Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн 65 хоногийн хугацаанд бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 120 гаруй байгууллагаас санал авахад 695 санал ирсэн. Саналын 60 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан. 20 хувь нь сэтгэгдэл хэлбэрийн саналууд байсан.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэд, хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг яаж шийдвэрлэх вэ.
Хөрөнгө оруулагч нарын гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Өөрсдөө хөрөнгө оруулчихаад хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөө 16 жил явахаар хэн Монголд ирэх юм бэ. Дундажлаад аваад үзэхэд 6.2 жилийг шүүхэд зарцуулдаг.
Монгол Улсад бизнес хийхээр орж ирчихээд 6 жил шүүхээр явахаар хөрөнгө оруулагч нарыг үргээх алхам болж байгаа. Ийм учраас Татварын маргаан таслах зөвлөл гэж байдагтай адилхан хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.
Хүсвэл арбитраар явах боломж нээлттэй. Шүүх мөн ялгаагүй нээлттэй байна. Төрийн байгууллагатай, Засгийн газартай гомдлоо хэлэлцүүлээд явах юм бол заавал арбитр, шүүхээр явалгүйгээр шийднэ.
Энэ асуудлыг хөрөнгө оруулагч нар, мөн санал өгсөн байгуулагууд дэмжсэн.
Хөрөнгө оруулахад саад тавьдаг босго зэргийг авсан. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөж байгаа. Хөрөнгө оруулахад таатай, хувийн хэвшлийг дэмжсэн орчин бүрдүүлж байж, Монгол хүн ажилтай болно. Монголд бизнес эрхлэгч хөрөнгө оруулахын тулд заавал дансанд 100 мянган ам.доллар оруул гэдэг шаардлага тавьдаг. Ийм шаардлагыг дэлхийн 200 гаруй орноос 24 орон л тавьдаг юм байна. Судлаас үзэхээр хөгжил багатай 24 орон л ийм мөнгө оруулж ирж байршуул гэдэг шаарплга тавьдаг. Тиймээс дээрх заалтыг авч хаяж байна.
Төрийн шалгалт орж ирэхээрээ цуваад ороод ирдэг гэдэг гомдлыг их тавьдаг. Давхардал хийдлийг арилгахын тулд жилдээ хамгийн ихдээ хоёр л шалгалт байж болохор зааж өгсөн.
Зөвшөөрөл авах асуудлыг энгийн болгон журамлаж байгаа. Хураамж дотоодын аж ахуй нэгж, гадаадын аж ахуйн нэгжид өөр, өөр байсныг ижил болгосон.
Эдийн засгийн форумын үеэр хуулийн төслөө танилцуулах зорилго тавьж байна. Бизнес эрхлэхтэй холбооотой индексээ сайжруулахаар чармайж байгаагаа илэрхийлэх юм.
Засгийн газрын хуралдаанд мөн Эдийн засгийг тогтворжуулах тогтоолыг оруулсан. Энэ онд эдийн засгийн өсөлт 6 хувь орчим гарах болов уу.
Зургадугаар сарын 16-ны байдлаар инфляц 12.3 хувь байна. Валютын нөөц 3.9 тэрбум орчим. 2023 оны төсөвт тодотгол хийх хүрээнд төсвийн зардлыг 1.8 их наядаар нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд долларын эргэлтийг 300 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх болов уу гэдэг тооцоо хийж, үнэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, валютын нөөцөд нөлөөлөх нөлөөллийг буруулах арга хэмжээг Засгийн газарт санал болголоо.
Бараа бүтээгдэхүүний үнийг яавал тогтвортой байлгах вэ гэхээр нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг бий болгох бодлогын арга хэмжээ авна. Малчид түүхий эдээ 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр зарлаа гэхэд арай өндөр үнээр Улаанбаатар хотод зарагддаг бол Хөдөө аж ахуйн биржийг ажиллуулах ёстой.
Уул уурхайн биржээр нүүрс арилжаалах болоход эхлээд нэлээд олон хүн эсэргүүцэж, “бүтэхгүй” гэж байсан. Гэтэл үр дүн маш их байгаа. Хоёр хоногийн өмнөх нүүрсний арилжаагаар 63 удаа үнэ хаялцсан байна гэдэг өрсөлдөөн ороод урьд алдагдаж байсан валют Монголдоо үлдэх боломж бүрдэж байгаатай адил хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр явуулах шаардлага байгаа.
Хөдөө аж ахуйн биржийг байгуулъя гэдэг асуудлыг тавиад удаж байгаа. Иймэрхүү ажлуудыг сайн хийх хэрэгтэй.
Валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Цахимжуулах ажил хийх. Арьс шир, мах Замын-Үүдээр голдуу гарч байгаа. Хилийнхээ баруун, зүүн боомтоор арьс шир, махаа экспортолдог болохгүй бол хаа байсан баруун аймгаас авч ирээд Замын-үүдээр гаргана гэх нь өндөр өртөг төлөхөөс аргагүй болгож байгаа. Аль болох олон боомтоор зах зээл рүүгээ үнэ хүргэн зарах боломжийг нээж өгвөл экспортын орлого нэмэгдэнэ. Ирэх долдугаар сарын 1-ээс төмрийн хүдэр, жоншийг биржээр зарна. Ашигт малтмалын ордоос орж ирэх орлого өснө. Тэр хэрээр төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангах боломж бүрдүүлнэ.
Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байгаа. Гадаадаас банк оруулаад ирэх юм бол Монгол Улсад байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхээр хүү бууна.
Одоо байгаа банктайгаа 30 жил явж байна, хүү өндөр, мөнгөний хэмжээ хязгаарлагдмал. Банк санхүүгийн салбарын либералчлалыг хүчтэй хийж, гуйж гувшиж байгаад ч болов хөрөнгө оруулагчдыг гадаадаас оруулж ирж, банкны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг төв банк хийх ёстой. Банкны салбарт өрсөлдөөн нэмэгдвэл зээлийн хүү бууж, олдоц нэмэгдэнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ