Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:
УИХ-аас 2023 оны төсвийн тодотгол баталсантай холбоотойгоор Засгийн газар төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ, ангилал зэргийг шинэчлэн тогтоолоо. Халамжийн тэтгэвэр, ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэж байгаатай холбоотойгоор мөн холбогдох тогтоолуудыг баталлаа.
Ахмад настнуудын тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхээс гадна 10 хувиар нэмэгдэнэ. Долдугаар сарын 1-ээс ахмадуудын тэтгэвэр нэмэгдэх тул Нийгмийн даатгалын ерөнхий газар тооцооллыг хийж байна.
Ахмадууд маань мэднэ ndaatgal.mn-ээр ороод Хур системээр дамжуулаад тэтгэврээ итгэлцүүрээр хэдэн хувиар нэмэгдсэн, мөн 10 хувь нэмэгдээд хэд болов гэдгийг харах боломжтой болгоно. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 480 мянган орчим тэтгэвэр авагчийн мэдээллийг нэгбүрчлэн системд оруулж, шалгах ажил хийж байна. Ирэх долоо хоногоос ахмадууд тэтгэврээ харах боломжтой болно. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас регистрийн дугаараараа нэвтэрнэ. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээ, ажил мэргэжлээсээ шалтгаалж тэтгэврийн нэмэгдэл нь өөр өөр байна.
Хүүхдийн мөнгө өнгөрсөн хугацаанд авч чадаагүй 9 хувьд үндэсний их баяр наадмаас өмнө нэгдүгээр сараас зургадугаар сарынх нь Хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ