Тэгш ойтой аймгуудын наадмын "хөтөлбөр"

Хуучирсан мэдээ: 2023.06.23-нд нийтлэгдсэн

Тэгш ойтой аймгуудын наадмын "хөтөлбөр"

Тэгш ойтой аймгуудын наадмын "хөтөлбөр"

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж эхэлсэн. Мөн энэ жил дөрвөн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэгш ойтой аймгууд баярын хөтөлбөрөө гаргаж эхэлжээ. 


АРХАНГАЙ АЙМГИЙНХАН 100 ЖИЛЭЭ САР ТЭМДЭГЛЭНЭ
Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтай бөгөөд аймгийн 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байгаа. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.
Тэгш ойн баярын хөтөлбөрт урлаг соёлынхон оролцох бөгөөд нийт нэг сар урлаг, соёлын арга хэмжээг зохиож, дотоод, гадаадын иргэдийн нүдийг хужирлах аж.

Тодруулбал, Архангай аймгийн төвөөс 2,5 километрийн зайд RN complex аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж байгаа. Одоогоор бүх барилгын ажил дууссан. Тохижилтын ажил явагдаж байгааг зохион байгуулагчид онцолсон. Учир нь тус бүсэд түгжрэл байхгүй, зогсоолтой байх, өдөр бүр арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Өдөр бүр явуулын цирк болон амьтны хүрээлэнтэй байгаад Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран 31 төрлийн хоолны сонголтуудтай байхаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч баярын товоо гаргажээ. Тодруулбал, тэгш ойтой дараах зургаан сумын баярыг ижил өдөр зохион байгуулах аж. Үүнд:
  • Ихтамир,
  • Тариат,
  • Хашаат,
  • Хотонт,
  • Цахир,
  • Цэнхэр зураг сумын тэгш ойг долдугаар сарын 16-18-нд,
  • Өндөр-Улаан сумын ойг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах аж.

Харин аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэхээр болжээ.

Архангай аймгийн хувьд наадмаа ойгоос өмнө буюу ирэх сарын 10-11-ны өдөр зохион байгуулж, цол, чимгийг олгох, сумдын баяр наадмыг нэг өдөр зохион байгуулах юм байна. Мөн аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар Хангайн бүсийн хурдан морины уралдааны хамт хийх саналаа Засгийн газарт хүргүүлжээ.

ЗАВХАН АЙМГИЙНХАН ХӨТӨЛБӨРӨӨ ЭЦЭСЛЭЖ БАТЛААГҮЙ БАЙНА

Завхан аймгийн баяр наадам ирэх сарын 10-12-нд болох бол тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй:

  • Завханмандал,
  • Их-Уул,
  • Нөмрөг,
  • Тосонцэнгэл,
  • Яруу сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болох аж.

Одоогоор баяр наадмын хөтөлбөрөө эцэслэж гаргаагүй ч 100 жилийг угтсан олон, олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” зорилтод арга хэмжээ, төрөөс биеийн тамир, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Үүнээс гадна урлаг, соёлын хөтөлбөрүүдээ ч төлөвлөж байгаа аж.

 

ТӨВ АЙМАГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛАА ЭЦЭСЛЭЖ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛНА

Төв аймгийн 100, Зуунмод хотын 81 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглох аж. Тус аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос сумдын наадмын тов болон аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх өдрүүдийг товложээ. Тухайлбал,

  • Баяндэлгэр, 07.10-07.12
  • Баянжаргалан, 07.10-07.12
  • Дэлгэрхаан, 07.21-07.23
  • Заамар, 07.21-07.23
  • Мөнгөнморьт, 07.10-07.12
  • Эрдэнэсант, 07.21-07.23

Харин аймгийн 100 жилийн ойг ирэх сарын 27-29-нд тэмдэглэх юм байна.

Ойг угтаж тус аймагт эхний ээлжид бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа бөгөөд "Миний нутаг" яруу найргийн наадам, "Цэмцгэр 100 мод" аян, мод тарих зэрэг үйл ажиллагаануудыг хийж байна. Харин баяр наадмын нарийвчилсан хөтөлбөрт оролцох урлагийнхны мэдээлэл гараагүй байна. Баярын хөтөлбөрт:

  • Урлагийн үзүүлбэр,
  • Бөхийн барилдаан,
  • Хурдан морины уралдаан зэрэг үндсэн хөтөлбөрөөс гадна бусад тэмцээн уралдааныг товложээ.

 

ХЭНТИЙН 100 ЖИЛ ХАМГИЙН ӨРГӨН ДЭЛГЭР БОЛНО

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын тов болон тэгш ойтой сумдын баярын өдрийг зохион байгуулах комиссоос баталжээ. Тодруулбал,

  • Баян-Адрага,
  • Баян-Овоо,
  • Биндэр,
  • Галшар,
  • Дадал,
  • Жаргалтхаан,
  • Мөрөн,
  • Өмнөдэлгэр зэрэг тэгш ойтой сумдын наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх сарын 27-28-нд болох юм байна.

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж орон нутгийн төсвийн хөрөнгөөр найман аваргын цэцэрлэгт хүрээлэнд хөгжмийн аяар оргилдог усан оргилуур байгуулахаар болсон байна. Мөн баярын хөтөлбөр, хурдан морьдын уралдааны товыг тус тус гаргажээ. Тус аймгийн тухайд онцлог бөгөөд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын олонх нь уугуул аймгийнхаа баярт оролцохоор төлөвлөж буй аж. Хэнтий аймаг төв цэнгэлдэхээ засч тохижуулж байгаагаас гадна нутгийн зон олноос ойн хандив цуглуулж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
10
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж