Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Монгол Улсад зургадугаар сарын 26-29-ний өдөр болох “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ын ач холбогдлыг юу гэж харж байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эдийн засаг, хөгжлийн яамны удирдан зохион байгуулалтаар 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Манай чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, худалдааны томоохон тоглогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, дэлхийн ногоон худалдааны чиг хандлага, цаашдын хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо, залуу бизнес эрхлэгчдийн эко-энтерпренер сонгон шалгаруулалт зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэнэ.
-Монгол Улсын өнөөгийн экспортын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсын экспортын 97 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн гурван хувийг уул уурхайн бус экспорт эзэлж байна. Тиймээс уул уурхайн бус экспортын эзэлж байгаа гурван хувийг яаж нэмэгдүүлж, төрөлжүүлэх вэ гэдэг сорилт Монгол Улсын Засгийн газарт тулгарч байна. Засгийн газраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг, туслалцаа, бодлогыг нэн яаралтай тодорхойлохгүй бол дан ганц экспортын орлого болох уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засаг болоод байна. Уул уурхайгаас хэт их хамааралтай байх нь улсад хор уршиг өндөр байдаг гэдгийг зарим улсуудын туршлагаас харж болох юм. Тухайлбал, Мали, Венесуэл Улсын жишээг дурдаж болно. Монгол Улс газар нутгийн хэмжээ, байгалийн баялагийн нөөцөөрөө зарим улс орнуудыг бодвол хамаагүй их үйл ажиллагаа эрхлэхэд чөлөөтэй байдаг ч экспортод гаргая гэхэд дийлэнх бизнес эрхлэгчид өөрийн нөөц бололцоо, мэдлэг, туршлага, судалгаагүйгээс үүдэж экспортлох боломжууд нь хумигдаж байна.Энэ нь төрөөс өгч байгаа үйлчилгээнд хүнд суртал, цаг хугацаа их зарцуулдаг, тавигдах шаардлагууд хэт их байгаагаас улбаалж хүндрэл, удаашрал бий болж, цаашилбал экспортод гаргахгүй байх нөхцөлүүд үүсэж байна.
-Экспортод гаргах бараа бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа саад бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Та бодолдоо, би мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байлаа гэж үзье. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд 29 төрлийн 44 бичиг баримт бүрдүүлж, бичиг баримт бүрдүүлэхэд дунджаар 168 цаг, хил дээрх шалгалтад 134 цаг, нийт 302 цагийг зарцуулж байна. Энэ 302 цагт тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, эдгээр шаардлагатай баримт бичгийг хөөцөлдөж хотын бөглөрөлд зарцуулсан цаг хугацаа ороогүйг дурдъя.
Тэгэхээр, энэ бизнес эрхлэгч маань бэлтгэх, боловсруулах хугацаанд 3-4 сар, хил гааль дээр бараг 1 сарын хугацааг зарцуулахад бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, цаашилбал бүтээгдэхүүнээ экспортлох хүсэл төрөх үү. Тэр ч бүү хэл бизнес нь дампуурах нөхцөл үүснэ. Тиймээс экспортын гарцыг нэмэгдүүлэх, саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлого явуулж, төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ хүндрэл, саад бэрхшээлүүд зөвхөн махны экспортод биш ноос ноолуур, арьс ширийн бүтээгдэхүүнд тулгарч байна. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд Үндэсний экспортын стратегийн жишиг бичиг баримтыг боловсруулж, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсож, эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг үндэслэн гаргаснаар бид түрүүн ярьсан асуудлыг цогцоор нь төрөлжүүлэн шийдэх боломж руу нэг алхам ч болтугай дөхөн гэдэгт найдаж байна.
– Экспортыг хөгжүүлэх жишиг баримт буюу үндэсний экспортын бодлогын бичиг баримтыг боловсруулснаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?
– Энэ сарын 26-29-ний өдрүүдэд болох уулзалтад Энэтхэгийн худалдан авагч монголын арьс ширийг импортлох зорилготойгоор ирж байна. Тэгвэл бидний бодлого, экспортын дэмжлэгүүд бодитоор яаж хэрэгжиж байгааг харж, судалж яг бодит тулгарч байгаа асуудлуудыг олж харах юм. Ингэснээр бид хийж байгаа алдаа, амжилтыг тулгуурлан кэйс болж экспортын бодлогод зөв хэрэгжүүлэх боломжууд үүсэх юм.Мэдээж, энэ үйл ажиллагаанд Олон улсын худалдааны төвийн тусламжтайгаар гаднын олон компаниуд оролцох үед өөрийн бүтээгдэхүүнээ экспортлох хүслээ илэрхийлж, тус арга хэмжээнд манай дотоодын үйлдвэрлэгчдийг оролцохыг уриалж байна. Нийт 400 гаруй оролцогчид, 150 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаагаас 80-90 гаруй хувь нь гадаадын компани буюу импортлогч компаниуд байна. Тухайлбал Хятадын Алибаба мөн ЖД зэрэг компаниуд оролцох бол, Энэтхэгээс арьс ширний худалдан авагч, Арабаас мах, махан бүтээгдэхүүний худалдан авагчид оролцож байна. Мөн Австрали, Америк, хуучин Төв Азийн орнууд буюу бидний зах зээл нээгээгүй орнууд оролцохоор нэгдээд байна.
– Мах, махан бүтээгдэхүүн гээд байдаг зөвхөн манай хөрш орнууд л авдаг юм биш үү? Мөн экспортод гаргах шаардлагууд нь өндөр юм биш үү?
– Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар бид Халал технологиор боловсруулсан Араб буюу Муслим шашинтай улсуудын махны хэрэглээг тоо баримттай гаргасан судалгаа байдаг. Тэгвэл монголын махны үйлдвэрүүд зөвхөн хагас боловсруулсан махыг хятад улс руу гарган гэхгүй гадаад бусад улсын хэрэгцээнд тулгуурлан экспортод бэлтгэх бэлтгэлээ базаах боломжтой болно. Харин төрийн зүгээс экспортыг хурдасгах талын бодлогоо бэлтгэх шаардлагатай. Энэ нь ноос, ноолуур, арьс шир, жимс жимсгэнэ зэрэг байгалийн бүтээгдэхүүнд мөн хамааралтай.
– Энэ чуулга уулзалтын сэдэвт дижитал гэж орсон байна лээ? Энэ хүрээнд?
– Дэлхийн экспортыг дэмжих 20 удаагийн чуулга уулзалт нь Монголд зохион байгуулагдаж байгаа нь Ази тивийг хамарсан 5 дахь удаагаа бөгөөд яагаад Монгол Улсыг онцолж байгаа нь өөрөө далайд гарцгүй орны экспортыг хэрхэн дэмжих талаар мөн түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу энтерпренеруудыг дэмжих ялангуяа далайд гарцгүй орны давуу тал болох дижитал буюу IT бизнесийг хэрхэн дэмжин, сайн туршлагыг харуулсан чуулга уулзалт болох гэж байна. Бид бүхэн мэдэж байгаа IT бизнес заавал байгаа байршлаас үл хамааран ажиллах боломжтой байдаг. Жишээ дурдахад Энэтхэгийн Мумбай хот байна. Дэлхийн IT outsourcing үйлчилгээний 60 хувийг тус компани үзүүлж байна. Энэ нь монголд хэрэгжих бүрэн боломжтой юм. Үүнийг ч гэсэн манай Эрдэнэт хотод 1000 IT инженер бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бодлого хэрэгжиж эхэлснээр гадаадад IT outsourcing үйлчилгээ үзүүлж эхлэх боломж бүрдэж байна. Тэгвэл бид энэ экспортын боломжийг бүрдүүлэхийн тул төрөөс боловсон хүчийг бэлтгэх, ялангуяа IT инженерүүд, програмистүүд, архетакуруудыг сургах шаардлагатай болж байна. Энэ нь өөрөө төрөөс дижитал салбарт өгөх дэмжлэг бодлого юм. Ойрын 30 жилд технологийн хөгжлийг даган IT салбар улам хөгжинө. Хөгжихийн сацуу шинэ боловсон хүчин шаардагдана. Эдгээр асуудлуудыг бид Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үеэр хэлэлцэж, санал солилцож, бизнес эрхлэгчид хоорондоо ярилцаж, эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулан цугтаа экспортыг нэмэгдүүлэх аргачлал шийдэл бодлогын бичиг баримтыг гаргаж ирэх юм. Хувь хүний зүгээс Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төв хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаад би баяртай байна. Эдийн засаг, хөгжлийн яам дангаараа энэ үйл ажиллагааг хийгээгүй. Энэхүү том үйл ажиллагааг явуулахын тул ЕТГ, ГХЯ, ХХААХҮЯ, ЖДҮГ, МҮХАҮТ, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл зэрэг байгууллагуудын оролцож байж амжилттай явагдаж байна гэдийг онцолмоор байна.
Холбоотой мэдээ