Хөгжлийн банкны шүүх хурал Даваа гариг хүртэл завсарлав

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

LiveХөгжлийн банкны шүүх хурал Даваа гариг хүртэл завсарлав

Хөгжлийн банкны шүүх хурал Даваа гариг хүртэл завсарлав

 

 

16 : 27
2023-6-21

Шүүх хуралдаан даваа гариг хүртэл завсарлав

Шүүх хуралдаан ирэх даваа гаригт буюу энэ сарын 26-ны өдөр дүгнэлт шийдвэрээ танилцуулах аж.

13 : 03
2023-6-21

Шүүгдэгч нар үг хэлж дууслаа

Шүүгдэгч нар үг хэлж дууссан учир үдээс хойших хуралдаанаар иргэдийн төлөөлөгчид үг хэлэх аж. Шүүх хурал 14.00 цаг хүртэл завсарлалаа. 

12 : 32
2023-6-21

"УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт мөнгө өгсөн гэх асуудал нь гүтгэлэг байсан"

Шүүгдэгч НВЦ-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг:

-Компанийн гүйцэтгэх захирлын хувиар компанийн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт мөнгө өгсөн гэх асуудал нь гүтгэлэг байсан. Энийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, компанийн ашиг сонирхлын үүднээс ТУЗ-ийн дарга Даажамбад хэтэвч өгсөн асуудал нь андуурал байсныг өмгөөлөгч нар нь нотолчих болно лээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, Хөгжлийн банкны олгогдсон зээл манай 2022 оны аудитлагдсан баланст богино хугацаатай өр төлбөр гэж бүртгэгдсэн. Энэ бол эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол цэвэр бүтээн байгуулалтын мөнгө байсан юм шүү.

“Ганхүдэр” орд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: 

-Манай байгууллагыг авлига өгсөн, авлигаас орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалтад ашигласан гэж, нөгөөдөх мөнгө угаасан гэдэг үндэслэлээр компанийг маань яллаж байна. Мөнгө угаасан гэх хэрэгт тайлбар өгвөл бид зээл авахдаа зөвхөн нэг үйлдвэр дээр зээл авсан. Тухайлбал, шатаах зууханд зээл авсан. Энэ компанийг хөл дээр нь босгож шинэ технологи оруулж ирж бүтээн байгуулалт хийж, мэддэггүй, чаддаггүй төслийг эзэмшихийн тулд бид хичээж ажилласан. Бид 60 хүнтэй үйлдвэрийг 300 хүнтэй үйлдвэр болтол нь хөгжүүлж, олон үйлдвэр цогцлоон байгуулсан. Энэ хүрээнд бид уул уурхайгаас 200 ам.доллар олохын тулд 4.5 тонн төмөр агуулсан 7 тонн хүдэр гаргаж олдог мөнгийг бид 650 төмөр агуулсан нэг тонн хорголжин төмөр үйлдвэрлээд экспортод гаргахаар оруулж ирсэн. Уул уурхай 7 тонн гаргаад 200 ам.доллар монголд оруулж ирдэг бол бид 650 кг төмөр гаргаад 200 ам.доллар оруулж ирэх технологи нэвтрүүлсэн. Харамсалтай нь сул зогсолт хийгээд ерөнхийдөө зогсч байна.

11 : 19
2023-6-21

"Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийнхаа тоог нэмүүлэх гээд байгаа юм уу"

Хөгжлийн банкны шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч нар үг хэлж байна. 


Шүүгдэгч Н.Алтанхуяг:

-Чамлахаар чанга атга, нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тал талаасаа ярилаа. Өмгөөлөгчдөө баярлалаа. Манай өмгөөлөгч нар мундаг хүний эрхийн мэдрэмжтэй, мундаг юм бэ. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байна. Хүний эрхийг ингэж хамгаалах ёстой. 1990 оноос хөдлөхдөө Монгол хүний эрх чөлөөний талаар хамгийн түрүүнд хөндсөн. Энэ дээр найдвартай манаачид байгаа. Надад баяр бахархалтай үйл явдал энэ танхимд байна. Шүүгчдэдээ баярлалаа. Шүүх хурлыг нээлттэй болгож өгөхийг хүссэн. Улстөрч хүний хувьд олон түмний нүдэн дээр буруутай, буруугүй гэдгээ харуулах хамгийн чухал. Ер нь юмыг далдлахаар ялзардаг. АН-ын шинэчлэлийн Засгийн газар бүх юмыг нээлттэй болгохын төлөө явсан. Шүүхийг ч тэр. Зориг зүрх гаргаж, нээлттэй явуулж өгсөнд баярлалаа. Хөгжлийн банкны хэрэг гээд байгаа. Угтаа бол эрүүгийн хэрэг гэхээс илүү зах зээлийн нийгэмд шилжсэн оронд эдийн засаг, зээлийн харилцаа л юм. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод аваагүй. Гэхдээ яах вэ, Монгол Улс урагшилж байгаа. Зарим дээр нь ухарч яваа. Хөгжлийн банкны 80 хүнийг баглаад хоморголоод оруулж ирсэн нь буруу. Тэртээ тэргүй хэвлэлээр хулгайч нарын хурал болж буй гэсэн ойлголт орон даяар явж байгаа. Үүний далбаан дор хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсч байгааг анхааралдаа авна биз дээ. Гэм буруутай, алдаа дутагдал гарснаа хүлээн зөвшөөрөөд хэлж байгаа хүмүүс ч байгаа. Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв. Гэхдээ нэг зүйлийг гайхлаа. Хөгжлийн банк бол улс төрийн байгууллага биш шүү дээ. 2011 оны Хөгжлийн банкны хуулийг батлахад би тэргүүн дэд сайд байсан.

Хөгжлийн банкийг улс төрийн байгууллага гэж батлаагүй. Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээч ээ, мөнгө босгооч ээ, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч ээ, зээлээ төлүүлдэг байгаач ээ, зээл өгөхөөс өмнө барьцаа хөрөнгийн шаардлага хангуулаач ээ, өөрийнхөө шаардлагад нийцүүлээч ээ гэж хууль баталсан. Тэгсэн юу болж байна гээч Хөгжлийн банкны хүмүүс орж ирээд прокурор дээр нэмээд энэ хүмүүсийг яллаад байх юм.

Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийнхаа тоог нэмүүлэх гээд байгаа юм уу. Ёстой дэмийрдэг байна шүү.

Хоёр сар гаруй УИХ-д би суухгүй байгаа. УИХ-д ирүүлсэн материалыг үзлээ. Тэгсэн 2022 оны Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлжээ. Яагаад хүмүүсийг улс орон даяар яллаад байгааг эндээс ойлголоо.

“Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний удирдлагууд, зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор 27 мянга 200 материал нийтлэгдсэн байна”. Аймар тоо ярьж байгаа биз. Хөгжлийн банк ПР хийдэг газар болчихсон юм уу. Зээлдэгч нарыгаа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг болчихсон уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны хэрэг бол зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Улс төрийн шинжтэй, олон нийтийг тархийг угаах юм руу хазайсан байна шүү гэдгийг УИХ-ын тайлангаас уншиж сонсголоо. 27 мянган материалаас гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ. Хүн чанарынхаа улмаас гүтгүүлээд ород ирчихсэн залуусынхаа өмнөөс элэг эмтэрч байна. Нягтлах ёстой. Хэрэг мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Энийг хийхгүй байна. Монголын нийгэм хэцүү, өдрөөс өдөрт амьдрал доройтож, цалин тэтгэвэр хүрэхгүй байгаад хүмүүс бухимдаж байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй. Би буруугүй хүмүүсийн талаар яриагүй байна шүү. Би яах вэ, олон юман дундуур явчихсан хүн.

Би залуучууддаа санаа зовж байна. ТУЗ-ийн гишүүдэд маш их санаа зовж байна. Би өөрийнхөө талаар яриад яах вэ.

Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг би өнөөдөр ярина. Би энэ хугацаанд яриагүй. Прокурорыг ажлаа хийдэг байх гэж бодоод зөндөө хүндэлсэн. Ч.Сайханбилэг, Ганхуяг,Баярсайханы өмнөөс зөндөө ярьсан. Үндсэн хуулийг хүртэл слайд болгон тавиад ярьсан. Та нар өнөөдөр шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэг өдөр захиалагчаа хэлэх болно. Монголын хуулийг бид тэгж өөрчлөх ёстой. 1996 онд гишүүн болоход есдүгээр сарын 10-ныг хэлмэгдүүлэлтийн өдөр болгоно гэхэд би зарчмын зөрүүтэй санал оруулсан. Энэ өдрийг хэлмэгдүүлэлтийн өдөр болгох нь зөв. Гэхдээ Монголын төр уучлал гуйх ёстой гэж байлаа.

Хүнийг хэлмэгдүүлж байгаа айдас хүйдсийг та нар хэдэн төгрөгөөр үнэлээд ч ойлгохгүй.

Б.Жавхлан гээд Сангийн сайд нөхөр байгаа. УИХ дээр Ерөнхий сайдыг төлөөлж мэдээлэл хийх байсан юм. Манай УИХ-ын гишүүд сууж байсан чинь Б.Жавхлан орж ирсэн. Тэр хүн бол Ерөнхий сайдын үгийг унших үүрэгтэй. Гэтэл зохиол ярьж эхэлсэн. Хөгжлийн банкийг АН-ыхан хэрхэн үрэн таран хийсэн тухай ярьсан. Ингээд манай АН-ын бүлэг тэсэхээ байгаад чи юу хийгээд байгаа юм бэ. Ерөнхий сайдын мэдээлэл энэ байна гээд завсарлага авсан. Энэ яаж байгаа юм. Зохион байгуулалтаар чуулганы индрийг ашиглаж, АН-ын нэр хүнд, миний нэр хүндийг унагаах ажлыг хийж байгаа ажлыг зохион байгуулсан.

 

Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, хаацайлах зүйл байхгүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш.

Хахууль өгч авалцаагүй. Бодвол хахууль авсан байх гээд тагнуул турших үйл ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Засгийн газрын шийдвэрээ буруутгаж байгаа. Нэгдүгээрт, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зүйлийг ярина.

Яаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг хэрэгтэн ялтан болгочхоод дараа нь юу хийдэг юм. Миний эхнэр гадагшаа явах гэж байхад нь хагасайн өдөр онгоцны буудал дээр саатуулдаг юм даа. АТГ-ын н.Золжаргал гэж нөхөр 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр. Тэгээд баахан юм болж байхад хагасайн өдөр АТГ-д байцаана гэж дарамталдаг юм. Би арваннэгдүгээр сарын 9-ны өдөр 2017 онд болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ зарлах гээд бэлдээд тескт дээрээ сууж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Түүнийг мэдчихсэн. Тэгээд 5-ны өдөр эхнэрийг нь онгоцны буудал дээр саатуулж байгаа юм. Ингэж дээрэлхдэг байхгүй юу. Өмгөөлөгч аваад гэртээ ирсэн. Гэтэл хоёр сар манай эхнэрийг дуудаагүй. Яах гэж онгоцны буудал дээрээс чирж ирж байгаа юм гэж асуусан чинь Н.Алтанхуягаа “чи өөрөө зүгээр байгаач дээ” гэсэн.

Хүний аз жаргал гэдэг байрны мкв-аас хамаардаггүй. Хулгайч нараа, новшнуудаа… Миний монголыг яах гэж ийм байдалд оруулаад байгаа юм. Яасан өлөн зэлмэн өссөн юм. Яах гэж байгалийн баялгийг хулгайлж дээрэмдээд байдаг юм.

Би ийм зүйлийг үзэж чаддаггүй. Үгээ хэлснийхээ төлөө намайг үгэнд ор чи, эсвэл шоронд ор гэдэг. Би шоронд орохыг сонгоё гэсэн. Өнөөдөр ч гэсэн би энд зогсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж