Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэх болно./Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөхдөө хэлсэн үгнээс. 2021.VI.25/
Казахстаны ерөнхийлөгч Токаев латин үсэг дээр суурилсан казах хэлний шинэ цагаан толгой боловсруулах даалгаврыг соёлын сайд Актоты Раймкулова, боловсролын сайд Асхат Аймагхамбетов нарт өгсөн тухай мэдээлэл 2020 онд цацагдаж байлаа. Уг зарлигт ОХУ-ын эрх баригчид ихээхэн харшилсан агаад Токаевын өгсөн хариу тайлбар нь "Дэлхийн мэдээллүүдийн 90 хувь нь латин үсгээр нийтлэгдэж байна. Хэн мэдээлэл эзэмшинэ, тэнд шинжлэх ухаан технологи хөгждөг гэдэг нь нэгэнт тодорхой болсон”.
Тус улс 2031 он гэхэд латин үсэгт бүрэн шилжихээр төлөвлөснөө “технологийн хөгжлийн эрин зуунд компьютерт байдаг үсгүүдийг ашиглах нь улс орны хөгжилд шинэ түлхэц болно” гэж үзэж байгаа аж. Улсынхаа эрх ашгийг нэгд эрэмбэлдэг улс орон нэг иймэрхүү бодлого хэрэгжүүлдэг бол эх орныхоо эрх ашгийг уланд тавьдаг Монголын улстөрчид гадаад, дотоодын ашиг сонирхолд үйлчилсээр ирсэн бодит жишээ олон.
Монголд англи хэлийг хоёр дахь үндсэн хэл болгохоор Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад суулгаж өгсөн нь олон нийтийн сүлжээний онцлох сэдэв болж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар эсрэг кноп дарсан нь “ардын хүүхдүүд гуравдугаар ангиасаа англи хэл үзэх нь монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх” юм байх. Атал өөрсдийнх нь үр, хүүхэд, ач зээ нар англи хэлийг унаган хэл мэт эзэмшиж болохоос гадна БЗС-гийн тэтгэлэг, зээлээр АНУ, Герман, Англи, Австралид суралцаж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх эрхтэй. Жишээ нь, англи хэлийг хоёр дахь үндсэн хэл болгохын эсрэг санал өгсөн С.Чинзориг сайдын хоёр охин БЗС-гийн зээлээр АНУ-д магистр хамгаалсан байдаг. Тэгээд авсан зээлээ огт төлөөгүй, аав нь “төл гэвэл төлчихнө” гээд ард түмнээ даапаалаад зогсож байх шиг. Салбарын сайд Л.Энх-Амгалангийн эхнэр, дүү хоёр мөн л татвар төлөгчдийн мөнгөөр дэлхийн боловсрол олж авсан нь баримттайгаа “баригдсан”. Угтаа Л.Энх-Амгалангийн энэ үйлдэл түүнийг боловсролын салбарыг удирдах ямар ч ёс зүйгүйг харуулсан. Гэхдээ манай улстөрчдөд айх, ичих булчирхай байх биш.
Монголын хүүхэд залуус англи хэл сурснаар Монголын хар хайрцагны бодлого алдагдана гэдэг тэдний зохиосон үлгэр. Монгол залуус ертөнцийн боловсролоос гээгдэх нь харин чтэдэнд ашигтай. Ард түмэн гэх цагаан цаасан дээр юу дуртайгаа бичих гэсэн арга заль нь юм.
Боловсролтой, мэдлэгтэй иргэд хэр барагтай тархиа угаалгахгүй. Тэгээд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрөөдөж байгаачлан дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэхэд англи хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай. Англи хэл сураагүй бол хэчнээн авъяастай ухаантай байлаа ч хүний газраас эрдэм өвөртлөх боломжгүй. Ерөнхийлөгчийн 2100 илгээлт гардсан ихэнх залуус дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж чадахгүй байгаа нь ердөө хэлний бэрхшээлтэй холбоотой.
"Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо" гэж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ашгүй нэг салбарын сайд байсан хүн шиг дуугарсан байна лээ. Түүний гурван үндэслэлд дурсанчлан үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, тэдний гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд англи хэлийг эсэргүүцдэг нь магадлалын онолын хувьд манайд өрнөж байгаа үзэгдэл яв цав таарч байна. Хоёрдугаарт, тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологио хамгаалах гэсэн арга саам ч ажиглагдаж байгаа.
Асуудал нь англи хэл заах, заахгүйдээ биш юм. Ерөөсөө манай улстөрчид иргэдээ хөмөрсөн тогоон дотор нь үлдээх сонирхолтой. Энэ нь олон шалтаг, шалтгаантай. Угаасаа манай улстөрчид улсынхаа эрх ашгийг эцэст нь, хувийнхаа эрх ашгийг эхэнд эрэмбэлдэг нь гэм биш. Н.Учрал гэхэд үндэсний өв соёл алдагдахаас айсандаа үгүйсгээгүй, өөрийнх нь бизнес дампуурахаас болгоомжилсон биз. Хэрэвзээ улсын сургуулиуд бага ангиас нь англи хэл заагаад эхэлбэл, “Их засаг”-т мөнгө төлж хүүхдээ сургах хүн цөөрөх нь мэдээжийн хэрэг.
Нөгөөтэйгүүр, ардын хүүхдүүдийн англи хэлний мэдлэг сайжрах юм бол дарга нарын хүүхдэд дабль стандартаа эдлэж чадахгүйд хүрнэ, ойлгомжтой. БЗС-гаас зээл, тэтгэлэг авсан дарга нар, тэдний үр хүүхдүүд “журмын дагуу авсан” гэх үгээр ам таглаж байна. Англи хэлгүй ардын хүүхдүүд журамд нь тэнцэхгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа болоод тэр. БЗС-гаас зээл, тэтгэлэг авсан суралцагчдын 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байна гэж О.Батнайрамдалын хэлсэн үг үнэн байх.
Үндсэндээ БЗС-гийн мэдээллийг ил тод, шилэн болголоо гэхэд өнөөх өндөр албан тушаалтан, тэдний үр хүүхэд, хань ижил хамаг зээл, тэтгэлгийг нь хуу хамах нь тодорхой. Хар багаасаа гадаад хэл сурч, ус цас шиг эзэмшсэн хүүхдүүд журмын тавьсан шаардлагыг нь хангах нь ойлгомжтой. Хэний хүүхэд байхаас үл хамаараад эрхээ эдэлнэ гэх биз. Тэр хэрээр амьдралын чанар, ажил орлогын зөрүүтэй байдал бий болно. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг бүр Төрийн албаны тухай хуульд “… төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэх нэмэлт өөрчлөлтийг оруулъя гээд явж байсан удаатай.
Тиймээс англи хэлийг хоёр дахь үндсэн хэл болгохыг эсэргүүцээд байгаа улстөрчид боловсролгүй, мэдлэггүй хэдэн “малынхаа” буяныг хэдэн үеэрээ эдлэж, бидний толгой дээр үр удмаараа зайдагнах гэсэн нэг муу зальжин санаатай яваа байх. Үүнийгээ өв соёл, үндэсний дархлаа руу чихэж гэнэ дээ.
Холбоотой мэдээ