Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр 47 дахь өдрөө үргэлжлээд түр завсарлалаа. Шүүгдэгч нар үгээ хэлж дууссанаар дүгнэлт рүү шилжиж буй аж. Иймд энэ удаад Хөгжлийн банкийг хохироосон хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан улстөрчдийн шүүх хуралдаанд хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
“Би үхтэлээ алалцана”
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, шүүгдэгч Н.АЛТАНХУЯГ:
-Хүн нь байвал нь хэрэг нь олдоно гэх асуудлыг би ярина. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хаацайлаагүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйл байхгүй. Эхнэрийг минь хүртэл шалгаад нотлоогүй.
Би 10 жил хонгилоор явж байна. Миний эргэн тойрны хүмүүсийг хүртэл хонгилоор чирсэн. Хүний аз жаргал байрны мкв-аас шалтгаалдаггүй. Хулгайч нараа, новшнуудаа…. Миний Монголыг яагаад ийм байдалд оруулж байгаа юм. Ямар өлмөн зэлмэн өссөн юм бэ. Яагаад байгалийн баялгийг дээрэмдээд байгаа юм. Үгээ хэлсний төлөө намайг үгээ хэлэх үү, шоронд орох уу гэдэг. Би шоронд орохыг чинь сонгоё гэсэн.
Хөгжлийн банкийг улс төрийн байгууллага гэж батлаагүй. Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээч ээ, мөнгө босгооч ээ, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч ээ, зээлээ төлүүлдэг байгаач ээ, зээл өгөхөөс өмнө барьцаа хөрөнгийн шаардлага хангуулаач ээ, өөрийнхөө шаардлагад нийцүүлээч ээ гэж хууль баталсан. Тэгсэн юу болж байна гээч Хөгжлийн банкны хүмүүс орж ирээд прокурор дээр нь нэмээд энэ хүмүүсийг яллаад байх юм.
… Хулгайч нар нь шүүхийн танхимд зогсдоггүй, яагаад гэм буруутай, буруугүй өчнөөн хүмүүсийг зогсоогоод яллаж байдаг юм бэ. Би үхтэлээ алалцана эд нартай чинь. Миний Монголын ард түмэн сайхан амьдрах учиртай.
Улсын төсөв, гадаад өр. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёртой миний муудалцдаг сэдэв. 2016 оноос хойш 4 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. Хаачсан юм бэ тэр мөнгө. Нэг тэрбум ам.долларыг нь нефть боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулсан гэсэн, гурван тэрбум ам.доллар нь хаачсан юм бэ. Чингис бондын 1.5 тэрбум ам доллараар ямар их юм хийдгийг бид бүхэн харлаа ш дээ.
Яагаад би энийг хэлж болохгүй байгаа юм. Энэ тухай би чуулган дээр олон удаа ярьсан. Ардын намын зарим гишүүн “Наадахыг чинь хашраана аа” гэдэг юм. Хашрааж байгаа хэлбэр нь энэ гэнэ. Хуцав аа. Намайг шүүх дээр авч ирээд. Ял өгсөн байсан ч хашраахгүй.
“Надад хийсэн хэрэг байхгүй, хийсэн ажил бий”
Эдийн засгийн хөгжлийн сайд асан шүүгдэгч Н.БАТБАЯР:
-Энэ мөнгө 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны үүрээр 05.00 цагт орж ирсэн. “Мөнгө ороод ирлээ” гээд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал над руу мессеж явуулж байсан. Тэр үед Монголын дансанд 1.5 тэрбум ам.доллар ороод ирлээ гэхээр сэтгэл сайхан л байдаг юм билээ. Та бүхэн мэднэ, монголчууд бүгдээрээ л билэгшээдэг. Тэр мөнгө арванхоёрдугаар сарын 6-нд орж ирсэн, тэгээд би билэгшээсэн. Их хаан маань илгээсэн юм байна, аргагүй нэр нь хүчтэй юм байна гэж харж байсан. Энэ бол тохиолдол биш зүй тогтол. Ингээд орхиё.
Надад хийсэн хэрэг байхгүй. Харин хийсэн ажил бий. Хөгжлийн банкнаас хувьдаа сохор зоос ч аваагүй. Харин би Монголдоо, Хөгжлийн банкиндаа гадаадаас урт хугацаатай мөнгө авч ирсэн хүн. Үүнийг энэхүү шүүх хурал харууллаа. Намайг бондын мөнгө идсэн гэж олон жил цоллосон. Тэгвэл энэ шүүх хурал тийм зүйл байхгүй гэдгийг нотоллоо. Учир нь шүүх хурал дээр улсын яллагч нар намайг хувьдаа мөнгө авсан гэж ганц ч удаа дуугараагүй. Би юу ч аваагүй юм чинь юугаа ярих вэ. Нэрээ цэвэрлэж авсандаа баяртай байна. 70, 80 хүнийг зэрэгцүүлж хуралдуулна гэдэг бол энд байгаа бүх хүнийг шийтгэж байгаа хэрэг.
“Нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй”
УИХ-ын гишүүн, шүүгдэгч Х.ГАНХУЯГ:
-2021 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ асуудал сөхөгдсөн. Тэр үед УИХ-аар банкны тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байсан. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэл хувь эзэмшдэг байх, топ таван банк нээлттэй хувьцаат компани болсон байх зохицуулалттай хуулийг УИХ баталсан. Хууль батлах болсон шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэр зэрэг дуулиант хэргүүдэд банкны оролцоо их байна гэдэг асуудлыг цаашид гаргуулахгүйн тулд энэ хуулийг баталсан. Банкны шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахалж, миний бие гишүүнээр нь ажилласан. Банкны хуулийг батлуулах болоход банкны эзэд том акци явуулсан. Тэр цаг мөчөөс хойш хэвлэлийн баатар болсон.
Хэрэг үүссэн шалтгаан нь ч гэсэн Г.Амартүвшин гишүүн өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаж, АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан. 2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй.
“Хайж, хайж хамт ниссэн мэдээлэл олж”
УИХ-ын гишүүн, шүүгдэгч Г.АМАРТҮВШИН:
-"Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн орлогын 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан.
Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа.
Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй. Шахалт, дарамт, эрүүдэн шүүсэн үйл явдал нөхцөл байж болзошгүй дээр таамгийн шинж чанартай мэдүүлэг авагдсан байна лээ. Энэ хурлаар тодорхой боллоо. Х.Ганхуяг бид хоёрыг найз гэж тогтоохоор маш их хүч чармайлт гаргасан байна. Хайж хайж азаар нэг хамт ниссэн нэг мэдээлэл олдсон бололтой. Өөр юм байхгүй.
“Гүтгээд байсан 100 мянган доллар нь хувирсаар 100 сая боллоо”
УИХ-ын гишүүн, шүүгдэгч Ё.БААТАРБИЛЭГ:
-Хөгжлийн банкны Б.Чойжилжалбуу захирлыг Архангайнхан томилуулсан гэдэг юм ярьсан. Хэний мэдүүлгэд байв. Манай Архангайнх нь мөн. Гэхдээ би томилуулаагүй, ажил хэргийн холбоо ч байхгүй. Төгсөлт ч биш мэнд устай л явдаг. Миний төрсөн болон хадмууд дотор төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй. Би томилгоонд оролцдоггүй. Манай намынхан, бүлгийнхэн бүгд мэднэ. Хөгжлийн банкинд захирал байтугай, цэвэрлэгч ч томилуулаагүй.
“Энэ зээлийн дараа Ё.Баатарбилэг сайдын жолооч улаан өнгийн 570-тай боллоо” гэдэг зүйл ярьдаг. 2016 оны сонгуулиар тэр машиныг унаад л явж байсан л даа. Гишүүн болохоос ч өмнө унаж л байсан.
н.Ганганжаргал гэдэг жолоочийн мэдүүлэгт “2016 оны УИХ -ын сонгуульд Ц.Баатарбилэг хамт явж байсан” гэсэн байна лээ. Хамт явж байсан тохиолдол байхгүй. Би Ганганжаргалаар үйлчлүүлж байгаагүй.
Баттулга гэдэг залуугийн мэдүүлэг байна лээ. Дам юмнууд баахан ярьсан. “Хөгжлийн банкны захирал Б.Батбаярыг таньдаг, зээл бүтээнэ гэж ярьсан. Хамт байсан, зочид буудалд архи ууж байсан” гэх зэргээр очиж байгаагүй буудлын тухай ч ярьсан байна лээ. Б.Батбаяр захиралтай би ордонд л ганц нэг таарч байсан байх. Ямар ч ажил хэргийн холбоо байхгүй. Банк санхүүгийн мэдлэг ч би муу, банк санхүүгийн эдийн засгийн байнгын хороонд ч харьяалагддаггүй. Тийм болохоор уулзаж байсан тохиолдол байхгүй.Яяриад байгаа зочид буудал нь хаана байдгийг ч мэдэхгүй. Тэрийг тогтоогоогүй.
Баттулга гэдэг залуу, өчигдөр бас юу ярьчихав аа, “2016 оны сонгуульд Ц.Баатарбилэг гишүүнд 100 сая төгрөг өгнө гэж ярьсан” гээд хэлчих шиг болох юм. Гүтгээд байсан 100 мянган ам.доллар нь хувирсаар 100 сая төгрөг болж байгаа юм уу хаашаа юм. Миний 2016 оны УИХ- ын сонгуулийн хандив, хандивын жагсаалт бүх зүйл Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Ц.Баатарбилэг найз маань намайг 2016 оны УИХ- ын сонгуульд нэр дэвшихэд Архангайд очоогүй. Номхон тэмээг ноолоход амар гэгчээр яаж ийж байгаад миний нэрийг оруулаад гөвшөөд байвал болмоор санагдаад байгаа юм байлгүй дээ, энэ гэрч гэх нөхдүүд. Үнэн мөнө нь олдох байлгүй дээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ