Орос улс нь 2022 оны хоёрдугаар сард хөрш Украин руу довтолсон нь эрчим хүчний зах зээлийг эрс өөрчилсөн бөгөөд Хятад улс нь Москвагийн худалдааны гол түнш болоод байна. Улмаар Хятад улс нь Оросоос импортолсон түүхий нефтийн хэмжээ дээд амжилтыг эвдсэн талаар тавдугаар сарын гаалийн шинэ мэдээллээс эш татан мэдээлэв.
Өнгөрсөн сард ОХУ-аас Хятадад нийлүүлсэн нефтийн хэмжээ өдөрт 2,29 сая баррельд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар, өдөрт дунджаар 1,73 сая баррелиас 32,4 хувиар тус тус өссөн байна.
Хятадаас гадна Энэтхэг улс нь ОХУ-аас хямдруулсан үнээр түүхий нефть импортолж байгаа. Ялангуяа хувийн өмчийн компаниудаар дамжуулан их хэмжээний нефтийг импортолж байгаа юм. Тухайлбал, өдөрт 400 мянган баррель нефть боловсруулах чадалтай "Hengli Petrochemical" үйлдвэр тавдугаар сарын эхээр Уралаас 730 мянган баррель түүхий нефть авсан гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Цайны сав гэж нэрлэгддэг жижиг боловсруулах үйлдвэрүүд Орос, Иран, Венесуэлээс "хориотой ачаа"-г худалдан авснаар илүү их ашиг хүртжээ.
Нөгөө талд Европын холбооны гишүүн орнууд өнгөрсөн оны худалдааны хоригоос хойш Оросын шатахууны импортыг 90 хувиар бууруулсныг "Евростат" Даваа гарагт нийтэлжээ.
Москва Украиныг эзлэн түрэмгийлэхээс өмнөх гурван жилийн хугацаанд Европын холбооны гишүүн орнууд Оросоос сар бүр дунджаар 15.2 сая тонн түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн импортолж байжээ. Гэтэл энэ нь энэ оны гуравдугаар сар гэхэд дунджаар 1.4 сая тонн болж буурчээ.
Оросоос авдаг нефтийн хэрэгцээг нөхөхийн тулд Европын холбоо нь АНУ, Саудын Арабтай худалдаагаа эрчимжүүлсэн. Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын түүхий нефтийг далайгаар импортлохыг хориглож, өнгөрсөн хоёрдугаар сард боловсруулсан бүтээгдэхүүний импортыг хориглосон бол хоолойгоор дамжуулан импортлох хэвээр байна. Европын холбоо нь 2027 он гэхэд Оросын бүх шатахууны импортыг зогсоохоор төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ