УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар керосиныг ОАТ-гүйгээр оруулж ирэхээр болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн, олонхийн саналаар "Хүлээн авах нь зүйтэй" хэмээн үзлээ. Ингэснээр хилээр нефтийн дагалдах бүтээгдэхүүн болох керосин орж ирэхэд Онцгой албан татвар /ОАТ/ ногдуулахгүй байхаар болж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тодотгосноор хил дээр 360 вагон керосин орж ирэхээр хүлээгдэж буй аж. Үндсэн хуулийн Цэцээс өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт гаргасан шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр яаран хэлэлцсэн нь хардлага төрүүлж байна гэдгийг гишүүд мөн сануулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
Англи хэлтэй холбоотой заалтаар байр сууриа нэгтгэхийн тулд МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа нэгтгэх шаардлага байна гэдгээ бүлгийн дарга нь онцолсон юм. Харин завсарлага авахын өмнө УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан, асуулт асууж, саналаа хэлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:
-Боловсролын салбарт цоо шинэ ойлголтыг нэвтрүүлэхэд наад зах нь англи хэл хэрэгтэй. Англи хэл ач холбогдлоороо өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бодолцох ёстой зүйлүүд бий. Боловсролын тэгш боломж талаасаа ч геополитик талаасаа ч нэн стратегийн ач холбогдолтой салбар. Төрөлх хэл, утга зохиолын хичээлүүдээс өндөр тавих боломжгүй. Монгол хүнийг бэлтгэх, төлөвшихөд эх хэлнээс давсан гадаад хэл гэж байхгүй.
Англи хэл заах багшдаа анхаарах. Орон нутагт ажиллах багш нараа бэлтгэсэн юм уу. Багш бэлтгэх төсөв хөрөнгөө шийдсэн юм уу.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Батлах гээд байгаа хууль маань таны асуултад хариулт болох юм. Санхүүжилтээ шийдсэн юм уу гэлээ Монгол Улсын боловсролын санхүүжилтийн хамгийн том механизм нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал. Хуучин нэг хүүхдэд ногддог хувьсах зардал сургууль, цэцэрлэг санхүүжүүлдэг тогтолцоо байсан. Шинэ хууль батлагдсанаар хувийн сургуульд сурч байна уу, төрийн өмчийн сургуульд сурч байна уу, Баян-Өлгийд сурч байна уу, Улаанбаатарт сурч байна уу гэдгээс үл шалтгаалж, хүүхдийн боловсролын чанарын ялгааг арилгах уян хатан санхүүжилтийн тогтолцоо хийж өгөх гээд байгаа.
Чанартай англи хэл заах багшид сая төгрөгийн цалин өгчихөөд олон улсын шалгалтад тэнцэхээр хүүхэд бэлтгээдэх гэх үүргийг англи хэлний багшид хүлээлгэвэл хийх үү. Чадахгүй байсан учраас хот хөдөөгийн сургуулийн ялгаа гарсан. Багшийн цалин үнэлэмжийн асуудал байна. Англи хэлийг дэлхийн түвшинд хүргэе гэвэл багш нарынхаа цалинг дорж хаяж, 1000 ам.долларт хүргэж байж, үр дүн шаардах ёстой. Хамгийн сайн багшид өндөр цалин олгодог тогтолцоог хувьсах зардлаар олгох гээд байгаа юм. Хувийн өндөр төлбөртэй сургуульд заадаг англи хэлийг тэр платформоор нь заах гээд байгаа юм. Хувийн сургуульд үздэг үнэтэй сурах бичгийг ардынхаа хүүхдэд өгөх гээд хувьсах зардлаар бүрдүүлэх гээд байгаа юм. Багш нараа Кебрижийн хэмжээнд бэлтгэдэг, сургуулиа төгсч очоод ажлын байран дээрээ тасралтгүй суралцдаг санхүүжилтийн тогтолцоог өгөх гээд байгаа юм. Урьд нь сургалтын чанарыг дээшлүүлэх, санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг тогтолцоо байгаагүй. Тийм ч учраас хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төр, хувийн сургуулийн ялгаа гарсан. Үүнийг өөрчилнө.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Боловсролын ерөнхий хуулийг ганцхан англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ хууль бол тогтолцооны шинэчлэл. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм.
Боловсролын чанарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог энэ хуулиар халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах боломжийг бүрдүүлж байна. Сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа юм. Хамгийн багадаа 10-12 жилийн тогтвортой хөтөлбөр хэрэгжүүлдэг болох эрх зүйн баталгааг бий болгож байгаа. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж, цахим шилжилтийг бий болгож байна. Таван шинэчлэл хийж байгааг ойлгох хэрэгтэй. Хүүхэд бүрд багаас нь англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай.
Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд хуулиа уншдаггүй. Тийм болохоор нэгдүгээр ангиас нь англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байх юм. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй. Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдаг вэ?
Бид үндэснийхээ хөтөлбөр дээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, англи хэл анхдагч гадаад хэл байна гээд зааж өгсөн. Сурагчдад гуравдугаар ангиас нь мэдээлэл технологи, англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа.
Бидэнд тунхаглал чухал юм уу, хүүхдүүдэд хичээлээ олон улсын хөтөлбөрийн түвшинд үзэх боломж олгох нь чухал юм уу? Боловсролын хуулийг үүнээс цааш хоцроож болохгүй. Хоёр жил гаруй хэлэлцлээ. Өөр яах юм бэ гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Монголчуудынхаа амьдралын түвшнийг сайжруулмаар байна. Иргэдийн боловсрол Монгол Улсын хөгжлийн хамгийн гол түлхүүр. Яагаад англи хэлийг тойроод нийгэмд асуудал үүсээд байна вэ гээд зарим хүн гайхаад байх шиг байна. Англи хэл бол дэлхийн 53 улсын албан ёсны хэл. Бараг ихэнх орны албан ёсны хоёр дахь хэл. Англи хэл бол аялал жуулчлал, технологи, бизнесийн хэл. Болж байгаа бүх арга хэмжээ англи хэл дээр болдог.
Улсаа хөгжүүлье гэвэл англи хэлний тухайд онцгой ач холбогдол өгөх ёстой. Хуульд англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгахгүйгээр хөтөлбөрт оруулах талаар ярьж байна. Энэ бол үлгэр. Хэрвээ хүүхдийн мөнгийг өгнө гэж хуульд заагаагүй бол энэ мөнгийг өгөхгүй. Ухаанаа уралдуулж, овжин зан гаргаад энэ асуудлыг тойрох талаар бодоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Боловсролын ерөнхий хуулийг анх өргөн барихад дотор нь байсан англи хэлний тухай заалтыг босгомоор байна.
Гишүүд Ж.Чинбүрэн гишүүний гаргасан саналыг унагаах хэрэгтэй. Ирээдүйгээ бодох хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийнхээ сайхан амьдралын төлөө шийдвэр гаргамаар байна. Хууль батлагдаад, багш нараа бэлдэнэ. Миний хувьд англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах ёстой гэж үзэж байна. Би англи хэлийг их сургуульд байхдаа сурсан учраас миний аялага хатуу. Хүүхэд байхдаа англи хэл сурвал эх хэл шигээ сурч чадна. Англи хэл заах заалтыг дэмжихгүй бол тухайн хүүхдүүдийн өчнөөн олон боломжийг хааж байна гэсэн үг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Боловсролын ерөний хууль өргөн баригдаад хоёр жил болж байгаа, батлах шаардлага бий. Чуулганаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн 6.7-ийн 2 дахь заалтаар гишүүд ойлголтын зөрүүтэй байна. Бүлгийн гишүүд хуулийн төслөөр байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүссэн учраас ажлын гурав хоногийн завсарлага хүсч байна.
УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:
-УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН ын бүлэгт байр сууриа нэгтгэх шарадлагатай гэж үзсэн учраас чуулганын нэгдсэн хуралдаанаас гурав хоногийн завсарлага өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
“ҮАБЗ-ийн зөвлөмжөөр англи хэлийг хуульчлахаас татгалзсан”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн Мягмар гаригт дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санал гаргаснаар ерөнхий боловсролын сургуулийн III ангиас эхлэн англи хэл үзэх заалт унасан юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү унасан заалтыг босгож, ардын хүүхдүүд англи хэл үзэх боломжийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мөн ХҮН-ын гишүүн Т.Доржханд, бие даагч гишүүд олгож, дэмжиж өгнө гэдэгт найдаж буйгаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, УИХ-ын гишүүд асуулт тавьж эхлээд байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:
-Боловсролын ерөнхий хуульд англи хэлийг тухайлсан заалт орж ирсэн. Энэ заалтыг ажлын хэсгийн гишүүд анх дэмжээд явсан. Харин Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид ардын хүүхдүүдэд хайргүйдээ энэ заалтыг унагасан юм биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Нэг хэлийг тухайлан хуульд оруулах нь учир дутагдалтай байна. Геополитикийн бодлого байна, тийм учраас англи хэлийг үндэсний хоёр дахь хэл болгоно гэсэн заалтаа өөрчилье. Сургалтын байгууллагын судлах гадаад хэл нь англи хэл байна гээд сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулж болно гээд явсан. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь хувийн тоглолт хийгээд, “Ардын хүүхэд англи хэл сурч болдоггүй юм уу” гээд байх юм. Сая чуулганы хуралдаанд ажлын хэсгийн ахлагч санал дүгнэлт уншихдаа ч улстөр хийгээд, Ардчилсан намынхан дэмжиж байгаа, бие даагчид дэмжиж байгаа гэж попроод байх юм. Ингэж хувийн тоглолт хийх юм уу. Бусад нь ардын хүүхдийг дэмжихгүй байгаа юм шиг буруу ярьж болохгүй.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.ДАМДИННЯМ:
-Байнгын хороон дээр ямар мэдээлэл явсныг мэдэхгүй. Зөвлөмж гарсан бол ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа надад мэдэгдэх ёстой.
Хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Ажлын хэсгээс юу ч нэмээгүй. Бүлгээр хэлэлцүүлсэн, Байнгын хороогоор хэлэлцүүлсэн, чуулганаар хэлэлцүүлэхэд дэмжлэг авсан.
"Соёлын салбарынхны цалинг нэмсэн, төрдөө шахаа хийдгээ болимоор байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Санал хураахын өмнө хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүдийн саналыг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Том жүжиг тавихаар аймгийн театрынхантайгаа хамтраад хийж байна. Улаанбаатар хотод ирээд тоглоход нь Драмын театрт хэлж, жүжгээ тавихад тусалж дэмжиж өгөөрэй. Өмчлөөд авчихсан юм шиг мөнгө нэхээд, дарамтлаад байж болохгүй. Та нар алтан тайз гэж гоё ярьдаг, чөлөөтэй болгох хэргтэй ш дээ.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-Саяхан соёлын салбарын цалин хөлсийн сайн нэмлээ. Цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор соёл урлагийн төрийн байгууллагууд төрийн мэдлийнх юм бол төрдөө эргэж халтуур хийдэггүй болгооч ээ. Аймгуудын 100 жил болж байна. Морин хуурын чуулга, Улаанбаатар чуулга бүгдээрээ төрийнх. Уран бүтээлчид нь төсвөөс цалин авч байгаа. Одоо энэ чуулгууд аймгуудаас хамгийн өндөр мөнгө өгсөнд нь очиж тоглоно.
Соёлын сайд ойтой аймгуудад соёлын байгууллагуудаа хуваарилж өгөх ёстой шүү дээ. Аймгийн 100 жилийн ой чинь төрийн наадам, хувийн компанийн юм биш. Соёлын байгууллагууд нь ойгоор дамжуулж, аймгуудад очиж, соёлын үйлчилгээг сурталчлахгүй бол төрөөс цалин авч байж, төр дээрээ халтуур хийгээд, мөнгө нэхээд байх юм бол соёлын бодлого чинь яаж явах юм бэ.
УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:
-Дэлхий нийтийн мөнгө олдог арга шал өөр болсон. Бид л уул уурхайтайгаа зууралдаад байдаг. Хэдэн тонн нүүрс гаргаснаа эдийн засаг гэдэг. Бүх хувийн хэвшлээ хааж авч байгаад төрийн хэдэн компаниа нүүрс рүү оруулж, хуваадаг. Мөнгө олж болох салбар бол соёлын бүтээлч салбар. “Хүй” хамтлаг яаж нэрээ дэлхийд гаргаж байна. Солонгосын “Би Ти Эс” хамтлаг бидний дэлхийн улс орнууд руу хэдэн сая тонн нүүрс гаргаж олдог мөнгөнөөс давсан долларыг нэг цаг дуулаад олж байна. Төрийн бодлого маш чухал. Монголчууд иймэрхүү салбар луу зоригтой орохгүй бол социализмын үеийн соёлын үйлдвэрлэл хоцрогдсон шүү.
Зураачдын бүтээлийг дэмжээд арга хэлбэрийг нь заагаад өгөх юм бол интернэт худалдаагаар хөгжүүлж болохоор байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад чиглүүлээд явах ёстой. Саяхан би Хятадад очоод эмэгтэйчүүдийн гар урлалтай холбоотой асуудлаар уулзалт хийлээ, бүтээлч соёлыг л хөгжүүлчихсэн байна. Түүгээрээ асар их мөнгө олж байна. Монгол Улс хоцрогдсон байгаа, зоригтой ажилламаар байна.
Швейцарь улс нэг удаагийн хурал хийгээд мөнгө олж байна, Сингапур соёлоо маш сайн хөгжүүлж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр асар их мөнгө олж байна.
Цагийн дотор хэчнээн сая ам.доллар босгож байна. Яагаад соёлын хэдэн хүнээ дэмжиж болдоггүй юм бэ. Зоригтой ажиллая гэсэн хүмүүсээ дэмж л дээ. Хэдэн мянган жилийн түүхтэй өвтэй хүмүүсийг дэлхийн зах зээлд гаргая гэсэн л санаа ш дээ.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Засгийн газрын тусгай сан байгуулж дэмжихгүй бол болохгүй байгаа юм уу. Энэ санг байгуулахыг дэмжихгүй. Хувийн хэвшил нь сангаа байгуулаад төрийн тодорхой хэмжээний оролцоо байдлаар явж болохгүй юу. Гааль болон НӨАТ -аас чөлөөлөх асуудал орж ирж, хэчнээн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг татвараас чөлөөлөх гээд байгаа юм бэ. Татвараас чөлөөлж хөнгөлөхгүй бол явахгүй болчихоод байгаа юмм уу, мэргэжлийн байнгын хороод анхаарах шаардлага байна.
Нэг хүний зөвшөөрөл аваагүй л бол тэр нь зөрчил болдог томъёолол хуульд суулгаж болохгүй. Ийм заалт Зөрчлийн хуульд байхгүй. Хэлэлцүүлгийн шатанд засах хэрэгтэй. 1200 зөрчил байгаа, ийм томъёололой заалт байхгүй.
Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээд "хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Б.Баярсайхан: Соёлын яам байгуулагдсан ч сахил хүртээд шал дордов болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Ч.Номин сайд та сая маш хариуцлагагүй үг хэллээ. Сүүлийн 20 жилд соёлын бодлого алдагдсан гэж. Хэдийгээр 23 жил бие даасан Соёлын яам байхгүй байсан ч соёлын бодлого алдагдаагүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү төвшинд ажиллаж байсан.
Соёлын яам байгуулагдаад гурван жил болсон байхад сахил хүртээд шал дордов гэдэг шиг бидний хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэдгийг хэлчихье.
Шинээр байгуулагдсан театрт нь 100 жилээ тэмдэглье гэхэд ширээ, сандал ч байхгүй. Орон нутагт биентэйгээ уулзах, соён гэгээрэх газар нь ганц Соёлын төв байдаг юм. Улаанбаатар хотынх шиг олон газар байдаггүй юм аа гэдгийг гурван жил шаардлаа. Танайх яамнаас ганцхан Улаанбаатар хотод хийж байгаа ажлаа соёлын ажил гэж яриад байх юм. Соён гэгээрэх ажил нь Соёлын төв байдаг юм. Тийм олон газар байдаггүй гэж гурван жил ярьж шаардлаа. Хүүхдүүд гар утсаар үзэх боломжтой монгол контент үйлдвэрлэж байгаа, удахгүй гарна гэсэн. Энэ асуудал юу болов. Энэ үйлдвэрлэл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлдээ орох уу. Монгол хүүхдүүд гадаад контентыг тогтмол гар утсаар үзэж байгаа учраас хэлээ мартаж байна. Монгол ахуй, Монгол дотортой хүн болох бодлого алдагдаж байна. Улс орны хамгийн гол үндэстэн байх дархлаа нь хэл соёлын асуудал. Хүүхдүүд өнөөдөр англиар хэлд орж байна, монгол хүүхэд үзэх үндэсний контент алга. Ажил хийгдээд байгаа л гэдэг хэзээ вэ. Улс орнуудын дунд зөөлөн хүчний бодлого буюу улс орноо суртачлах асуудал маш хүчтэй хэрэгжиж байна. Засгийн газраас Монголд зочлох жилийг гурван жилийн хугацаанд зорилт зарлаад явж байна. Хууль батлагдсанаар энэ ажил сайжрах юм уу, ажлууд хийгдэх юм уу.
Бид хэд хоногийн өмнө “Тэнгис энимэшн” гээд дэлхийн тавцанд гарах хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа, хүүхдийн зан чанар төлөвшүүлэх 100 ангитай контент хийж байгаа залуучуудтай уулзсан. Та бүхнээс цаг хүсээд уулзаж чадахгүй байгаа юм билээ. Үйлдвэрлэл хийж байгаа хүмүүсээ та нар өнөөдөр хэр дэмжиж байгаа юм бэ. Хүхдүүдээ орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлэх ажил чинь хийгдэхгүй байна.
Соёлын сайд Ч.НОМИН:
-Монгол Улсын соёлын бодлого алдагдсан байна гэдэг судалгааг эрдэмтэн судлаачид гаргасан учраас Соёлын яамыг шинээр байгуулсан. Соёлын яам байгуулагдсанаар тогтолцооны хувьд шинэчлэдсэн, төсөв нэмэгдсэн. Шинээр үүсгэн байгуулагдсан солёын төвд техник тоног төхөөрөмж байхгүй байгаа гэдэгтэй санал нэгдэнэ. 330 суманд байгаа Соёлын төвийг тоног төхөөрөмжтэй болгоход нэг суманд 291 сая төгрөг, нийт дүнгээрээ 33.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 2024 оны төсөвт санал болгож оруулсан. Тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд та бүхнийг дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.
Соёлын сэргэлт арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сумыг тойрсон арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг сайдын шийдвэрээр гардаг тогтолцоо байж болохгүй гэж үздэг. Кино урлагийг дэмжих сан, Соёл урлагийг дэмжих сангууд дээр бодлогыг тодорхой гаргаж, аливаа уран бүтээлч өөрийн бүтээлээ танилцуулж, шаардлагатай санхүүжилтээ авч явах нь маш зөв тогтолцоо болов уу гэж харж байгаа. Кино урлагийг дэмжих сангийн хүрээнд хүүхдийн кинонд зориулсан санхүүжилт саяхан гарсан. Эхний бүтээл нь кино театрт нээлтээ хийчихээд явж байгаа, дараагийн бүтээлүүд нь гарна. Уран бүтээлдээ санхүүжилт авах хүмүүсийн хувьд Кино урлагийг дэмжих санд хандах хэрэгтэй.
Соёл урлагийг дэмжих сангийн хувьд нийт санхүүжилтийнхээ 50 хувийг хүүхэд залуучуудад хандан зориулсан үндэсний агуулгатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход зориулан хийдэг.
УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Хийж байгаа гэсэн хүүхдэд зориулсан контент хэзээ гарч дуусах юм бэ гэж асуусан. Кино урлагийг дэмжих санг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх сангуудад гарч байгаа авлигын асуудал дуусаагүй байна. Кино урлагийг дэмжих сангийн асуудлаа цэгцэлсний дараа байгуулах ёстой.
Та бүхний буруутай үйл ажиллагаанаас хасагдсан 185 сая төгрөгийн ширээ сандлыг 100 жилээ тэмдэглэх Завхан аймгийн суманд өгнө үү. Бид хаанаас ширээ сандал гуйгаад явах вэ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “… үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. Юнескогоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.
Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.
Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-н өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30- ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.БатЭрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого, арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
- Бусад
Холбоотой мэдээ