаруй зочид төлөөлөгчдийг хүлээн авч зочлох үйлчилгээний салбарт тодорхой хэмжээний худалдан авалтын хөрөнгө оруулалтыг хийж “Монголд зочлох 2023” бодлогыг дэмжин ажилласан сайхан үйл явдал боллоо. Ингээд уг арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцааг үзүүлсэн Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Даваасүрэн болон тус яамны удирдлагууд ба хамт олон, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Соёлын яам, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гадаадын иргэн харьяатын газар, ЧД-ийн ЗДТГ, Байгаль орчны хөгжлийн төв, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Монголын барилга, бүтээн байгуулалтын салбарыг Олон улсын зах зээлд таниулан сурталчлахад нэгэн итгэл зүтгэл, сэтгэлээр дэмжин ивээн тэтгэж оролцсон МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд болох “Макс групп” ХХК, “Жигүүр гранд групп” ХХК, “Эко констракшн” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Цаст импекс” ХХК, “Бүти” ХХК, “Инвескор проперти” ХХК, “Дэлгэрэх таван чандмань” ХХК, “Номин констракшн девелопмент групп” ХХК, “Ультрасоник” ХХК, “Түм арвижих” ХХК, “Улаанбаатар групп” ХХК, “Хар чонот” ХХК, “Монгол 333 корпораци” ХХК, “М Си Эс Проперти” ХХК, БХЯ-ны “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ, “Юни Стийл констракшн” ХХК, “Смарт Грийн Девелопмент” ХХК, “Сүндэр өргөө трейд” ХХК, “Бульдорс Мон” ХХК, “Вишн Девелопмент” ХХК, “Сэрүүн” ХХК, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, МҮХАҮТ, “Скэч” ХХК, “Анэг” ХХК, “Петронас Тауэр” ХХК, “Химон констракшн” ХХК, “Өгөөж хишиг” ХХК, “Улз Буянт” ХХК, “Эстарф” ХХК, “Оргил Жим” ХХК болон энэ чуулганы бүхий л арга хэмжээний ачааны хүндийг үүрч зохион байгуулсан МБҮА ТББ-ын Ажлын албаны хамт олон болон уг арга хэмжээний найруулга, хэвлэл, маркетинг, урлаг соёлын асуудлыг зохион байгуулан хамтран ажилласан “Play Entertainment” ХХК-ийн багийн хамт олонд, чуулган болон форумуудад гадаад, дотоодоос хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон төлөөлөгчдөдөө талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж