Энэ жил хэд хэдэн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Аймгууд тэгш ойн наадмаар хөтөлбөрөө нарийвчлан гаргаж байгаа бол Архангай аймаг тусгай хөтөлбөрөөр олон, олон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Ойн хүрээнд хийх соёл урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвентийн талаар урлагийнхан мэдээлэл хийлээ.
Жүжигчин Э.Цолмонбаяр "Энэ жил Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нэг сарын хөтөлбөрийг боловсруулсан.
Архангай аймгийн төвөөс 2,5 километрийн зайд RN complex аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж байгаа. Одоогоор бүх барилгын ажил дууссан. Тохижилтын ажил явагдаж байна.
Түгжрэл байхгүй, зогсоолтой байх, өдөр бүр арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Өдөр бүр явуулын цирк болон амьтны хүрээлэнтэй байгаад Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран 31 төрлийн хоолны сонголтуудтай байхаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчидтэй гэрээгээ байгуулж байгаа. "Монгол" уран сайхны киноны хэлэлцээр хийгээд долоодугаар сарын 1-5-ны хооронд RN complex-тоо цацах зөвшөөрлөө авсан. Аялаж байгаа хүмүүстээ бэлдэж байна" гэлээ.
Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан "Долдугаар сарын 21,22-ны өдөр амьд хөгжмийн наадам зохион байгуулахаар болсон. Түүний ерөнхий найруулагчаар миний бие ажиллаж хамтлагуудаа оролцуулахаар бэлтгээд байна. Энэ амьд хөгжмийн наадамд энэ цаг үеийн шилдэг хамтлагууд оролцоно. Шинэ стадионд шинэ хөгжмийн дуугаралттай орчинд амьд хөгжмийн тоглолт хоёр өдөр үргэлжилнэ. Бүх амьд хөгжмийн сонсогчдоо урьж байна" гэв.
Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар рок попынхноос гадна нийтийн дуучдыг төлөөлж 15-16 уран бүтээлч долдугаар сарын 7-ны өдөр тоглолт хийж, уран бүтээлээ мөн хүргэх юм байна.