Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Засгийн газраас макро эдийн засгийг тогтворжуулах тогтоол баталсантай холбогдуулаад төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй болгох үүргийг өглөө.
Одоогийн байдлаар E-business системд 17500 хэрэглэгч бүртгэгдсэнээс 14960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд нийтдээ 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамаарагддаг учраас 670 үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр хүрдэг.
Зарим зөвшөөрлийг авахад хуульд заавал бичгийн хэлбэрээр зөвшөөрлийг хүснэ гэж заасан байгаа нь хүндрэл учруулж байгаа.
Мөн компанийн үйл ажиллагааны чиглэл, Удирдах зөвлөлийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг.
Цаасан баримт, цахим баримт хоёр зөрвөл цаасан баримтыг эх хувь гэж үздэг учраас Архив албан хэргийн хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна.
Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна.
Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно. Энэ нь хүний оролцоогүйгээр технологи шийддэг болгохоор ажиллаж байна гэсэн үг.
“ICT EXPO 2023” –аар 4.8 тэрбумын борлуулалт хийсэн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “ICT EXPO 2023” арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээнд 194 компани 492 бүтээгдэхүүнээ танилцуулж, 185 мянга гаруй иргэн биечлэн, давхардсан тоогоор 2.6 сая үзэгч цахимаар үзсэн. Нийтдээ 4.8 тэрбумын борлуулалт хийж, 41 сая ам.долларын гэрээ хэлцэл хийж, 6.9 тэрбум ам.долларын экспортын гэрээ хийгдсэн гэдэг үзүүлэлт гарсан.Мөн Форумд 900 гаруй оролцогч оролцсон.
Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор төр цаашдаа систем хөгжүүлэхгүй. Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг давхардуулж хийхгүй, бодлогоо л тодорхойлно.
Хувийн хэвшлүүд программ хангамжийн их дэлгүүрийг байгуулсан. Нийтдээ 380 гаруй бүтээгдэхүүнийг тус дэлгүүрт байршуулсан. Төр жилд 950 тэрбум төгргийн программ хангамжийн худалдан авалт хийдэг. Тэгсэн хэрнээ тэр систем нь хоорондоо холбогддоггүй.
Үүнийг хувийн хэвшил өөрөө программ хангамжийн их дэлгүүртээ тавиад түүнийг нь төр худалдан авдаг эрх зүйг нээх үүднээс хөгжүүлсэн системүүдийг холбоно.
Цаашдаа төрийн худалдан авалтыг ухаалаг болгоход ач холбогдолтой.
Харилцаа холбооны салбар 1.6 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг. Гэтэл мэдээлэл технологийн салбарын ДНБ-нд эзлэх хувь хэд дахин бага байгаа. Иймээс мэдээлэл технологийн салбарын ДНБ-нд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг нь бовсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарыг татвараар хэрхэн дэмжих вэ, цаашлаад Казахстан, Солонгос, Сингапур улс шиг тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг судлаад IT чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниудыг дэмжих чиглэлээр ажиллана. Тэгж байж эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Цаашдаа төр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх программ хангамжийн чиглэлийн ажлын жагсаалтыг батална. Төр өөрөө систем хөгжүүлдэг биш бодлогоо боловсруулдаг чиглэл рүү явна. Тэгж байж эдийн засагт оруулах хувь нэмэр өснө гэж тооцож байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлснээр эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ