"Твиттер"-ийн гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн сард компанийн шинэ боссыг олсон гэдгээ зарлаж байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэрбээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцрох эсэх талаар санал асуулга явуулахад платформын хэрэглэгчдийн дийлэнх нь дэмжжээ. Санал асуулгын дүнг дагана гэж Маск хэлсэн ч сүүлд нь "Энэ ажилд орохуйц хангалттай тэнэг хүн олдвол би дүрээ шилжүүлнэ. Гүйцэтгэх захирлын албыг зөвхөн тэнэг хүн л хүсэх байх" гэсэн юм. Өөрийг нь орлох хүнийг энэ оны эцэс гэхэд олно гэж тэр мэдэгдсэн ч төлөвлөсөн хугацаанаасаа өмнө олов бололтой. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа бид “Твиттер”-ийн шинэ гүйцэтгэх захирал Линда Яккариног онцолж байна.
Линда Яккарино “NBCUniversal”-д 2011 оны аравдугаар сард орж, энэ оны тавдугаар сарын 12-нд албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Мөн өдрөө тэр “Твиттер”-ийн гүйцэтгэх захирал болно гэдгээ мэдэгдсэн байна.
Итали, Америк гаралтай тэрбээр 1963 оны арваннэгдүгээр сарын 27-нд төржээ. Тэр Нью-Йоркийн Дийп Парк гэдэг газар хүүхэд насаа өнгөрөөсөн байна. Боловсролын хувьд 1985 онд Пенсильванийн их сургуулийн харьяа Доналд П.Беллисариогийн нэрэмжит Харилцаа холбооны коллежийг бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Яккарино нь “Turner Entertainment” байгууллагад бараг 20 жил ажилласан бөгөөд салбартаа танигдсан нэгэн. “Turner Entertainment” нь 1986 онд Тэд Төрнерийн үүсгэн байгуулсан мультмедиа компани юм. Тэр 2014 онд Зар сурталчилгааны зөвлөлд нэгдсэн. Улмаар 2018 онд Дональд Трамп түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Спорт, фитнесс, хоол тэжээлийн асуудал хариуцсан зөвлөлд томилжээ. Яккарино 2021 оны нэгдүгээр сард Зар сурталчилгааны зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга болсон бөгөөд энэ албан тушаалдаа 2022 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл байсан. Даргаар ажиллах хугацаандаа тэр Байдены засаг захиргаатай хамтран коронавирусын эсрэг вакцины кампанит ажлыг зохион байгуулж байв.
“NBC News”, “Focus Features”, “Bravo” зэрэг брэндийн өлгий болсон “NBCU”-д ажиллах хугацаандаа тэр зар сурталчилгааны борлуулалтын бизнесийг шинэ түвшинд гаргасан.
ОЛИМПИЙН НАЙДВАР
Яккариног олон жилийн өмнөөс мэддэг нэгэн эх сурвалж хэлэхдээ түүнийг үнэхээр супер байх дуртай эмэгтэй гэжээ. “Тэр шууд л үсэрч ороод, би үүнийг засч сайжруулж чадна” гэх болно гэжээ. Үүнээс нь үүдээд Яккарино үнэхээр чадах уу гэсэн асуулт гарч ирсэн.
“Твиттер” компанийн хувьд Элон Маскаас ч өмнө янз бүрийн асуудалтай тулгараад байсан. Тодруулбал, тус компанийн удирдлагууд ташаа мэдээлэл, ёс бус үг хэллэгт тохирсон зөв зохицуулалт хийдэггүй гэж ширүүн шүүмжлүүлсээр иржээ. Компани 2006 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёрхон удаа ашиг олсон гэхэд болно. Гэтэл Элон Маск компанийг гартаа авснаар нөхцөл байдал улам дорджээ.
Өнгөрсөн жил Линда Яккарино нэгэн бага хурлын үеэр Элон Маскийг өмөөрсөн үг хэлж, “Энэ залууд түр нэг минут өгөөч” гэж уриалж байсан. Үүнийх нь дараа түүнийг “Твиттер”-ийг сонирхож байж магадгүй гэх таамаглал анх гарч байв. Мөн тэрбээр шинэ албан тушаалдаа томилогдсоныхоо дараа “Гэрэлт ирээдүйг бий болгох алсын харааг тань би удаан хугацаанд дэмжсэн. Би таны алсын харааг хэрэгжүүлж, бизнесийг хамтдаа өөрчлөхдөө баяртай байх болно” гэж жиргэжээ.
“Твиттер” дэх ёс бус үг хэллэг, хувийн нууцыг хянах зохицуулалт, төлбөрийн нэхэмжлэхүүд, хэрэглэгчдийн гомдол гэх мэт Яккариногийн өмнө маш олон сорилт байна. Мэдээжийн хэрэг хамгийн том сорилт нь Элон Маск болно. Яагаад гэвэл шинэ гүйцэтгэх захиралтай болсон ч Элон Маск компанийн бүтээгдэхүүн, програм хангамж, системийн үйл ажиллагаанд хяналт тавина гэдгээ мэдэгдсэн.
Найзууд болон хуучин хамтран ажиллагсад нь Яккариног мэдлэг, туршлагаа ашиглан платформын сурталчилгааны бизнесийг сайжруулж, платформыг өргөжүүлнэ гэж итгэж буй. Яккариногийн хувьд “Твиттер”-ийг агуу боломж гэж харж байна.
Технологийн “Brightline” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жаклин Корбелли хэлэхдээ “Хэрвээ түүнд хийх орон зайг нь олговол Яккарино том алхам хийх зоригтой” гэжээ. Түүнчлэн “Female Quotient”-ийн захирал Шелли Заллис түүнийг юунаас ч айгаагүй гэж хэлсэн байна. “Линда айгаагүй. Тэр шийдлийг эрэлхийлдэг хүн. Тэр үнэхээр энэ салбарыг нэгтгэж, ахиц дэвшилд нь түлхэц өгөх хүн мөн” гэж Шелли Заллис хэлжээ.
Харин зарим шинжээч түүнийг шилэн хадан цохионд тулаад байна гэж дүгнэсэн. “10 см өсгийт дээр алхдаг байсны хувьд хэлье, би ерөөсөө хазганадаггүй” гэж Яккарино энэ дүгнэлтийн хариуг өгчээ. Түүнчлэн хэцүүхэн хамт олонтойгоо харьцах стратегиэ “тэвчээр ба дарс” гэсэн үгээр тэр тодорхойлсон байна.
АЖИЛТНУУДДАА БИЧСЭН АНХНЫ ЦАХИМ ШУУДАН
Яагаад заавал "Твиттер" юм бэ гэж хүмүүс надаас байнга асуудаг. Тиймээс би та бүхэнд хэлье. Сансрын хайгуулаас эхлээд цахилгаан машин хүртэл энэ салбаруудад өөрчлөлт хэрэгтэй гэдгийг мэдэж байсан тул Элон Маск энэ бүхнийг хийсэн. Хамгийн чухал зүйлсийн талаар мэдээлэл солилцох, нээлттэй яриа хэлэлцээ хийх замаар дэлхийг өөрчлөх шаардлагатай байгаа нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна.
Та өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх ёстой. Бид бүгд адилхан. Твиттер нь дэлхийн хамгийн үнэн бодит мэдээллийн эх сурвалж, харилцаа холбооны талбар болох зорилготой. Бид түүх бүтээхэд ойрхон байна. Энэ бол хоосон амлалт биш. Энэ бол бодит байдал. Энэхүү хүчирхэг алсын харааг та ойлгосон цагт бүх зүйл боломжтой гэсэн үг. Та чин сэтгэлээсээ итгэж, энэ итгэлийнхээ төлөө шаргуу ажиллах хэрэгтэй. Бүрэн шинэчлэгдэж байгаа энэ цаг мөчид бид шинэ түншлэл бий болгож, шинэ дуу хоолойг илэрхийлж, дэлхийг өөрчилж чадах зүйлийг хамтдаа бүтээх боломжтой.
"Twitter 2.0"-ийн амжилт бол бидний үүрэг хариуцлага. Бид томоор сэтгэх хэрэгтэй. Өөрчлөгдөх хэрэгтэй. Бүгдийг хамтдаа хийх хэрэгтэй. Дэлхий дээрх хүн бүрийн гарт шинэ ирээдүйг атгуулах боломж ховорхон байдаг. Үүний төлөө би энд та бүхэнтэй хамт байна. Тиймээс өөрсдийгөө өөрчилж, "Twitter 2.0"-ийг хамтдаа бүтээцгээе.
ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN, THE VERGE
Холбоотой мэдээ